
ОСНААУГ анх “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулахдаа оршин суугчдаас сайн дүрийн үндсэн дээр даатгал авна гэж байгуулсан. Гэвч “Хаан даатгал” ХХК гэрээний үүргээ зөрчин оршин суугчдын саналыг харгалзахгүйгээр, шууд даатгал авдаг болох нь тогтоогдсон.
Энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Баттуяа “Манайх тэр даатгалын мөнгийг хураагаад өөртөө зарцуулдаг байгууллага биш. Зөвхөн гүүр байдлаар ажилладаг. “Хаан даатгал” ХХК-иас гэрээний хүрээнд анх 50 гаруй мянган өрхөөс асуусны үндсэн дээр сайн дураар даатгалд хамрууллаа гэж мэдээлж байсан.
Бид тэр олон айлын зузаан хавтсыг нэг бүрчлэн шалгах боломж байдаггүй. Харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтарч ажиллаж байсан. Гэтэл “Хаан даатгал” ХХК иргэдээс сайн дураар даатгал аваагүй болох нь илэрсэн. Тиймээс гэрээгээ цуцлахаар болсон” гэсэн тайлбар өгөв.
ШӨХТГ өнгөрсөн сард өгсөн мэдээлэлдээ “Хаан даатгал” ХХК сайн дураар гэрээ хийгээгүй даатгалын мөнгө төлж байсан иргэдэд мөнгийг буцаан олгохоор болсон гэсэн. Гэтэл “Хаан даатгал” ХХК-иас “Иргэдэд нөхөн төлбөрийг олгож байгаа. Одоогоор 100 орчим өрхөд даатгалын мөнгийг нь олгоод байгаа” гэх тайлбарыг бас өгчээ.
Ямартай ч, иргэн таниас саналыг тань асуугаагүй мөртлөө даатгал хэмээн 1500 төгрөгийг байрны мөнгөн дээр давхар авч байсан бол үүнийгээ нөхөн авах боломжтой юм. “Хаан даатгал” ХХК-ийн байранд даатгал төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хамт авчирч төлбөрөө авч болно гэдгийг өнөөдрийн хурал дээр мэдэгдлээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.