Туулын эрэг дээр урцанд амьдарч байсан Н.Ухнабаатарынх хэмээх гэр бүлийн талаар бид өмнө нь хэд хэдэн удаа сурвалжилж байсан билээ. Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Баянзүрх дүүргийн XI хороо болон сайхан сэтгэлт иргэд өнгөрсөн сард тус айлд таван ханатай гэр, утаагүй зуух, хүнсний зарим бүтээгдэхүүнээр тусалсныг бид мэдээлсэн.
Түүнчлэн 3-6 насны хоёр охиныг нь хоол тэжээлийн дутагдлаас гаргах сувилгаа, эмчилгээнд хамруулж, түнхний мултрал засах мэс засалд оруулахаар төлөвлөөд байсан юм. Энэ талаар нийслэлийн Хүүхдийн төлөө газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Нарангэрэлээс тодрууллаа.
-Охидыг түнхний мултрал засах мэс засалд оруулахаар төлөвлөж байсан. Юу болсон бэ?
-Үжин, Ирмүүн хоёрыг мэс засалд шууд оруулах боломжгүй. Учир нь маш их сульдаатай, хоол тэжээлийн дутагдалтай, хавсарсан суурь өвчин ихтэй. Тиймээс эхний ээлжинд сувилалд эмчилж, тодорхой үр дүн гарсны дараа мэс засалд оруулах боломжтойг Гэмтлийн эмнэлгийн мэс заслын эмч нар зөвлөсөн. Харамсалтай нь өвлийн улиралд охидыг сувилалд хүргэж өгч, авах боломж аав, ээж хоёрт нь байхгүй. Учир нь гэрийнх нь тэндээс автобус, унаа хотын төв рүү ирдэггүй. Иймд дулаан ортол гэрт нь байлгахаас өөр аргагүй болоод байгаа.
-Аав, ээж хоёрынх нь архи уух зуршил багасаж байгаа эсэхийг тандаж, мэдэв үү. Бас аав, ах нарыг нь ажилд оруулсан болов уу?
-Аав, ээж хоёрынх нь буруу зуршил бага багаар арилж байгаа. Ялангуяа аав нь их засарсан. Тэднийг ажилд оруулахаар ярьж байгаа гэсэн. Архины хор уршгийн талаарх хэд хоногийн сургалт үр дүнгээ олон хүнд өгсөн гэж хорооных нь Засаг дарга ярьж байсан.
-Хэдэн сард охидыг эмчилгээнд хамруулах авах вэ. Тэдний биеийн байдал маш муу, амьдрах орчин нь хэцүү юм билээ. Хавар болтол асрах газарт ч юм уу байлгаж болохгүй юм уу?
-Охидын биеийн байдал муу байгаа нь үнэн. Гэрт нь байлгах шийдвэрийн хувьд аав, ээж нь хоёр хүүхдээ байхгүй бол улам их архи уух болов уу гэж бид болгоомжилсон. Тиймээс охидоор дамжуулан эцэг, эхийнх нь сэтгэл зүйг засах, гэрт нь байлгах, төлөвшүүлэхээр төлөвлөсөн юм. Дулаан орохоор охидыг сувилалд хэвтүүлж, эмчилгээ хийнэ.
Б.Март
Холбоотой мэдээ
Comments are closed.