Манай улсын 17 иргэн хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөн улсын хилээр нэвтрүүлсэн хэргээр БНХАУ болон Макаод баривчлагдан шалгагдаж байна.Гэхдээ энэ бол зөвхөн оны эхний арван сарын хугацаанд бүртгэгдсэн тоо.
Харин БНХАУ-д хар тамхины хэргээр есөн монгол иргэн ял эдэлж, 14 иргэн урьдчилсан мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт энэ төрлийн гэмт хэрэгт монголын долоон иргэн холбогдсон. Хар тамхины хэргээр өмнөд хөршид ял эдэлж байгаа монгол иргэдийн дөрөв нь цаазаар авуулах, хоёр нь хугацаагүй хоригдох, гурав нь 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэсэн баримт байна.
Тус улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдод оноох шийтгэл нь хатуу, тэр тусмаа гадаадын иргэдэд цаазын ялаас өөр ял ногдуулдаггүй гэхэд хилсдэхгүй. Манай улс БНХАУ-тай ялтан солилцох гэрээ байгуулж, хүний нутагт ял эдэлж байгаа иргэдээ нутагт нь авчрах тухай яригдсаар байгаа.
Харин саяхнаас урд хөршид хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хоёр монгол иргэнийг ялтан солилцох гэрээгээр нутагт нь авчрах тухай мэдээлэл цацагдах боллоо. Тэдний нэг 15, нөгөө нь 20 жил хоригдох ялаар шийтгүүлсэн хүмүүс аж. Тэдний талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Ялтан солилцох гэрээгээр хоёр хүн авчрах тухай яригдаж байгаа нь үнэн.
Гэхдээ тэдний нэр болон дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй” гэв. Мөн тус улсад хар тамхины хэргээр ял эдэлж, шалгагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь манай улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд, ойр дотныхон байдаг гэх сураг бий. Хэрэв энэ үг ортой бол манай төрийн томчууд үр хүүхдүүдээ үхлийн ялаас мулталж, эх орондоо ялыг нь эдлүүлэхийн тулд ялтан солилцох гэрээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх нь гарцаагүй.
Хамгийн сүүлд гэхэд хоёр монгол залуу мөн л дээрх хэргээр хятадад саатуулагдсан. Тэдний нэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү гэх мэдээлэл зарим өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Үүнийг Д.Ганхуягаас тодруулахад “Энэ бол худал мэдээлэл. Барвчлагдсан залуусын хэн нь ч Г.Баясгалангийн хүү биш” гэж мэдэгдлээ.
Мөн л хар тамхи зөөвөрлөсөн хэргээр өмнөд хөршид ял эдэлж байгаа Ж.Дамдингийн цаазаар авах ялыг хоёр жилийн хугацаатай хойшлуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын удирдлагуудад Ж.Дамдины ялыг дахин хянаж, цаазаар авах ялыг нь өөрчлөх хүсэлт тавьсан.
Гэвч хятадын талаас энэ хэрэгтээ холбоотой ямар нэгэн албан бичиг манай улсын ГХЯ-д ирүүлээгүй, хариу өгөөгүй байна. Тус улсын шүүхээс Ж.Дамдины ялын гүйцэтгэлийн хугацааг хойшлуулж, хорих шийдвэр гаргасан нь дээрх хүсэлтийн хариу гэж ойлгож болохоор ажээ. Ж.Дамдин хоригдох хугацаандаа ёс зүйтэй байх юм бол хэргийг дахин хянаад, ялыг нь өөрчлөх боломжтой юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.