Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хийсэн бөгөөд үүний дараа эрхэм Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа.
1957 оноос хойш Болгарын талаас үзүүлсэн техникийн тусламжаар 500 гаруй иргэн тус улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ. Болгарын Ерөнхийлөгч тус улсад мэргэжил эзэмшсэн монгол иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Эдгээр төлөөлөгчид өнөөдөр эх орондоо алдарт дуучид, төрийн сайд, парламентын гишүүн, мэдээллийн технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүс болсонд бахархаж буйгаа Ерөнхийлөгч Росен Плевнелиев уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төрийн айлчлал болж буйд талархаж байгаагаа илэрхийлж, ноён Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зохион байгуулагдаж буй Монгол, Болгарын бизнес форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Болгарын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан энэ онд Болгарын Софи хотноо болох бөгөөд тус хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбар Болгар улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг юм. Уулзалтын үеэр дээрх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн хоёр орны газар зүйн байршлын давуу талыг ашиглан өөрсдийн орны эдийн засгийн боломжийн талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өнөөдөр Монгол, Болгарийн бизнес форумд оролцоно.
Холбоотой мэдээ
Comments are closed.