antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 Comments are off

Д.Сумъяабазар: “Цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн “Аварга, аварга” гэсэн тэр уухай миний амьдралд хамгийн том сэтгэл ханамжийг өгсөн

нийтлэсэн admin

“Олж авсан алдар нэрийг хамгаалж явна гэдэг хоёр дахин хүнд ачаа байдаг” 

Энэ жил Чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ой тохиож буй. О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Энхжаргал нарыг эс тооцвол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов нараар эхлүүлсэн амжилтын буухиа тасарч, дэлхийд гайхагдсан амжилтууд нь домог төдий үлдээд байсан Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, тамирчдынх нь амжилт сүүлийн хоёр жилд огцом дээшилж, сэргэлээ. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг 2011 онд чансаагаараа дэлхийд гуравдугаар байрт бичигдсэн явдал үүнийг гэрчилнэ. Чухам энэ амжилтын шалтгаан нь тамирчдын хөлс хүч, ур чадвараас гадна тус холбоонд нэвтрүүлсэн шинэ менежмент, спортын сахилга бат, томоохон санхүүжилт байсан гэж спортын зүтгэлтнүүд, судлаачид дүгнэж байна. Энэхүү эрхэм, зоримог үйлсийг санаачилж, биечлэн хэрэгжүүлж яваа Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Сумъяабазарыг “Редакцийн зочин” буландаа урилаа. Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн аварга, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Аса” циркийн хөрөнгө оруулагч, уул уурхайн чиглэлийн томоохон проектуудын хувь нийлүүлэгч зэрэг албан тушаал хашиж байгаагийн хувьд бидний ярилцлага чөлөөт бөхөөс хальж үндэсний бөх, бизнес, улс төр гээд өргөн сэдвээр өрнөсөн юм.

-Чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ой тохиож байна. Ойн ажлууд амжиж байна уу?

-2011 он бол манай холбооны хувьд үнэхээр онцгой ач холбогдолтой жил. 50 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байна. Ойн хүрээнд өнгөрсөн оны  нэгдүгээр сараас эхлээд маш олон ажлуудыг төлөвлөж хийсэн. Ойн жилдээ тамирчид маань ч амжилт арвин байна. Энэ оны 1 сарын 27-нд зохиогдсон бага дэлхийн аварга гэж нэрлэдэг Иван Ярыгиний нэрэмжит, ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд 51 кг-ийн жинд манай Отгонцэцэг алтан медаль, 63 кг-ийн жинд манай Насанбурмаа, Түмэнцэцэг хоёр маань хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Нэмэхбаяр маань хүрэл медаль тус, тус авч бид гараагаа дажгүй сайхан эхэлсэн. Эмэгтэй баг маань дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг маань өнгөрсөн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Эрэгтэй, эмэгтэй хоёр баг маань багийн дүнгээр Азид гуравдугаар байранд орсон. Эрэгтэй эмэгтэй багийн нийлбэр дүнгээр харьцуулаад үзэхээр бас их сонин тоо гарч байгаа. Азидаа бол Монгол улс түрүүлж байгаа юм.

-Дэлхийн аваргад манай тамирчид бахдам сайхан амжилт үзүүлсэн. Ер нь Монголын чөлөөтийнхөн дэлхийд цахиур хагалаад эхэллээ. Энэ том амжилтын шалтгааныг яаж тайлбарлавал зохилтой юм бэ?

-Энэ жил бол олимпын эрх авах онцгой жил. ДАШТ-ний эхний таван байр буюу эхний зургаан тамирчинд олимпын эрх өгдөг. Энэ хариуцлагатай барилдаанд манай эмэгтэй баг маань амжилттай сайн барилдаж 2 мөнгө, 1 хүрэл, нэг тавдугаар байр авсан. Дэлхийд эхний гуравт багаараа анх удаа орсон ийм түүхэн амжилтыг бид бүгдээрээ харсан. Энэ бол манай холбооны хамт олны хичээл зүтгэл, эвсэг нэгдлийн үр дүн. Энэ амжилтыг гаргахад Чөлөөт бөхийн холбооны Удирдах Зөвлөл голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг зориуд хэлмээр байгаа юм.

-Үнэхээр танай холбооны менежмент шал өөр болсон. Бүтэц бүрэлдэхүүн чинь бүрэн шинэчлэгдсэн гэж сонссон. Бүгд л үүнийг мэдэрч байна. Спортынхон, сэтгүүлчид, ер нь нийгмийн бүх салбараас чөлөөтийнхөнд талархалтай хандаж байна. Энэ амжилтанд таны үүрэг оролцоо их байсан гэж яригддаг л даа?

-1960 оноос чөлөөт бөх үүсч хөгжсөнөөс хойш олон медалиудыг манайхан дэлхийн тавцанд авч чадаж байсан. Хамгийн оргил үе нь 1968 оны олимп, 1975 оны дэлхийн аварга. Мөн Москвагийн олимпод сайхан амжилтуудыг үзүүлсэн. Манай ахмадууд тэр сайхан үеээ эргэн дурсах дуртай байдаг. Нэг хэсэг бид чинь дурсамжаар амьдарсан. Тэднийхээ амжилтыг л ярьдаг байлаа. Цаашлаад 1967-1990 оны хооронд 23 жилийн хугацаанд бол чөлөөтийн баг тамирчид 22 медаль авсан байдаг.

-Та бол 90-ээд оны нийгэм, эдийн засгийн хүнд үед бөх болсон хүн. Яаж ийгээд л болгоод ирсэн үү?

-Тэр  үед бидний хэдэн залуучууд  ёстой л бөх болох хүслээр гараагаа эхэлж байсан. Өсөхбаяр аварга, Гантогтох гарьд, Сүхбат аварга, Цэрэнпунцаг гарьд гээд олон хүмүүс ид гарч ирсэн үе. Зургаан зааны үе ч гэдэг. Тэр үед бид ч бас л хоосон хонохгүй, хоёр идэхгүй гэдэг шиг бор зүрхээрээ зүтгэж байсан тийм үе. Ёстой өөрийн чинь хэлдгээр яаж ийгээд л болгоод явдаг байсан.

 Манай тамирчид “Бид дэлхийд маш ойрхон байгаа юм байна” гэдгээ ойлгож эхэлсэн

 -Шинэчлэл хийхэд амаргүй байсан байх аа. Би, чи дээрээ тулаад л танай холбооныхон хэвлэлээр “дайтдаг” байсан. Энэ бол гашуун боловч үнэн шүү дээ. Тэр гацаанаас яаж гарав?

-Одоо өнгөрсөн муу муухайг дүрслээд, бодоод хэрэггүй юм. Ирээдүйн том зорилго, том амжилт бидний өмнө байна. Үнэн гэвэл, энэ холбоог сэргээх чухал үүрэг, хариуцлага бидэнд ирж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Басхүү багштайгаа уулзаж тухайн үед нь санал тавьсан. Чөлөөт бөхийн холбооны ээлжит хурал 2009 оны 3-р сард хуралдаж, холбооны бүрэлдэхүүнийг нэлээдгүй шинэчилж, манай баг гар дээрээ авсан. Тухайн үед чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Б.Болд багш, дээрээс нь Сүхбат аварга, Баянмөнх аварга, “Гачуурт” компанийн захирал Чинбат гэх мэт олон хүмүүсийн нэгдэл, сэтгэлийн хүчээр энэ холбоо сэргэж, өнөөдөр амжилттай ажиллаж байна. Бид шинэчлэлийг цогцоор нь хийх ёстой гэдгийг ойлгосон.

-Одоо бол Чөлөөт бөхийн холбоо арай холыг харж байгаа байх. Энэ жилийн амжилтаас харахад сэргэчихсэн байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Ерөөсөө нурчихсан ажлыг буцааж босгоно гэдэг их ярвигтай. Наад зах нь тамирчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлзүй, сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байсан. Одоо бол манайхны сэтгэлгээ арай өөр болсон.  Ер нь дэлхийн хэмжээнд аварга болж болох юм байна. Бид бол дэлхийд маш ойрхон байгаа юм байна гэдгээ ойлгож эхэлсэн.

Удирдлагыг шинэчлээд, санхүүжилт шийдээд бас ажил явчихгүй. Байнгын бэлтгэл сургуулилт, өдөр тутмын амьдралд нь оролцож байж энэ холбоог бид босгож ирсэн. Бэлтгэлийн үеэр гэнэтийн шалгалт хийнэ, бэлтгэл дээр нь удирдах зөвлөлөөс заавал хүн суулгана, заалыг нь шалгана. Тамирчдын сахилга бат, багш нарын ажлын төлөвлөгөө гээд бүх зүйлд хяналт тавьж, дэмжиж ажилласан.

-Таны ярианаас нэг зүйл анхаарал татлаа. Манай Пүрэвбаатар, Наранбаатар, Энхжаргал гээд чөлөөтийнхөн маань илүү өндөр амжилт үзүүлэх боломж байсан уу?

-Тийм. Өөр ч авьяастай, чадалтай залуус байсан. Энэ хэд бол үнэхээр төрчихсөн хүмүүс. Тэр унаган, заяагдмал юмаараа л улсынхаа нэрийг авч гарчээ. Илүү өндөр бэлтгэл сургуулилт, зохион байгуулалт, урам зориг байсан бол тэднээс хамаагүй өндөр амжилт гарах байсан гэдгийг бүгд л ярьдаг шүү дээ. Тэр ганц хүний цаг үеийн амжилт бол Монголын бөхийн хөгжлийг тодорхойлохгүй. Тиймээс Монголын чөлөөт бөхийг хөгжүүлэх 20 жилийн мастер төлөвлөгөөг бид боловсруулж байна. Үүнийгээ ирэх 2012 онд батлуулах юм. Бөхийг хөгжүүлэх бодлого нь нийтийн бие тамиртайгаа уялдаатай цуг явах ёстой ажил. Нийтийн биеийн тамирыг өнөөдөр төр засгийн хүрээнд хүн болгон ярьж эхэлж байгаа нь сайн хэрэг. Монголын нийт хүн амын 90 хувь нь таргалалттай байна. Бүгд хөдөлгөөний дутагдалд орсон. 60-65 насны хүмүүст тусдаг зүрх судасны өвчлөлт 35 насны хүмүүст тусаж байна. Энэ бол том эмгэнэл. Тэгэхээр нийтийн биеийн тамирын хөгжилд хувь нэмрээ оруулах шаардлага буй болж байна.

-Манайд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх заал, талбай дутмаг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт тал дээр нь эхлээд анхаарах ёстой юм болов уу?

-Ер нь эрүүл биед саруул ухаан оршино. Саруул ухаанаар улс орноо хөгжүүлнэ. Зорьсон зорилгодоо хүрнэ. Мэдээллийн технологи, био технологи, нано технологи, уул уурхай гээд л бүгдээрээ яриад байдаг. Эрүүл мэнд гэдэг юмыг нэгд тавихгүйгээр энэ хөгжлийг бид яаж удирдах вэ. Тийм учраас заал танхимуудыг барих, төсөв санхүүжилтыг нь баталсан цогцолборуудыг хурдан босгоход төрөөс улам хүчтэй бодлого явуулах ёстой гэж боддог. Бүх дүүргүүдэд Спортын томоохон цогцолбор барих хэрэгтэй. Тэнд сургалт, дасгал, тамирчдын бэлтгэл хамтдаа явж байх хэрэгтэй. Цаашлаад нийтийн биеийн тамир чинь ховорхон авьяастай, нээгдээгүй тийм залуусыг спорт руугаа татаж оруулах үүд хаалга нь болно.

-Мэдээж танай холбооны энэ амжилт санхүүжилттэй уялдаатай байж таарна. Жилдээ хичнээн төгрөгний төсөв бүрдүүлж ажилладаг вэ?

-Жилдээ бид нэг тэрбум гаруй төгрөгийн төсөв бүрдүүлж ажиллаж байна. Улсаас бол жилдээ 300 сая орчим төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Бусдыг нь Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл болон хамтран ажилладаг ивээн тэтгэгч байгууллагуудаасаа босгодог. Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Чинбатын “Гачуурт” компани, Баяртсайхан захиралтай Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” ХХК, “Женко” групп, “UFC” групп, “Шарын гол” ХК, “B & G” групп, “Хасуу мегаватт” ХХК болон хамтран ажилладаг бусад компанийнхаа хамт олонд чөлөөт бөхийн бүх тамирчид, багш дасгалжуулагч нарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

-Үйл ажиллагаа ерөнхийдөө сэргээд, энэ сайхан амжилтуудыг гаргаад ирэхээр Чөлөөт бөхөд хамаг залуу нас, сэтгэл зүрхээ зориулж явсан ахмадуудад маань бас их сайхан байгаа даа?

-Тэгэлгүй яахав. Алтан үеийн, мөнгөн үеийн гэж хэлээд байдаг эдгээр хүмүүс маань бүгдээрээ л холбооны шинэчлэл, зохион байгуулалт, хэрэгжүүлж байгаа менежментэд сэтгэл хангалуун байдаг. Бид нарын зүгээс хэлж ярих зүйл юу байна, бэлтгэл сургуулилт яаж байна гээд л сэтгэл зүрхээрээ энэ ажилд оролцож байна. Холбооны зүгээс эдгээр хүмүүсийнхээ туршлага, мэдлэгийг залуучуудад өвлүүлэх тал дээр ажил зохион байгуулж байна.  Нацагдорж багш, Сүхбат аварга, Өсөхбаяр аварга гээд бүгд л ирж хичээл заадаг. Энэ нь цаад хүүхдүүддээ их сонирхолтой, өөрсдөд нь тохирсон мэхний хувилбаруудаа тэндээс олоод авахад дэм болдог.

Нэг жишээ ярья л даа. Эрхбаяр начингийн сэжээд мордох мэх байдаг шүү дээ. Тэр мэхийг Хойлогдорж гуай нэг өдөр ирээд л бэлтгэл дээр зааж өгсөн байгаа юм. Эрхбаяр начин тэр мэхийг маш сайн эзэмшиж, тэр мэхээрээ л дэлхийн аваргаас хүрэл медаль авч байх жишээтэй.

 Олимпын аварга, дэлхийн 7 удаагийн аварга Валентин Иорданов Монголд ирнэ

-50 жилийн ойн арга хэмжээний гол онцлогууд юу байна. Гаднаас томоохон зочид ирэх үү?

-Ойн арга хэмжээний хүрээнд цуврал тэмцээнүүд зохиогдсон. Гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. МЧБХ-ны одон, хүндэт медаль гаргасан. “Бөхийн чөлөөт барилдаан – 50” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, 50 жилийнхээ түүхийг харуулсан нэвтэрхий толь, фото альбом гаргаж байна. 10-р сарын 26-нд хүндэтгэлийн арга хэмжээ, хүлээн авалтаа зохион байгуулна. Энэ арга хэмжээндээ хөдөө орон нутагт байгаа тамирчид, ахмад үе, спортын зүтгэлтнүүдээ өргөн хамруулах ажил зохион байгуулж байна.

-Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос шагнал олгож байгаа гэсэн. Ямар учиртай шагнал вэ?

-50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дэлхийн чөлөөт бөхийн холбооноос болон бусад орны холбоодоос баяр хүргэсэн цахилгаануудыг байнга ирүүлж байгаа. Чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан, гар бие оролцсон, онцгой гавьяа байгуулсан хүмүүст FILA-гаас алт, мөнгө, хүрэл медаль олгодог. Энэ бол манай салбарын эрхэм дээд шагналын нэг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Ю.Цэдэнбалаас авхуулаад ердөө 15 хүнд энэ шагналыг олгосон байна. Харин энэ жил таван алт, таван мөнгө, арван хүрэл гээд нийт 20 шагналыг олгож байгаа.

-Үнэхээр бахархалтай сайхан санагдаж байна. Таны бодлоор Монголд яг ийм байдлаар амжилт үзүүлж байгаа ямар, ямар спортын холбоодууд байна. Тэр дундаа танайх ямар байр суурь эзэлж байгаа бол?

-Шинэчлэгдээд бүтцээ, менемжментээ өөрчлөөд амжилттай явж байгаа холбоодууд байгаа. Жудо бөхийн холбоог бол нэрлэж болж байна. 2008 оны олимпын аварга, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны дэлхийн аварга гээд амжилт бүтээл нь харагдаж байгаа. Би Х.Баттулга сайдын хийж амжуулж байгаа, энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа зан чанарт талархалтай явдаг. Манай холбооны ажилд ч гэсэн туслаад л явж байна. Өнгөрсөн жилийн нээлттэй улсын аварга шалгаруулах тэмцээнийг маань “Женко” групп ивээн тэтгэсэн. Манай холбооны зүгээс онцлогтой зүйл бас байгаа. Өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмаас манай “Шилдгийн шилдэг холбоо”-гоор тодорсон. Тэр бол манай холбооны байр суурийг илтгэсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байгаа.

-Жудогийн холбоо танайх хоёр өрсөлдсөн санагдаж байна?

-Тэгсэн. Шүүгчдийн зөвлөлийн шийдвэрээр манай холбоонд энэ эрхэм дээд шагналыг олгосон.

-50 жилийн ойгоор гадны олон зочид ирэх сураг дуулдсан. Чөлөөт бөхийн дэлхийн томчуудас ирэх үү?

-Ямар ч байсан олон хүнд урилга хүргүүлсэн. Ирэх мэдээг өгсөн хүмүүс гэвэл FILA-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фудука, шүүгчдийн зөвлөлийн гишүүн Янчо Костадинов нар байна. Бас 1996 оны олимпын аварга, дэлхийн 7 удаагийн аварга Болгарын домогт бөх Валентин Иорданов, Олимпын хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгин, олимпын хошой аварга Леван Тедиашвили, олимпын гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиев нарын багш, дасгалжуулагч Дмитрий Миндиашвили зэрэг алдартнууд ирнэ гэсэн.  Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж байж л найрааг устгана

 -Чөлөөт бөхийн талаар бид хоёрын яриа цаг гаруй үргэлжилжээ. Цааш нь яриад байвал зөндөө л зүйл гарна. Энэ сэдвээ түр хойш тавиад Монгол үндэсний бөхийн талаар би таниас хэдэн асуулт асуумаар байна. Ер нь бол албан ёсоор зодог тайллаа гэж сонсогдсонгүй. Үндэсний бөхөөсөө нэрээ татаж авлаа гэсэн ийм яриа ер нь гарсан билүү?

-Үгүй. Миний өмнө Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гээд олон аварга зодог тайлаагүй байхад би одоо урдуур нь ороод гүйх нь зүйлд ниицэхгүй болов уу. Би үндэсний бөхдөө хайртай. Энэ бөхөөр хичээллэж өдий зэрэгтэй нэр хүндтэй болсон. Хүний зэрэгтэй амьдарч яваа минь үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Чөлөөт бөхтэй ч мөн адил. Ер нь үндэсний бөхөд зодог тайлна гэж тийм уламжлал, ёслол байсныг би мэдэхгүй юм. Бөх судлаачид энэ талаар юм хэлэх байх.

-Аварга хүний хувьд танд үндэсний бөхөөс шүүмжлэлтэй хандах зүйл гардаг уу. Янз бүрийн л юм дуулддаг?

-Би шуудхан хэлье. Үндэсний бөхдөө шинэчлэл хийхгүй бол болохгүй байна аа. Энэ жилийн улсын наадам, аймаг орон нутгийн наадамд ерөөсөө сонин, сонин “юмнууд” дуулдаад л байна. Зарим нь нүдний өмнө ил цагаан явагдаж байна. Ерөөсөө миний үед байгаагүй асуудал гарч ирээд байх шиг байна.

-Та найрааны тухай ярьж байна уу. Зөндөө л ярьдаг ш дээ. Яаж арилгах уу?

-Найрааны асуудлыг хуулинд өөрчлөлт оруулж байж л зогсооно. Эрүүгийн хууль, биеийн тамир спортын тухай хуулиуд нь хоорондоо уялдаж өгч байж л одоо яригдаад байгаа найраа, том том мөнгөний асуудлыг цэгцэлнэ. Үүнээс өөр гарц харагдахгүй байгаа. Залуу үеийг энэ муухай сүлжээ хүлээж байна. Тэр сүлжээг байхгүй болгохын төлөө эрхзүйн орчныг нэг номерт бүрдүүлэх ёстой.

Сүхбат аварга, Өсөхбаяр аварга, Гантогтох гарьд гээд нэг үеийн зургаан залуу гарч ирж байсан. Бид нарын үед ёстой хоорондоо эр бяраа үзэж барилдаад, хэн нь хэн бэ гэдгээ л харуулдаг байлаа. Тэгэж байж наадам маань наадам шиг байсан даа.

Үүнийг цэвэрлэхийн тулд Б.Бат-Эрдэнэ аварга маань манлайлж явах ёстой гэж би боддог. Араас нь Сүхбат аварга, Өсөхөө аварга бид хэд бүгд МҮБХ-тойгоо нийлж эрх зүйн талаас нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ асуудал улам л ужгирч байна. Хэн нэгэн дуртай нь бөхийг хэвтүүлдэг, өрсөлдөөнийг болиулдаг байж болохгүй. 2500 жилийн түүхтэй Монголын ард түмний үндэсний их ёслолыг зүгээр л мөнгөөр худалдаж авдаг шоу болгож хэрхэвч болохгүй.

-Гэхдээ энэ жилийн наадмаас ололттой тал байгаагүй гэж үү. Ард түмэн сайхан наадлаа л гэцгээсэн шүү дээ?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй юм байна аа. Сайхан наадам болчихлоо гээд би ч өөрөө хууртагдаад явж байсан байна.

-Залуу аваргын тухайд та юу хэлэх вэ?

-Аварга хүн аваргаараа л төрдөг. Мөнхбат аварга бол өөрөө хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, хурдтай бөх. Хүнийхээ хувьд ч аятайхан төлөв залуу байна лээ. Бөхийн олон залуусынхаа манлай болж явж байгаа хүнийхээ хувьд зөв хүн байхыг үргэлж хичээж явах хэрэгтэй.

-Таны хэлсэн шүүмлэлтэй олон хүн санаа нэг байгаа. Хэвлэл мэдээллийнхэн бид ч энэ талаар өндгөө бяцартал “тогшиж” л байна. Гэхдээ асуудлыг шийддэг газар нь, Бөхийн холбоо нь өөрөө яг бахь байдгаараа байсаар байхад энд өөрчлөлт ярих хэрэг байна уу? Ойрын хэдэн жил тийм найдлага байна уу?

-МҮБХ-ны удирдлагууд 1990 оноос хойш 21 жил явах хугацаандаа бөхийн холбоог бол эрвийх дэрвийхээрээ л авч явж байгаа. Хийсэн ажилд нь шүүмжлэлтэй хандах, сайшаах зүйлүүд аль, аль нь байгаа. Өнөөдөр гиннесийн номонд орж байгаа 6002 бөхийг барилдуулж байгаа нь сайхан зүйл. Гэхдээ энэ бол өнгөн тал. Хамгийн гол шинэчлэл бол биш. Малгайны залаа, хувцас хэрэглэл сольсноороо энэ холбооны үйл ажиллагаа шинэчлэгдэхгүй. Үйл ажиллагаагаа жаахан нээлттэй явуулаач.

Чадварлаг олон хүмүүсийг бөхийн холбоондоо татаж оруулаад менежментээ сайжруулаач. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн хүрээллээр битгий яваач. Миний хэлж байгаа энэ саналуудыг даажигнасан,буруутгасан хэлбэрээр битгий ойлгоосой. Алдаатай талаа бид олж харвал амжилтанд хүрнэ.

-Та яг энэ сэвдээр аавтайгаа ярилцаж үзсэн үү?

-Ярилцалгүй яахав. Гэхдээ аав маань зөвлөгөө өгнө, санал бодлоо хуваалцана.

-Та ер нь дахиж барилдах уу?

-Барилдахгүй ээ.

-Зодог тайлна гэдэг асуудал чинь барилдахаа болихыг нь хэлээд байгаа юм уу? Ёслолыг нь хэлээд байгаа юм уу?

-Ёслолыг нь зодог тайлах гэж хэлээд байгаа юм болов уу. Гэтэл зодог тайлах ёслол хийсэн бөх манайд алга. Тэгэхээр яаж тайлахаа ч мэдэхгүй байна шүү дээ, үнэндээ.

 Их спортын амжилтын төлбөр, төлөөс нь эрүүл мэнд

-Бөхийн спортоор олон жил хичээллэнэ гэдэг бол бие бялдрын огт өөр тогтцыг бий болгодог байх. Үүнээс гадна бэртэл гэмтэл гэж айхтар юм бий. Одоо танд спортын тийм “үлдэц” бий юу?

-Ерөөсөө л наадах чинь нөгөө төлбөрийн асуудал шүү дээ. Тохойны үе, өвдөг, мөр, шагай, түнх, хүзүү, нуруу тэр чигээрээ л бэртэл. Их спортын төлбөр, төлөөс бол энэ. Үүнийг залуу халуун насандаа бид мэдэж л байсан. Ахмадуудаасаа харж л байсан. Гэхдээ тэр амжилт, энэ ард түмний баяр баясал, төрийн хүндэтгэл, хайр халамжийн төлөөс нь энэ эрүүл мэнд. Би ингэж л ойлгож явдаг.

-Их спортыг орхисны дараа энэ бүхнээс арай хөндийрдөг үү?    

-Харин ч эсрэгээрээ шүү. Спортыг орхисны дараа идэвхитэй хөдөлгөөнтэй л байх нь чухал. Хэд хүртэл наслах юм тэр хүртлээ л байнгын хөдөлгөөнтэй байх шаардлагатай болдог. Энэ зүрх судас, бие организм чинь тэр том ачаалалдаа дасан зохицсон байгаа. Түүнийгээ нэхдэг. Жишээ нь тамирчин хүний зүрхний зүүн ховдол том байдаг.Жирийн хүнийх тийм байх юм бол маш аюултай. Тиймээс тамирчин хүнд байнгын хөдөлгөөн хэрэгтэй. Дэлхийн алдартай спортын одууд бэлтгэл дээрээ уначихсан, суудал дээрээ явчихлаа гээд байдаг чинь үүнтэй л холбоотой.

-Ер нь бөхийн барилдаан харахаар өөрийн эрхгүй залуу цагийн ид хав, амжилт, хор шар бүгд бодогдоно биз?

-Алхам тутамд. Спортын төв ордны заал руу ороход л хүүхэд байх үе нүдэнд харагддаг. Анх хэдтэй энэ заал руу алхаж орж байсан, хэдэн настай төв цэнгэлдэхийн ногоон зүлгэн барилдсан, мөн Азийн аварга, дэлхийн аваргад анх хэрхэн оролцож байсан, ямар ямар бөхчүүдтэй гар зөрүүлж үзсэн гээд бүх юм тархинд хадгалагдсан байдаг л даа.

-Миний бодлоор, таны хамгийн сайхан дурсамж, баяр бахдал Үндсний бөх дээрээ байдаг байх аа. Тийм үү?

-Өө, тэгэлгүй яахав. 1988 онд анх Улсын баяр наадмын өсвөрийн 64 бөхөд барилдаж түрүүлээд үндэсний бөхийн гараагаа эхэлж байсан. Тэгээд 2008 он хүртэл 20 жил барилджээ. Хүний амьдралын 20 жилийн хугацаа гэдэг бол бас л том тоо шүү.

-Цэнгэлдэхэд дүүрэн суусан хүмүүс, 30 гаруй мянган хүн байгаа шүү дээ. Тэр аяараа орилоод л, “Аварга, аварга” гэж уухайлж байхад… Тэр бол гайхашигтай биз. Яг тэр үеийнхээ сэтгэгдлээс эргээд нэг дурсаач?

/Сурвалжлагч: Сумъяа аварга сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, бас ч өөрийгөө нээж чаддаг хүн юм билээ. Харин энэ асуулт түүнийг анх удаа нүдээ аньж, хэсэг зуур чимээгүй суухад хүргэснийг бодоход аргагүй том орон зайг энэ хүний оюун санаа, сэтгэл зүрхэнд эзэлдэг нь илэрхий. Ингээд хагас минут хэртэй нүдээ аньж, инээвхийлээд аварга маань цааш ярьсан юм/

-Тэр бол сэтгэл ханамжийн дээд хэлбэр. Өөр юу гэж ч хэлмээр юм. 20, 30 мянган хүний уухайлж байгаа түрлэг гэдэг бол үнэхээр гайхмаар. Хүний дотоод энергийн хүч тэгэж их гарч ирж байхад сэтгэл ханамжийн хамгийн дээд хэлбэрийг л мэдэрч байсан. Би өмнө нь тийм мэдрэмж авч байгаагүй. Тэр бол ард түмний тэгэж их хүсэн хүлээсэн сэтгэл, хайр байсан гэдгийг мэдрэх тусам гайхалтай. Тэр үеийг бол яг тийм гэж үгээр илэрхийлэх аргагүй юмаа.

-Гэхдээ тэр уухай бол одоо ч чихэнд сонсогдож байгаа даа?

-Би хэлж байна шүү дээ. Дахин давтагдахгүй ээ, гэж.

-Энэ их хайр хүндлэлийг дааж явна гэдэг бас хэцүү?

-Ард түмний хайр хүндлэл, энэ сайхан нэр хүндийг дааж явна гэдэг ерөөсөө хувь хүний хариуцлага л даа. Энэ бол хүнд ачаа. Алдар нэрийг хэн ч авч болно. Түүнийгээ хамгаалж, дааж явна гэдэг бол хоёр дахин илүү ачаа байдаг юм байна. Ялангуяа аварга хүн гэдэг бол хувь хүнийхээ харилцаан дээр ч гэсэн ухамсартай, болгоомжтой хандах ёстой. Ямар ч үед бусдад муу сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан, бусдыг гомдоочихгүй юмсан гэж бодогддог юм. Төрийн өндөр албан тушаалтан байсан ч, энгийн ядуу амьдралтай иргэн байсан ч, эсвэл маш баян хүн байсан ч ерөөсөө хамаагүй. Хүнтэй хүн гэдэг үүднээс л харьцах хэрэгтэй гэж боддог.

 “Би дүүгээ Монгол хүн гэдэгт утгаар нь Монголын их аварга гэж бардам боддог”

 -Долгорсүрэн заан гэхээр хоёр сайхан аварга хүү төрүүлсэн, тэр бол гайхамшигтэй эцэг гэж бүгд л мэднэ. Аавынхаа ер нь юунд нь илүү баярладаг, бахархдаг вэ?

-Би аавынхаа Монгол эр хүний шинжийг бүрэн агуулсан тэр гайхамшигтай чанараар нь илүү бахархаж явдаг.

-Танай гэр бүлд Монголын бас нэг бахархал байна. Та аварга дүүгийнхээ хувьд юугаар нь илүү бахархдаг вэ?

-Дүүгийнхээ хувьд өсөх наснаас нь өлгийдөж, үүрч, 60-ын дугуйн дээр түрж өссөн. Цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан гээд мэдээж ахын үүрэг зөндөө л дөө. Зодохдоо зодно, аашлахдаа аашилна, хайрлахдаа хайрлана, тэгэж л өссөн хүүхдүүд. Миний дүүгийн гол чанар бол юманд тууштай байдаг. Ямар нэгэн ажил хийвэл түүнийгээ ягштал төгс хийдэг. Тэр чанар нь Японы сумогийн их аварга болоход нь том нөлөө үзүүлсэн гэж би үздэг.

-Асашёорюү их аваргын хувьд Японы тэр дээд амжилтыг эвдэх боломж байсан гэж үздэг үү?

-Бүрэн байсан. Тэр хөлбөмбөгийн асуудалд дөрөөлөөд л тийм зүйл болчихсон ш дээ. Хэрвээ тийм зүйл болоогүй байсан бол түүхэн амжилтыг нь элбэгхээн эвдчих байсан.

-Гэхдээ л, тэрэнтэй тэрэнгүй эх орондоо, Японд, ер нь дэлхийд амьд домог болж үлдэж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Японы мэргэжлийн сумод дээрээсээ гуравт жагсана гэдэг бол гайхамшигтай амжилт. Дээрээс нь өөрийнх нь барилдааны онцлог байна. Хурд, хүч, мэхний гайхамшигт нийлбэр. Энэ гурав нийлж байж л ялалт авчирч байгаа шүү дээ.

-Та Аса аваргыг Японы сумогийн их аварга гэж боддог уу? Монголын их аварга гэж боддог уу?

-Монгол хүн гэдгээрээ Монголын их аварга. Би энэ бодолдоо бардам явдаг шүү.

Их аварга маань зодог тайлаад эх орондоо, Монгол нутагтаа буцаад ирсэн. Их “холоос” ирсэн дээ. Өнөөдөр бидний дунд, Монголдоо л амьдарч байна. Хэр дасан зохицож байна. Таны бодлоор …?

-Тэр их хүндлэл, тэр их өндөрлөгт байсан хүн, Монгол нутагтаа ирээд жирийн иргэн хүний амьдралаар амьдарна гэдэг хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Тэнд байсан орчин, энд угтсан орчин хоёр бас л хоорондоо харьцуулашгүй. Ганцхан жишээ хэлье. Японы тэр олон сумогийн алдартнуудаас их аварга цолтон л Японы эзэн хааны бөх гэж явдаг. Жилдээ нэг удаа эзэн хаандаа очиж мөргөдөг бөх бол ёкозуна.

-Монголд ирсний дараа аварга маань дуулиан шуугианд өртөөд авсан. Биеэ барих тал дээр сумод байсныгаа бодвол арай л сул болчихсон юмуу даа гэж бодогдоод байдаг?

-Залуу хүний хувьд зарим нэг алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид аваргыгаа дэлхийд Монголоо төлөөлөх элч гэдгээр нь харах ёстой байх аа. Сая чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр очиход бүгд л Асашёорюүг асууж байх жишээтэй. Ер нь бараг мэдэхгүй хүн алга. Дагвадорж бол манай холбооны хүндэт ерөнхийлөгч. Хөрөнгө санхүүгийн хувьд ч, гадаад харилцааны тал дээр ч маш том үүрэг гүйцэтгэж байгаа.

-Сэржбүдээ начин, Асашёорюү аварга та гурав бизнесээ хамтарч хөдөлгөж байгаа байх л даа. Хэн нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг ах дүү гурав хамтраад л явж байна.

-Сумъяабазар гэхээр ард түмэн бөх гэдгээр нь хүлээж аваад байдаг. Бөх гэхээр нэг тийм бүдүүн баараг хүмүүс шиг ойлголт нийгэмд байна. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Ерөөсөө л эхлээд хүн талаас нь харцгаая. Мэдээж хүний суурь хүмүүжил нь ажил үйлс, амьдрал ахуйтай нь холбоотой. Бөхчүүд дотор эмч, хуульч, бизнесмен, технологич, инженер гээд төрөл бүрийн нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин олон бий. Хүн гэдэг талаасаа бөхчүүд дунд маань алдаатай, оноотой хүмүүс ч бий. Жирийн иргэд дунд ч ялгаагүй.

“Эрхэлсэн бизнесгүй мөртлөө яг адилхан зүйл эдлэж хэрэглээд яваад байгаа нөхдүүдийг харахаар дургүй хүрээд байдаг”

Та бизнест нэлээд холыг харж, том том салбарт орж байх шиг байна. Миний ойлгож байгаагаар санхүүгийн салбар бол маш хүнд, мэргэжлийн салбар. Уул уурхай гэхээр хөрөнгө оруулалт их шаардах ёстой. За тэгээд  үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү ороод ирэхээр дахиад том төсөл, хөрөнгө шаардана даа?

-Чиний ярьдаг бол зөв л дөө. Банк санхүүгийн ажил гэдэг нарийн мэргэжлийн ажил. Боловсролын дээд түвшинг, харьцааны дээд түвшинг шаардсан ийм л бизнесийн салбар. Уул уурхай гэдэг бол асар их мөнгөний эх үүсвэр, санхүүжилт хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө ч ялгаагүй.  Энэ бүхэн дээр зөв тооцоолол, үндэслэл, дүгнэлтүүдийг гаргаж тавьж байж амжилт олно. Аливаа ажил хүний нөөц дээр л тулгуурлаж хөгжинө. Тиймээс хүнийхээ бүтээмж рүү илүү анхаарлаа хандуулж байна.

-Та Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуультай. Улс төрд зорьж орсон уу, хэн нэг нь зөвлөв үү?

-Сумъяабазар гэдэг хүн өөрийнхөө үзэл бодлоор энэ намыг сонгосон. 2008 онд нам маань надад итгэл хүлээлгэсэн учраас сонгуульд нэр дэвшсэн.

-СХД-ээс нэр дэвшсэн байх аа, ямар ажил хийж амжуулав?

-Чамгүй ажлууд хийсэн. Сонгуулийн штабдаа ажилласан 25 залуусыг Япон оронд жуулчлуулан амраах, 1-р хорооны засмал замыг тавиулах, Нарангийн гол-Багшийн дээд, Толгойт хойгуураа халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн хүртэл чиглэлд том оврын автобус явуулсан, Хорооны хэсгийн ахлагчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах ажлыг НИТХ-ын чуулганд хэсэг төлөөлөгчдийн хамт санал оруулан шийдвэрлүүлсэн, тойргийнхоо залуу засаг дарга нарын ажлыг дэмжин Удирдлагын академид суралцах зардлыг гарган энэ жилээс эхлэн суралцуулж байна, Концессын хуулийн дагуу Хог боловсруулах үйлдвэрийг бариулж байна. Энэ ажлуудыг хотын төсвийн санхүүжилтээр болон зарим зүйлийг хувиасаа шийдвэрлээд явдаг. Ээжүүдийн баяр, 25 хорооны 214 хэсгийн ахлагч нарыг хамруулсан хэсгийн ахлагчдын баяр гээд олон түмнийг баярлуулсан ажлуудыг зохион байгуулсан.

Ер нь иргэдийн төлөөлөгчийн хувьд бидний хийх ёстой ажил, үүрэг их шүү дээ. Хороо бүр дээрээ очиж иргэд, сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулах, иргэдээс гаргаж байгаа өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх гэх мэт үүрэгт ажлууд олон бий. Миний хувьд иргэдээс ирсэн өргөдлийн 70 гаруй хувийг шийдвэрлэсэн байна.

-Та дахиад нэр дэвших үү?

-Тийм бодол алга даа.

-Намынхаа ажлыг цаашдаа хийх үү?

-Намын ажлаа хийлгүй яахав.

-Таныг УИХ-д “үзнэ” гэсэн яриа гарсан байна лээ?

-Ташаа мэдээлэл байна.

-Бизнес рүүгээ илүү анхаарал хандуулж байна уу?

-Бизнесээ хийгээд л явна. Хүн болгон төрийн ажил хийх гээд, тийшээ хошуурч байна. Нэг хэсэг хувийн хэвшил рүү бүгд ханараад төрийн ажил хийдэг хүнгүй болчихсон байсан чинь одоо эсрэгээрээ байх шив. Аливаа юм туйлшраад ирэхээр л утгаа алддаг. Амьдрал баян шүү дээ. Хийх ажил маш их байна.

-Таны бодлоор энэ юунаас болов?

-Тогтолцоондоо байна. Төр рүү их зүтгээд, төрийн ажил руу хошуураад ирэхээр бүтэц чинь томроод төрийн ажил царцанги, удаан, хүнд сурталтай, авлигатай болж байна гээд яриад байгаа чинь бас ортой л зүйл.

-Яг ингэж улс төр, бизнесийг ялгаж салгаж байгаа залуучууд таны бодлоор хэр их байна?

-Байлгүй яахав. Өөрсдийн хийж байгаа бизнесийн үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх, өргөжүүлэх бодолтой залуус олон байна.

-Харамсалтай нь дандаа тийм биш байх шиг. Одоо төрийн албанд шургалж, баяжих сонихол дэвжиж байна. Нүдэн дээр л том том машин унасан, том том наймаа ярьсан төрийн албан хаагч нэртэй залуус гараад ирлээ шүү дээ?

-Би энэ тал дээр тэдний эсрэг бодолтой байдаг. Хувийн хэвшлийн байгууллагуудад янз бүрийн дарамт шахалтууд их байдаг. Ямар нь өнөөдөр бизнесээ эрхлээд, татвараа төлөөд шударга хөдөлмөрөөр ашиг олж байхад, ямар нь хувийн эрхэлсэн бизнесгүй мөртлөө яг адилхан зүйл эдэлж хэрэглээд яваад байна аа. Гайхна биз дээ. Яг үнэндээ тийм нөхдүүдийг харахаар миний дургүй хүрээд байдаг. Ер нь төр зарим ачаанаас салах ёстой гэж би үздэг. “PPP” гэж яриад байгаа биз дээ. Концессийн тухай хуультай болчихлоо.

Өнөөдөр Монгол улс “мода”-нд орж байна. “Мода” ч бас хугацаатай байдаг шүү дээ. Хувцас моданоос гардаг шиг, өнөөдөр Монголоос илүү баялагтай улс орон, өөр боломж амьдралд гараад ирэхийг хэн ч үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ цаг үеийг манай улс, бид маш сайн ашиглаж авах ёстой. Тэр гадны хөрөнгө оруулалтыг, дэлхийн том том мөнгийг зөв бодлогоор, зөв менежментээр оруулаад л ирэх ёстой гэж боддог.

Асашёорюү Их  аваргын хувьд Японы томоохон телевизээр  “Би улс төрд орно”  гээд хэлчихэж  байна лээ. Та үүнийг яаж хүлээж авч байгаа вэ? Дэмжиж байгаа юу?

-Манай хүн сэтгүүлчийн асуултанд л сэтгэлийнхээ хөдлөлөөр дагуулаад хариулчихсан байж магадгүй. Аль нэг намын харьяалал байхгүй хүнийг энэ ч намаас дэвшинэ, тэр ч намаас үзнэ гээд л. Хаврын хуурай өвсөнд асаасан түймэр шиг яриа гараад байгаа. Тийм юм байхгүй.

-Та баттай хэлж байна уу?

-Баттай хэлж чадна.

-Их аварга Д.Дагвадорж улс төрөөс ангид явна гэсэн үг үү?

-Тийм.

-Ингээд л асуугаад байвал дуусахгүй нь. Ярилцлагаа үүгээр жаргаая. Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй, чин сэтгэлийн ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-За баярлалаа. Танай сонины хамт олонд ч бас амжилт хүсье. “Үндэсний мэдээ” сонин нэлээд хүчтэй гарч ирж байгаа юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Танай сонин Монголын сонины зах зээлд бас нэг том сэргэлт өгөв үү гэж харж байгаа шүү. Хүмүүс телевиз, сайтуудын мэдээг үзээд сонины зах зээлд анхаарлаа бага хандуулж байна уу даа гэж анзаарагддаг байсан. Сая танай сонин гарч ирээд маркетинг, сурталчилгааны тал дээр овоо далайцтай ажил хийчихэв үү гэж бодогдож байна. Хамгийн гол нь үнэн бодитой, эх орондоо хэрэгтэй мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдаж түгээх үйлсэд тань амжилт хүсье. Сайхан нэр шигээ сайн сайхан амжилтанд хүрэх болтугай гэж ерөөе дөө.

-Танд гялайлаа. “Үндэсний мэдээ”-гийн хамт олон, уншигчид таны энэ ерөөлөөр хөглөгдөж, урамшиж ажиллах байх аа. Бид хичээнэ ээ.

Ярилцсан: М.Мөнхсүлд

Эх сурвалж: Үндэсний мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car