МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах долоон дэд сайдаа танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ынхан долоон дэд сайдаа сонгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хүмүүсийн нэр дэвших эрхийг нь хүндэтгэсэн байна. Дэд сайдад 43 хүн нэр дэвших хүсэлтээ МАН-ынханд ирүүлжээ. Үүнээс орон нутгийн аймгийн намын хорооны дөрвөн гишүүн нэрээ татаж авсанаас шалгаруулалтанд 39 хүн өрсөлджээ. Ингээд үлдсэн хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт хийхдээ шударга чанар болон ажлын туршлага, мэдлэг боловсрол, өнгөрсөн жилүүдэд намынхаа төлөө хийж ирсэн ажлууд зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтийг гол болгож дэд сайдуудаа тодруулжээ. Мөн намын удирдлагуудын зүгээс дэд сайдад нэр дэвшигчиддээ “Хэрэв дэд сайдад нэр дэвшсэн л бол төрийн нарийн бичиг, агентлаг, газрын дарга гарын албан тушаалд өрсөлдөхгүй” гэдгийг мэдэгдсэн байна. Ингээд шаардлагад нийцэх хамгийн тохиромжтой долоо хүнээ 50+1 гэсэн зарчмаар сонгосон гэлээ. Мөн нэр дэвшигчдээр анкет бөглүүлж авчээ.
Дэд сайд болох хүсэлтийг хамгийн ихээр илгээсэн яам нь Аж үйлдвэр болон Хөдөө аж ахуйн яам байжээ. Эдгээр яамд нэр дэвшсэн гурван хүний санал тэнцсэн учраас намын дарга М.Энхболд өөрийн бүрэн эрхийн хүрээнд эцсийн сонголтыг хийсэн гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. Мөн жендерийн асуудлыг авч үзэж ГХЯ-нд хоёр эмэгтэй хүнийг нэр дэвшүүлээд нэгийг нь сонгосон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.