Энэ сарын 01-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас их орж , түүний дотор 9 аймгийн 45 суманд (Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Хотонт сум, Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий, Цагааннуур сум, Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дундговь аймгийн Говь-Угтаал, Дэлгэрцогт, Луус, Сайнцагаан, Цагаандэлгэр, Хулд, Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Хархорин, Хужирт, Хархорин сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Аргалант, Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант сум, Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Өмнөговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум) цаг агаар нэлээд хүндэрсэн.
Энэ үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд шуурхай ажиллаж, шуурганд төөрсөн 135 иргэнийг эсэн мэнд олжээ. Тэдний 90 нь малчин бөгөөд малтайгаа шуурганд уруудсан байна. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тус бүр нэг, Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг иргэн эндсэн байна.
Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 өрхөд 44 тн өвс, 10 тн тэжээл, 3 тн нүүрс, 562 шуудай мод, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 600 боодол өвсийг тус аймгуудын Онцгой байдлын албаныхан хүргэж өгчээ.
Цасан шуурганы үеэр Булган, Төв аймгийн нутагт урьдчилсан байдлаар 8000 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүллээ.
Цаашдаа 9-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 10,11-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд Алтайн уулсаар, 11-нд баруун болон говийн нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Холбоотой мэдээ
Comments are closed.