antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2011 Comments are off

Ардын нам сонгуульд орох эрхгүй

нийтлэсэн Admin

Гааг дахь олон улсын Эрүүгийн шүүх дээр Камбожийн улаан кахмеруудыг буюу коммунист намынхныг энэ өдрүүдэд шүүж байна. Дөрвөн сая иргэнийхээ амийг хөнөөсөн хэргээр удирдлагад нь байсан хэсэг хүн хүнд ял авахаар болж байгаа юм. Тэгсэн тэр намын хоёр дахь хүн байсан нэгэн бээр шүүх хурал дээр юу гэж хэлсэн гээч “Оросын Коммунист нам, Монгол Ардын Хувьсгалт нам нь ард иргэдээ бас хөнөөсөн шүү дээ” гэж хэлсэн байна. Ердөө долоохон хоногийн өмнө. Үүнийг нь AP, BBC зэрэг дэлхийн мэдээллийн сувгууд дамжууллаа. Дөрвөн сая хүн хядсан намын удирдлага Олон улсын Эрүүгийн шүүх дээр ингэж барьцан хэлснийг юу гэж ойлгох вэ. Өнөөдрийн Ардын нам буюу хуучин ху нарын үнэлэмж олон улсад ийм байна. Элэнцгийнх нь Социнтерн бэ. 1937 онд ард иргэдээ хэдэн мянгаар нь буудан хороосон шившигт үйлдлийг нь олон улсад ийнхүү сануулж байна. Хүн төрөлхтөн мартаагүй юм байна. Тэд мартаагүй байхад бид яахаараа мартах гэж. Энэ нам 1937 оноос хойш ч иргэдээ хэлмэгдүүлэн зовоосон шүү дээ. Нэгдэл коммун нэрээр иргэдийнхээ мал хөрөнгийг хуйгаар нь хураасан. Сэхээтний төөрөгдлөөр үргэлжлүүлсэн, иргэдийнхээ оюуныг хүртэл нийгэмчилсэн, ардчилсан хувьсгалын эсрэг улайран тэмцэж нийгмийн дэвшлийг уллан чангаасан нь ерэн оны хувьсгалаас хойшхи он жилүүдэд тод харагддагаар нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт нь эхэлнэ. Ерэн жилийн түүхэндээ ийм их хядлага, хөнөөл, хэлмэгдүүлэлт явуулж ирсэн энэ намыг ирэх сонгуульд оруулж болохгүй. Ерөөсөө болохгүй. Юу ч болж мэднэ.

Хоёрт энэ намын хөрөнгийг бүртгэмээр байна. Оросод 1991 онд Ельцин Коммунист намынхаа хөрөнгийг бүгдийг хурааж улс төрийн бүх намыг гарааны ижил нөхцөлөөс уралдуулсан. Үүний хүчинд өнөөдөр Оросод коммунистууд өндийж чадахгүй бусадтайгаа ижил түвшинд өрсөлдөж байна. Харин манайд хуучин ху нарт эд хөрөнгийг нь тэр чигээр нь үлдээсэн. Өнөөдөр өөрсдөө ч тоолж хүчрэхгүй тийм их хөрөнгө хогшилтой нам. Ийм баян намтай бусад нам өрсөлдөнө гэдэг дэндүү инээдэмтэй. Олон түмэнд харагдах уул хяр шиг байшингуудыг нь ядаж нүдэн багцаагаар тоолоод үз л дээ. Өрсөлдөгч Ардчилсан намынхыг нь бас нүдээр багцаал. Газар тэнгэр шиг ялгаатай байгаа биз дээ. Өнөө жижиг намуудыг бол бүр яриад ч хэрэггүй. Хөрөнгийн ийм чадавхитай намууд сонгуульд орно гэнэ. Ерэн жил бид төр барилаа гэж тэд сайрхдаг. Тэгж ярихын бол 90 жил төр барьсан чинь хууль бус шүү. Хэний санал хүсэлт, итгэл найдварыг тээж төр барьсан гэж. 70 жилд нь “Нам төр” гэж ярьж ирсэн. Төрийн дээр байдаг нам хүн төрөлхтний нийгэмд байж болохгүйг олон даяар мэднэ. Нам төр гэж явж ирсэн нь өөрөө дарангуйлал, дэглэм. Энэ хугацаанд ард түмний хөрөнгөөс ямар ихээр идсэний тод жишээ нь өнөөдрийн энэ их хөрөнгө нь. Хөрөнгө нь улсад бүртгэл тооллогогүй байдгийн жишээ бол шатсан, боссон барилга нь. Тэр том байр шатсаны дараа тэр шатаасан тэрнээс нэхнэ гэсэн нэхэмжлэх ерөөсөө гарч ирээгүй. Яагаад гэвэл эзэн гарлаа гэхэд эргүүлээд энэ чинь тэгээд хэний байшин юм бэ гэхэд хэлэх үг тэдэнд олдохгүй байсан юм. Хэнийх гэх юм. У.Хүрэлсүхийнх гэх юм уу. Угаасаа л ард түмний өмч юм чинь. Төрөөс дөрвөн тэрбумыг нөхөн төлбөрөөр авч том цагаан байраа босголоо гэнэ. Нэгдүгээр төрөхийг янзын сайхан янзлаад, тоног төхөөрөмжийг нь орчин үеийнх болгочих мөнгө. Монголын мянга мянган үрсэд буян болох тийм мөнгө. Тэгсэн МАН гэж луйварчид цугладаг сав босгоход зориулж байдаг. Сая байшингаа босгохдоо 14 тэрбумыг зарцуулсан гэнэ. Тодорхой шүү дээ, гишүүд нэртэй компанийн захирлууддаа тэрбум тэрбумын тендер өгөөд түүнээсээ хувь авсан хэрэг. Энэ намын эргэн тойронд энэ мэт дандаа ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйл явдал байнга өрнөж ирлээ. Удахгүй сонгууль болно. Ийм их хөрөнгөтэй, дээр нь төрөөс баяжсан хүмүүс, тэдний үр хүүхдүүд нийлж нэгдсэн, луйвар хийдэг нарийн технологи, сүлжээ, туршлагатай энэ намтай өрсөлдсөн ямар ч нам ялагдана. Энэ намын хар технологийг хүчрэхгүй байх, харин хөрөнгийг нь бүртгэж лацдах хэрэгтэй. Өнөөдрийн хуулиар ямар ч боломжгүй учир бусад намууд өөрсдийгөө золиослох шаардлагатай болох нь. Сонгуулийн наана Монголын улс төрийн бүх намууд татан буугдах хэрэгтэй. Тэгээд хөрөнгөө шинээр бүртгүүлж, тоолуулах гэхчлэн гарааны ижил нөхцөлийг бүрдүүлэх замаар МАН-ыг эд хөрөнгийг эмхэл. Ингэж л энэ намыг улс төрөөс зайлуулахгүй бол дахиад сонгууль болж луйвраа хийнэ, ард түмэн босно, хүний амийг хөнөөнө, байшингаа шатаана, шатаачихлаа гээд хэдэн сургууль, эмнэлэг барих мөнгийг улсаас нөхөн олговорт авна, тендер нэрээр гишүүддээ хэдэн тэрбум улсын мөнгө өгнө… гээд Монголын ард түмэн, Монгол Улсаар дахиад тоглож дуусах нь.  МАН гавьяагаа их ярьдаг. Бөөстэй монголыг сансрын монгол болгосон гээд. Хэн ч байсан хийх л байсан зуун. Хөгжихгүй гээд ч хөлд нь чирэгдээд хүн төрөлхтний 20 зууны урагшлах хэмнэлд ороод явах байсан цаг хугацаа юм. Гавьяа байгаа бол үгүйсгээд яахав. Гавьяа удахаараа гай болдог. Ерэн жил төр барьсныг чинь ард түмэн өнөөдөр 90 жилийн дэглэм гэж үздэг боллоо. Энэ дэглэмийнхээ хугацаанд ард түмнийхээ эсрэг юм юм хийснийг дээр цухас дурдлаа. Сэтгэлдээ нийцээгүй бүхнийг хядсаныг нь чинь хэллээ. Тэдний хийсэн хядлага хэлмэгдүүлэлт нь өнөөдрийнх шиг мэдээлэлтэй, даяарчлагдсан цаг үед болсон бол МАН-ынхан түүхийн тавцангаас арчигдах байлаа. Дэлхий юу гэж тэднийг давраахав. Гаагийн шүүхэд очно. Очих ёстой нам гэдгийг Олон улсад өнөөдөр барьцан дуудаж байна биш үү.  Өнөөдөр МАН-ынхан 1.5 сая төгрөг ард түмэндээ өгнө гэж хуурч төрийн эрхэнд гарчихаад одоо болохоор Таван толгойн хувьцаа гэж баригдаагүй уурхайн ашгаас өгнө гэж хуурч байна. Алаагүй үнэгний арьсыг ард түмэндээ хувааж өгөх гэнэ. Тэд дэглэмээ үргэлжлүүлэхийн тулд таван хүн буудан алж, 1000 гаруй хүн хэлмэгдүүлсэн үйл явдлыг өдөөсөн. Дэглэмээ үргэлжлүүлэхийн тулд ямар ч хуулиар сонгуульд орсон хамаагүй ялна гэж зарлаж байна. Ямар ч хууль дүрмийг уландаа гишгэж байж ялах юм шиг байна. Дээр нь энэ намын гишүүдээс Монголын толгой баячууд гарч ирсэн. Дандаа төрөөс баяжсан олигархиуд. Дэлхийн долоон тэрбум хүний зургаан тэрбум 999 сая нь ядуу, нэг сая нь л баян байдаг. Хүн төрөлхтөн түүхэндээ баячуудыг үзэн ядаж ирсэн. МАН-ын төрөөс баяжсан олигархиудыг хараад ард түмний нүд хорсож байна. Олигархиудаар толгойлуулаад сонгуульд ороход ард түмэн энэ намд санал өгөхгүй. Санал өгсөн ч ялахаар санал өгөхгүй. Сурснаараа луйвардаад яллаа гэж зарлах байх, тэд. Харин ард түмэн үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Луйврыг чинь эсэргүүцэх улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөнүүд, ард түмэн бэлэн байна. Тэр байтугай юм болно, юу долдугаар сарын 1 байтугай шүү. Тийм болохоор тэгж их эх орноо боддог юм бол сонгуульд оролцохгүй өнжих хэрэгтэй байна. Энэ нь та бүхэнд өлзийгөө өгнө. Тэгэхгүй бол олон тэрбумын цагаан байшинг чинь дахин шатаахыг юманд бодохгүйгээр намын олигархиуд руу нь ард түмэн дайрах байх шүү.

П.ХАШЧУЛУУН 

 “ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car