antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

Монголын нялх үрс архинд дэвтэж, эхнээсээ амиа алдлаа

нийтлэсэн Admin

-ЭЭЖДЭЭ НАЙРКА ЗӨӨХ ДОЛООН НАСТАЙ ХҮҮ, ТҮҮНЭЭС НЬ ХҮРТЭЖ АМИА АЛДСАН 13-ТАЙ ХҮҮХЭД ЭМГЭНЭЛ БИШ ГЭЖ ҮҮ-

Залуучуудын дунд од гэгддэг урлаг соёлынхны “Ерөөл өргөж амьдарцгаая”, “Алсын хараатай амьдарцгаая”, “Монгол стандартыг тогтооё”, “Нийслэлчүүд “Нийслэл” шар айргаа л уудаг юм байна” гэх мэт ил, далд сурталчилгааг цаг тутамд бид үзэж байна. Гунхсан сайхан бүсгүй, царайлаг хархүүтэй хундага тулган, баяр тэмдэглэж хүлээн авалтад оролцож буй дүр зураг үдэш бүр телевизээр гардаг.

Ийм мэдээллээр хүссэн хүсээгүй бөмбөгдүүлж байгаа хүүхдүүд “Баяр тэмдэглэхэд архи ууж, хундага тулгадаг юм байна. Архи уувал ийм гоё ах, эгч шиг харагдах нь” гэсэн ойлголттой болж байгаа. Архи сурталчилсан, үйлдвэрлэгчдийг нь хөхиүлэн дэмжсэн бодлого нялх үрсийг минь архины дэвтэй болгочихож. Бүр эхнээсээ архинд хордож амиа алдлаа. 13-хан настай хүү архинд хордож амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа сурвалжилж хүргэсэн билээ. Тэр хүү архи ууж үзээгүй байсан гэнэ лээ. Харин амьдарч буй орчин нь архичдаар дүүрэн. Сургуульдаа явахаар автобусны буудал ороход л бүлэг архичид шүлсээ үсчүүлэн угтдаг. Найзуудынх нь аав, ээж бүгд архичин. Гэрийнх нь дэргэдэх дэлгүүр 1500 төгрөгийн үнэтэй найруулсан архи зардаг. Хамт тоглодог хүүхдүүд нь архичин аав, ээждээ найркаг нь зөөж өгдөг. Бас хоорондоо “Архийг ундаатай хольж уувал гоё ордог байхгүй юу” гэж ярьцгаах. Юм бүрийг дагаж дуурайх шилжилтийн насан дээрээ байгаа хүүхэд томчуудын дурлаж уугаад байгаа архийг ууж үзээд хордож амиа алдсан юм.

Төрийн түшээд, эрхэм эцэг эхчүүд, архи үйлдвэрлэгчдэд дохио өгсөн энэ эмгэнэлт үйл явдлыг бид сурвалжилж байгаа билээ.

ЭМЭЭ, ЭЭЖ, АХ БҮГД АРХИЧИН

Бид хэрэг гарсан Чингэлтэй дүүргийг дахин зорилоо. Чингэлтэй рүү явдаг автобусны эцсийн буудалд өнөөх л архичид бөөгнөрч, чимээ шуугиан дэгдээсэн хэвээр. Уржигдар хэрэлдээд сүйд болж байсан хоёр эвлэрчихсэн, инээж хөхрөөд сүйд. Тэд амласан ёсоороо долоон настай хүүгийн гэрийг зааж өглөө. Нэг архичин эр “Тэр бацааны ээж Золоо чинь ахынх нь амраг ш дээ. Гайгүй хүүхэн бий. Одоо алга. Бид хоёр суух байхаа. Би хоёр дагавар хүүхэдтэй болох гээд байна. Тэр эмгэн хоёр хүүхдээ өгөхгүй байх” гэж эв хавгүй инээхэд бусад нь цаашлуулж “Золоо чамд нэг сөөвгөр юм гаргаад өгчихнө биз. Хүний шээсээр яах юм” гэх. Тэдний яриаг удаан сонсох түвэгтэй байсан учраас Золоо гэгчийн гэр рүү явлаа. Уулын бэлд том хашаатай, модон улаан байшин байгаа нь Золоогийнх гэнэ. Хашаа цэвэрхэн, байшин нь ч үзэмжтэй юм. Үүдний өрөөнд эвхдэг ор тавьсан дээрээ салбархай гудас хаячихсан харагдана. Байшинд нэг эмгэн галынхаа эргүүлгийг арчиж сууна. Том өрөөнд ногоон алаг өмдтэй залуу хэвтэх юм. Эмгэнийг Д.Дагийсүрэн гэдэг. 64 настай. Түүний том охин өнөөх Золоо гэгч. Түүнийг Д.Золзаяа гэдэг бөгөөд 37 настай. Золзаяагийн дүү Д.Аззаяа гэдэг залуу бий. Д.Золзаяа, Д.Аззаяа хоёр хоёулаа ажилгүй. Д.Аззаяа арай л гудамжинд гараагүй ч архичин. Д.Золзаяа бол хааяа нэг гэртээ ирдэг, гудамжны архичин гэж байгаа. Д.Золзаяагийн хоёр хүү эмээгийнхээ нөмөрт л өдөр хоногийг өнгөрөөдөг аж. Архичин ээж нь хааяа гэртээ ирэхдээ хүүхдүүдээ зодож, ээж дүү хоёртойгоо хэрүүл шуугиан дэгдээхээс гавихгүй. Д.Золзаяагийн том хүү наймдугаар ангид сурдаг. Харин бага нь долоон настай (Тэр хүүгийн ээждээ авсан архийг нь 13 настай хүүхэд ууж амиа алдсан талаар өмнөх дугаарын сурвалжлагад бий). Хүүхдүүдийн эмээ Д.Дагийсүрэнтэй ярилцлаа.

-Танай охин Д.Золзаяа яагаад хүүхдүүдээ ойшоодоггүй юм бол?

-Мэдэхгүй юм даа. Архи уудаг л хүн байх юм. Найзындаа л амьдардаг гэсэн. Хааяа нэг гэртээ ирдэг.

-Гэртээ ирэхдээ хэрүүл шуугиан дэгдээгээд сүйд болдог гэх юм. Хоёр хүүхдээ яагаад зодоод байдаг юм бэ?

-Хэрүүл хийгээд байдаггүй. Хүүхдүүдээ зодох нь гайгүй шүү дээ. Ээж хүн ганц нэг гар хүрэлгүй яах вэ.

-Та охиноо ээжийн үүргийг гүйцэтгэж байна гэж хэлэх үү. Үүргээ биелүүлдэггүй ээж хүүхдээ зодох нь зөв үү?

-Би байхад энэ хоёр алзахгүй ээ. Тэр хүнийг би яаж мэдэх вэ дээ. Одоо ч алга.

-Та хоёр зээгээ яагаад хоёр өөр сургуульд сургадаг юм бэ?

-Манай нэг охин сургуульд багш хийдэг юм. Ухаандаа томыг нь тэр охиныг бараадуулсан санаатай. Ойрд хичээлдээ явахгүй байгаа. Ханиад хүрчихсэн.

-Золзаяа яагаад хүүхдүүдээрээ архи зөөлгөөд байдаг юм бэ. Та ээжийн хувьд загнаж болдоггүй юм уу?

-Юу гэж миний үгэнд орох вэ дээ. Бага хүүгээрээ л архи авахуулаад байдаг юм.

-Танай зээгийн дэлгүүрээс авсан архинд өөр нэг хүүхэд хордож нас барсныг сонссон уу?

-Тэр хүү архийг нь булаагаад зугтчихсан гээ биз дээ. Хүү араас нь хөөгөөд гүйцэхгүй байхаар нь гэртээ ирсэн гэсэн. Ээжээсээ айгаад араас нь хөөсөн байх, хөөрхий. Тэгээд л тэр хүү нас барчихсан гээ биз дээ.

-Танай зээ нар архи уудаг юм биш биз?

-Юу гэж дээ.

-Та архи уудаг уу?

-Үгүй.

-Зээ нар чинь хааччихсан юм бэ?

-Том нь өглөө л гарсан. Бага нь хичээлээсээ ирээд л гараад алга болсон. Энэ хавиар л явж байгаа байх.

-Танайх сард хэдэн төгрөгийн орлоготой вэ. Яаж амьдардаг хэрэг вэ?

-130 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Дээр нь 21 мянгаа авдаг.

-Зээ нарын чинь Хүний хөгжил сангийн мөнгийг ээж нь авдаг уу?

-Би авдаг. Хүүхдүүдэд нь хувцас авчихдаг юм гэв.

Д.Дагийсүрэн гуай ингэж ярьсан. Харин ойр хавийнхан нь энэ айлыг андахгүй юм. “Эмээ ч бас хүүхдүүдтэйгээ архидаад л хэрүүл зодоон болдог хэцүү айл. Хоёр хүүхэд хэцүү орчинд амьдарч байгаа даа. Болдог бол хоёр хүүхдийг архичдаас холдуулчихмаар байдаг” гэцгээж байсан юм. Хорооны ажилтан хүртэл тэднийг архичин, хэл ам ихтэй хэцүү айл гэж байв.

arhi

“ЭЭЖ АРХИ УУДАГГҮЙ, ХИЧЭЭЛ ХИЙХ ЗАВТАЙ БОЛ ГОЁ”

Д.Золзаяагийн долоон настай хүүг хайж тэр хавиар нэлээд эргэлдлээ. Автобусны буудлын дэргэдэх дэлгүүрийн эзэд, гудамжны архичид тэр хүүг андахгүй юм. Нэлээд хүлээсний дараа өнөөх хүү “Баян Чингэлтэй худалдааны төв”-д ороод ирлээ. Нүдэнд дулаахан, хөөрхөн бор хүү юм. Үс нь үл ялиг ургасан ч өөрт нь зохижээ. Архичны хүү ноорхой хувцастай, царай дарсан амьтан байгаа гэж төсөөлж байсан маань өөрөөр эргэлээ. Ногоон өнгөтэй, цэвэрхэн хүрэм өмчихөж. Гутал нь ч цэвэрхэн юм. Гэхдээ тэр хүүгийн нүдэнд айдас хурчихаж. Доошоо харж ярина. Зарим үед хоолой нь зангирах нь өрөвдөлтэй. Мөнгө өгөөд “Өөртөө юм аваарай. Ээждээ өгч болохгүй шүү” гэхэд “За” гээд гутлынхаа түрийнд хийх юм. Архичдын дэргэд өсч буй тэр хүүтэй ярилцлаа.

-Миний дүү онц сурдаг уу. Сургуульд сурах гоё байна уу?

-Онц сурдаггүй юмаа. Сургуульд явах гоё.

-Яагаад онц сурдаггүй гэж?

-Даалгавраа хийсэнгүй гээд багш загнаад байдаг юм. Даалгавар хийх гэхээр ээж дуудаад байдаг.

-Яах гэж дууддаг юм бэ?

-Дэлгүүрээс архи авахуулдаг. Дэлгүүрийн Ягаанаа (“Баян Чингэлтэй худалдааны төвийн эзэн”) эгч ээжийг хөөгөөд байдаг юм. Тэгээд надаар архи авахуулдаг. Ягаанаа эгч надад сайн.

-Архи авахаар чамд чихэр өгдөг юм уу?

-Үгүй ээ. Дэлгүүрт нь орж дулаацахаар хөөдөггүй юм. Ээж архины мөнгөө тааруулаад өгчихдөг.

-Ээж чинь өдөрт хэдэн удаа архинд явуулдаг юм бэ?

-Заримдаа дөрөв, таван удаа явуулдаг. Тэр бүрт Ягаанаа эгчээс архи авдаг. Нэг удаа 1000 төгрөг өгөөд архи авахуулсан.

-Архи авахдаа чамд чихэр, дэвтэр авах мөнгө илүү өгдөг үү, ээж нь.

-Чихэр авч өгч байгаагүй. Эмээ дэвтэр, бал аваад өгчихдөг юм.

-Энэ гоё хүрэм хэн авч өгсөн юм бэ?

-Эмээ. Эмээ л агаа бид хоёрт хувцас авч өгдөг.

-Миний дүү өдөрт өлсдөг үү?

-Эмээ гамбир хийгээд өгчихдөг юм.

-Ээж нь чамайг зоддог уу?

-Юм унагачихлаа гээд толгой руу зодоод байдаг. Бас эмээ, том ах хоёртой зодолдоод байдаг. Тэгэхээр нь агаа бид хоёр гараад зугтчихдаг.

-Архи уудаггүй ээжтэй баймаар байна уу?

-Тийм. Гэртээ гоё тоглоод, ээжтэйгээ баймаар л байдаг. (нулимс унагав )

-Миний дүү архи ууж үзсэн үү. Яагаад ах нараа архиар дайлсан юм бэ?

-Архи ууж үзээгүй. Тэр өдөр ээж хоёр удаа архи авахуулсан. Сүүлийн архийг нь Ягаанаа эгчээс аваад гараад иртэл Жоохноо ах (талийгаач) аваад зугтчихсан. Ээж зодох байх гээд араас нь уул руу хөөсөн ч гүйцээгүй. Тэгээд Жоохноо ах, Нараа ах (Наран-Оргил) хоёр архи уусан гэсэн.

-Чи энэ тухайгаа тэр дор нь Жоохноо ахынхаа ээжид хэлж болоогүй юм уу. Жоохноо ахаа яаж таньдаг юм бэ?

-Ээжээс айгаад уйлмаар санагдаад байсан юм. Жоохноо ах манай агаагийн найз. Бид гэрт нь тоглодог байсан юм.

-Архийг ундаатай холиод уух гоё уу?

-Ээж тэгж хэлдэг юм. Тэгээд Жоохноо ахад байсан 300 төгрөг дээр Нараа ахын 200 төгрөгийг нэмээд ундаа авсан.

-Цагдаа нар чамтай ярилцсан уу?

-Таны асуусан юмыг л асуусан гэв.

Г.УУГАНЦЭЦЭГ: ТОМЧУУД Л УРУУ ТАТААД БАЙХ ШИГ БАЙНА

Архи ууцгаасан хүүхдүүд Нийслэлийн 37 дугаар сургуульд сурдаг. Талийгаач, Наран-Оргил хоёр есдүгээр анги. Харин долоон настай хүү хоёрдугаар анги.

Бид тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Талийгаач ямархуу хүүхэд байсан бэ?

-Ер нь хичээл тасалдаггүй, хүний үгээр байдаг сайн хүүхэд байсан. Хоёр удаа хичээл таслахаар нь би уулзсан. Ээж нь мэс засалд орсон учраас хоёр өдөр асарсан гэсэн. Тэгээд ярилцсанаас хойш нэг ч хичээл таслаагүй. Компьютер тоглоом тоглодоггүй, гадуур тэнэдэггүй хүүхэд байсан юм.

-Ямар хүүхдүүдтэй нийлдэг вэ. Танай сургуульд архи уудаг хүүхэд олон бий юү?

-Манай сургууль дээр урьд нь ийм асуудал гарч байгаагүй. Тэр хүүг ойр хавийнх нь хүмүүс уруу татсан байх л гэж бодож байна. Манай сургуульд архи уудаг байж магадгүй 2-3 хүүхэд бий. Талийгаач тэдэнтэй нийлдэггүй байсан. Тэр хүүхдүүд гайгүй амьдралтай айлын хүүхдүүд.

-Тэд яагаад архи уудаг юм бол?

-Томчууд нөлөөлөөд байна. Манай сургуулийг төгссөн хэцүү хүүхдүүд бий. Тэд дүү нараа уруу татаад байх шиг байна. Бид сурагчидтайгаа байнга уулздаг. Гэхдээ хэзээ ч архи ууж байна гэж загнадаггүй. Харин архины хор уршгийг таниулах гэж л ярилцдаг. Ар гэрийнхэнтэй ч уулздаг. Тэр хүүхдүүд засарч байгаа.

-Нийгмийн ажилтны хувьд хүүхдүүдийг архинд уруу татаж байгаа хүчин зүйл юу байна гэж харж байна вэ. Танай сургуульд архины хор уршгийн талаар хичээл заадаг уу?

-Архины сурталчилгаа нөлөөлөөд байна. Эрүүл мэндийн хичээл дээр архины хор уршгийн талаар заадаг. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн ажилтнууд улирал бүр лекц уншдаг. Цаашдаа тэр хичээлийг сар бүр хийдэг болмоор байна. Гэхдээ лекц биш хүүхдүүдийн сонирхолд нийцүүлсэн сонирхолтой хэлбэрээр явуулмаар байдаг.

-Долоон настай хүүгийн талаар хэр сайн мэдэх вэ.

-Мэднэ ээ. Ээж нь хэцүү хүн бий. Тэр хүү жирийн л хүүхэд. Нялх амьтан архи ууна гэж юу байх вэ гэв.

ТАЛИЙГААЧТАЙ ХАМТ БАЙСАН ХҮҮГИЙН ЭЭЖ БАС Л АРХИЧИН

Талийгаачтай хамт архи уусан Наран-Оргил хүүгийн ээж бас архи уудаг юм байна. Тэднийх Чингэлтэйн автобусны буудлын эцэст байдаг. Ээж нь олон хүүхдээ ганцаараа өсгөж буй эмэгтэй. Сүүлийн үед архи нэлээд уудаг болсон гэнэ. Нэг хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Нөгөө хүү нь оюутан. Бас нэг эгч нь сургуульд ажилладаг юм байна. Ээж нь саяхнаас нэг хүнтэй хамтран амьдарч байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car