2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархалт нэмэгдсээр байна
2014 оны 11 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм.
10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногоос 6.4, өмнөх оны мөн үеэс 11.9 тохиолдлоор тус тус нэмэгджээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 72.294 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,694 (9.6%)нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 2.3%, өнгөрсөн оны мөн үеэс 2.7%-иар их, 10,000 хүн амд 56.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 13.2, өмнөх оны мөн үеэс 17.3 тохиолдлоор мөн нэмэгджээ.
Лабораторид суурилсан тандалтаар цуглуулсан 30 сорьцыг шинжлэхэд 13 (43%) сорьцод респиратор-синцитиаль вирус /уушиг гэмтээдэг/, 7 (23%) сорьцонд риновирус, 2 (6%) сорьцонд тус бүр коронавирус, энтеровирус, аденовирусын ДНХ тус тус илэрчээ.
Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:
• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,
• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,
• Гараа тогтмол савандаж угаах,
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,
• Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 (36%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.
Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв
Холбоотой мэдээ
Comments are closed.