antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

З.Энхболд: Ц.Дашдорж гишүүн “Энэ хуулийг битгий гаргаач” гэж гишүүдээс гуйгаад явж байгаа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн З.Энхболдтой өнгөрөгч мягмар гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа ярилцсанаа хүргэж байна.

-Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад яригдаж байсан асуудлууд нэлээд цэгцэрсэн нь ажиглагдаж байх шиг байна…

-Ажлын хэсэг дээр цөөнх болсон нэг асуудлаа байнгын хорооны гишүүдээр дэмжүүлж чадлаа. Өмнөх чуулганаар ороод батлагдчихсан байсан төрийн албан хаагч, төрийн өмчит компанийн захирлууд УИХ-д нэр дэвшье гэж бодож байгаа бол сонгуулийн жилийн нэг сарын 1-нээс ажлаа өгөх тухай заалтыг буцаагаад сэргээлээ. Чуулганы хуралдаанаар баталчих болов уу гэж бодож байна. Ерөөсөө манай төрийн албаны сүүлийн 20 жилийн явж байгаа хандлага нь төрийн алба улс төрийн албатайгаа цуг болчихсон. Энэ хоёр тусдаа байх ёстой. Төрийнхөө албаар явсаар тэтгэвэртээ гардаг тогтолцоо байх хэрэгтэй. Тийм болохоор улс төрд явъя гэсэн хүн нь тусдаа байж, сонгуулийн дараа зөвхөн сайд солигддог бусад нь хэвээрээ байдаг болох ёстой юм. Гэтэл сүүлийн хэдэн жил төрийн нарийн бичиг юм уу, яамны нарийн бичгийн алба хашиж, албан тушаалаараа олон түмэнд нэр хүнд олж аваад сонгууль болохоор нэр дэвшчихдэг. Тэд гишүүн болбол цааш явна, уначихвал төрийн албаа үргэлжлүүлээд хашдаг байсан. Үүнийг болиулахын тулд төрийн албан хаагч нэр дэвшихээсээ өмнө ажлаа өгдөг байхаар хуульд тусгасан. Энэ нь УИХ-ын зөв шийдвэр байсан.

-Сая санал хураахдаа гурван сарын өмнөөс гэсэн томъёоллоор хураасан. Энэ саналыг ажлын хэсгээс оруулж ирсэн юм уу?

-Ерөнхийлөгчийн зүгээс санал оруулсан.

-Ирэх сарын 1-нээс ажлаа өгөөгүй хүн нэр дэвших эрхгүй гэсэн үг үү?

-Тийм. Ирэх сонгуульд нэр дэвших гэж байгаа төрийн албан хаагч болон төрийн өмчийн компанийн захирлууд бүгдээрээ нэгдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа гарах ёстой. Тэгж байж нэр дэвших эрх нь үүснэ. Тэгээгүй тохиолдолд нэр дэвшигчийн бүртгэлд бүртгэж, үнэмлэх олгохгүй байхаар хуульчилсан.

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан л бол нэрээ татах гэх мэт асуудлыг хориглож байгаа гэл үү?

-Нэрээ татсан хүний оронд нөхөж нэр дэвших нь гэрчилгээнээс өөр юмгүй, цаасан дээр байдаг намуудад бизнес болчихоод байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар “Монголын залуучуудын нам” бил үү, нэг нам 76 тойрогт нэр дэвшүүлсэн байгаа юм. Тэгснээ АН, МАХН гэсэн том намуудад хандаж, танай тойрог дээр дэвшүүлсэн хүнээ татаж болно. Үүний тулд мөнгө өг гэж сонгуулийг наймааны хэрэгсэл болгосон байсан. Энэ бусармаг байдлыг шинэчилсэн хуулиар алга болгож байна. Өөрөөр хэлбэл, дахин болон нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчээ татаж авахыг болиулж байгаа. Үүгээрээ нэгдүгээрт, гэрчилгээнээс өөр юмгүй намуудын шантааж хийх боломжийг хааж байгаа.

Хоёрдугаарт, энэ удаагийн саналын хуудас нь машинаар тоологдоход зориулагдсан байх учраас өмнөхөөсөө өөр байна. Өндөр өртгөөр хэвлэгдэнэ. Ингэж хэвлэсэн учраас сонгууль болохоос хэд хоногийн өмнө нэр дэвшигчийн нэрийг өөрчилж, дахин хэвлэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэр дэвшигчийг эргүүлэн татах, нөхөж хүн оруулах гэсэн асуудлыг хориглож байгаа юм.

-Биеийн байдлаас болж сонгуульд гэнэт оролцож чадахгүй болвол яах вэ?

-Санал нь тэр чигээрээ хураагдаад л явна. Нас барсан, эсвэл шийтгүүлээд явсан гэх хоёр тохиолдолд л намуудын нэр дэвшигчээ солих буюу татаж авахыг зөвшөөрч байгаа.

-Сонгогчийн шилжилт хийхийг хэд хоногийн өмнөөс хориглох вэ?

-Сонгууль болохоос 30 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийхгүй байх гэдэг заалт дэмжигдсэн. Харин шилжсэн тохиолдолд хуучин хаяг дээрээ сонгуулиа өгнө.

-Хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн байгууллагад ногдуулах торгуулийн хэмжээг хоёр дахин багасгасан юм уу?

-Тэгсэн. Хэвлэлийн материал, телевиз радиогийн нэвтрүүлгийг нь эрхлэн гаргагч байгууллагаас нь өөр газарт бэлтгэсэн бол торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулахаар тусгасан. Харин тухайн байгууллага өөрөө хэвлэсэн бол хуучин хэвээрээ торгуулиа төлнө гэсэн үг.

-Тэгвэл тухайн материалын захиалагч буюу нэр дэвшигч ямар торгууль хүлээх вэ?

-Нэр дэвшигч, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй яг ижил торгууль төлөхөөр болсон.

-Сонгогчдод мөнгө тараасан зэрэг үйлдэл хийвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Ц.Даваасүрэн гишүүний саналыг та юу гэж бодож байгаа вэ?

-Мөнгө тараадаг байдлыг Эрүүгийн хэрэг үүсгэх замаар гишүүн болсон хойно нь ч татаж болдог хатуу зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол өнөөдөр хэдэн төгрөгөөр торгуульчихаад мөнгөө тараагаад явах боломжтой байгаа юм. Харин сая Ц.Даваасүрэн гишүүний саналаар энэ асуудал хаагдаж байна. Сонгуулийн сурталчилгаа зөвшөөрөгдсөн хоногуудад мөнгө тараах, дайллага цайллага хийх, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, буяны байгууллагын нэрээр элдэв зүйл тараах гэх мэт үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 130.2 буюу сонгогчийн саналыг худалдан авах гэдэг зүйл ангиар шийтгүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.

-Энэ нь гэхдээ жижиг асуудал үүсэхэд л Эрүүгийн хэрэгтэн болгоод байх юм биш үү?

-Дөрвөн үндэслэлтэй байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд сонгогчдын саналыг худалдан авах зорилготой байсан эсэхийг нотлох ёстой. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг бол мөрдөн байцаалт явуулна. Прокурор ялын дүгнэлт бичиж, шүүхээр орно. Энэ үйлдлийн дүнд үнэхээр Эрүүгийн хууль зөрчсөн байна уу гэдэг нь ялгараад л үлдэнэ.

-Х.Баттулга сайдын саналыг санаачлагчдын нэг болно гэж та хэлсэн. Ямар учраас ингэсэн юм бэ?

-Би төсөл санаачлагчдын нэг болж байгаа юм. Ер нь бол архи, тамхины асуудал манай улсад гамшгийн хэмжээнд оччихсон байгаа. Олон жилийн турш УИХ, Засгийн газар архи, тамхитай тэмцэх нэгдсэн бодлого гаргаж чадахгүй л байна. Хамгийн сүүлд Засгийн газраас Тамхины тухай хуулийг оруулж ирсэн боловч УИХ-аар батлалгүй жил гаруй болж байна. Ний нуугүй хэлэхэд, “Монгол тамхи со” гэдэг компанийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэ хуулийг битгий гаргаач гэж гишүүдээс гуйгаад яваад байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийг гаргах хүсэлгүй байгаа.

Архи, тамхи бол онцгой бизнес. Онцгой татвар төлдөг. Тийм болохоор УИХ-аас хол байх ёстой. УИХ, Засгийн газар нь архи, тамхитай тэмцэх бодлогоо энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нөлөөгүйгээр гаргах цаг нь болсон. Архины лиценз, худалдаалах цэгүүдийн тоог цөөрүүлэх, насанд хүрээгүй хүүхдэд зарсан бол хариуцлага хүлээлгэх гэдэг бодлогыг бие дааж хиймээр байгаа юм.

-Гэхдээ гишүүд энэ саналыг дэмжсэнгүй…

-Харамсалтай нь дэмжигдсэнгүй. Чуулган руу орно. Бид дахин цөөнх болно.

-Х.Баттулга сайд саналаа хоёр ч удаа тавиад дэмжигдсэнгүй. Тийм болохоор дахин дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй юм биш үү?

-Чуулган дээр дахин ярьж үзнэ. Яах нь уу, харъя.

-Ийм төрлийн бизнес эрхлэгчдийг УИХ-д оруулахгүй байснаараа манай гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал шийдэгдэж чадна гэж үү?

-Асуудалтай тэмцэх нь өөрөө сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нөлөөнөөс арилна гэсэн үг. Өнөөдөр гишүүд “Хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй” гэдэг гоё зүйлээр татгалзаж чадаж байна. Цаанаа бол архи тамхиныхны “Та нар үүнийг битгий батлаач” гэсэн гуйлт л явж байгаа шүү дээ.

-Таны яриаг намын дотоод асуудалд хандуулъя. Энэ долоо хоногийн сүүлээр ҮЗХ хуралдана гэсэн яриа байна. Тийм үү?

-Надад тов ирээгүй байна. Тийм учраас хариулах боломжгүй юм. Төсөв гэж хоёр сар завгүй байсан. Одоо Сонгуулийн хуулийнхаа ард энэ тав дахь өдөр гарчих юм бол намынхаа тухай бодох зав гарах байх гэж бодож байна.

-ҮЗХ-ны хурлаар намын удирдлагын асуудлыг ярина гэх мэдээлэл ч байгаад байна?

-Дүрмээрээ бол намын удирдлагыг Их хурлаар шийддэг. ҮЗХ-ны хурлаар АН-ын Хамтарсан засгаас гарах тухай л ярих ёстой. Ингэх цаг нь болсон гэж бодож байна.

-УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэдхэн сараар тоологдож байгаа үед энэ нь зөв шийдэл биш гэх хүмүүс бий?

-Энэ бол гарахгүй гэсэн бодолтой хүмүүсийн л яриа. Нэг үеийг бодвол гаръя гэсэн санаатай АН-ын гишүүдийн тоо олон болж байгаа.

-Таны тэргүүлдэг АХХ МоАХ-той нэгдэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Ер нь Хамтарсан засагтай холбоотой асуудлаар санал нэг байгаа.

-Тэгвэл нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Цаг хугацаа харуулна биз дээ.

Т.ГЭРЭЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car