
Өнгөрөгч ням гарагийн өглөө Индонез улсаас Сингапурыг зорьж яваад сураггүй болсон “Airbus A320” онгоцыг хайх эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Албаны хүмүүс даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ албан ёсоор батлаагүй ч онгоц хамгийн сүүлд холбоо тогтоосон хэсгээс ойролцоогоор 160 орчим километрийн зайд Ява тэнгист осолдсон гэх таамаглалыг дэвшүүлээд байна.
Мөн Индонезийн Үндэсний эрэн сурвалжлах, аврах агентлагийн дарга Хенри Бамбанг “Онгоц далайн ёроолд байх магадлалтай” гэж мэдэгдсэн нь зорчигчдын ар гэрийнхэнд хүнд цохилт болжээ. Тэрээр онгоц хамгийн сүүлд холбоо тогтоосон радарын мэдээнд үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн гэж тайлбарлажээ.
Тухайн үед цаг агаарын байдал нэлээд таагүй байсан бөгөөд онгоц холбоо тасрахаас өмнөхөн өндөр болон чиглэлээ өөрчлөх хүсэлт тавьж байжээ. Одоогийн байдлаар цаг агаарын таагүй байдал болон онгоцны түлш дууссан нь онгоц осолдох гол шалтгаан байсан гэх үндэслэлийг дэвшүүлээд байна.
Мэргэжилтнүүд аянга цахилгаантай бороо, үзэгдэх орчин хязгаарлагдмал үүлэрхэг байсан тухай хэлж байна. Мөн онгоц агаарын ширүүн урсгалтай тулгарч, түүнээс гарахын тулд түлшээ дуусгаж осолдсон байх магадлалтай гэнэ.
Харин Судлаач Жеффри Томас 2009 онд цаг агаарын тааламжгүй байдлаас зайлсхийхийн тулд өндрөө нэмж яваад осолдсон “Air France” компанийн AF447 онгоцтой төстэй нөхцөл байдалд тулгарч улмаар сүйрсэн байх магадлалтай гэж дүгнэжээ. AF447 онгоц Рио Де Жанейрогоос Парис хүрэх замдаа Атландын далайд осолдож байсан юм.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй эрлийн ажиллагаа өнөөдөр хүрээгээ тэлж баруун Калимантан муж хүртэл явагдах юм байна. Даваа гарагт Индонез, Сингапур, Малайзын нийт 12 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, таван онгоц, гурван нисдэг тэрэг болон бусад хөлөг онгоц, завь эрлийн ажиллагаанд оролцжээ. Үүний зэрэгцээ Австрали, Өмнөд Солонгос, ОХУ, Япон, БНХАУ зэрэг олон орон эрэлд нэгдэх хүсэлт тавьсан бөгөөд Сингапур, Малайз, Австрали, Өмнөд Солонгос, Япон, Шинэ Зеланд зэрэг улсын эрэн хайх, аврах албаны 1100 алба хаагч, болон техник хэрэгсэл эрлийн ажиллагаанд оролцох юм байна. Индонезийн Засгийн газраас АНУ-д хандан “AirAsia” компанийн онгоцыг эрэх ажиллагаанд тусламж үзүүлэхийг хүссэний дагуу “USS Sampson” хөлөг онгоцыг илгээсэн тухай АНУ-ын усан цэргийн долоодугаар флот мягмар гарагт мэдээллээ.
-Зорчигчдын гэр бүл хүлээсээр байна-
Хэдийгээр албаны хүмүүс онгоц осолдсон гэх таамаглалыг хүлээн зөвшөөрч байгаа ч зорчигчдын гэр бүл энэхүү мэдээлэлд итгэхийг хүсэхгүй байгаа бөгөөд хайртай, дотны хүмүүс нь хаа нэгтээ амьд байгаа гэсэн итгэл тээн басхүү сэтгэл түгшин хүлээсээр байгаа аж. Тэдний нэг бол ахмад Ирияантогийн гэр бүл юм.
Энэхүү зургийг ахмад Ирияантогийн охин Ангела Ранастианис олон нийтийн сүлжээнд тавьсан бол түүний ач хүү ахмадыг “Маш хашир, болгоомжтой” хүн гэжээ. 22 настай охин аавынхаа зурагны дор “Ааваа гэртээ эргээд ирээч, та одоо ч бидэнд хэрэгтэй байна” гэж бичжээ. Харин ахмад Ирияантогийн аав Суварто өнгөрсөн долоо хоногт бас нэг хүүгээ алдсан бөгөөд Ирияантотой хамгийн сүүлд оршуулах ёслолын үеэр уулзсан гэнэ.
-Индонезид сүүлийн 20 жилд 650 хүн онгоцны ослоор амь эрсэджээ-
Зүүн Өмнөд Азид агаарын тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын нислэгийн аюулгүй байдал ч мөн чухлаар хөндөгдөх болсон билээ. Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гэхэд 2012-2013 оны хооронд иргэний агаарын тээврээр зорчигчдын тоо 20 хувиар буюу 5.6 саяар нэмэгджээ. 2014 онд дээрх үзүүлэлт 30 хувиар өссөн гэх таамаглалыг шинжээчид гаргаад байна.
Индонез улсад гэхэд шаардлагатай стандарт, нормыг хангахын тулд сүүлийн үеийн техник технологи, хяналтын систем хангалтгүй байгааг хаа хаанаа онцолж байгаа юм. Хамгийн сүүлд гарсан “Airbus A320”-ын осол ч мөн зарим талаараа үүнтэй холбоотой байсан гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрчээ.
Сүүлийн 20 жилд Индонез улсад 650 орчим хүн онгоцны ослоор амь эрсдээд байгаа аж. Хэрэв ням гарагт сураггүй болсон “Airbus A320” осолдсон болох нь тогтоогдвол тус улсын түүхэн дэх бас нэгэн хар толбо болон үлдэх юм.
Судалгаанаас үзэхэд дэлхий нийтийн хэмжээнд гарч буй агаарын тээврийн осол, эндэгдлийн 30 орчим хувь нь цаг агаарын таагүй байдлын улмаас гардаг байна.
Түүнчлэн Малайзын MH370, MH17 онгоцны ослыг оролцуулбал 2014 онд Зүүн Өмнөд Азид агаарын тээврийн таван том осол бүртгэгдээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан 1997-2013 оны хооронд Индонез улсад гарсан онгоцны ослын талаар товч мэдээллийг хүргэе.
2013 оны дөрөвдүгээр сар:
Индонезийн “Lion Air” компанийн Боинг 737-800 онгоц газардах үедээ далайд унаж осолдсон байна. Азаар онгоцонд зорчиж явсан 108 хүн бүгд амьд гарсан бөгөөд 20 гаруй хүн ослын үеэр бэртэл авчээ.
2012 оны тавдугаар сар:
ОХУ-ын зорчигч тээврийн Сухой Супержет-100 тийрэлтэт онгоц Индонезид осолдсон хэрэг гарчээ. Эрлийн ажиллагааны үр дүнд онгоцны сэгийг Жакарта хотоос өмнөд зүгт орших Салак галт уулын орчмоос олсон байна. Ослын үеэр 45 хүн амиа алджээ.
2007 оны нэгдүгээр сар:
Индонезийн “Adam Air” компанийн онгоц шинэ жилийн өндөр Сурабая хотоос Манадо хүртэл дотоодын нислэг үйлдэж яваад сураггүй алга болжээ. Эрлийн явцад онгоцны үлдэгдэл олдоогүй, аврах ажиллагаа мухардсан учир хөлөг дээр зорчиж явсан 102 хүнийг нас барсанд тооцжээ.
2005 оны есдүгээр сар:
Индонезийн “Mandala Airlines” компанийн онгоц хүн ам шигүү суурьшсан орон сууцны бүсэд осолдсоны улмаас онгоцонд зорчиж явсан 100 хүн, осолдсон газрын орчим явж байсан 49 хүн харамсалтайгаар амиа алджээ.
1997 оны есдүгээр сар:
Индонезийн түүхэнд гарч байсан хамгийн том ослын нэг нь 1997 оны есдүгээр сард гарсан онгоцны осол юм. Тухайн үед Үндэсний агаарын тээврийн “Garuda Indonesia” компанийн “Airbus A300” онгоц үэзгдэх орчин хязгаарлагдсаны улмаас уулархаг газар осолдож 234 хүн нас барсан байна.
1997 оны арванхоёрдугаар сар:
Сингапурт төвтэй “SilkAir” компанийн онгоц Жакартагаас Сингапурыг зорьж явахдаа Индонезийн Суматра арлын орчимд осолдож 104 хүний амь эрсэджээ.
Б.Саруул
Холбоотой мэдээ
Comments are closed.