antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 Comments are off

Усэйн Болт: Би бол хөнгөн атлетикийн Майкл Жордан

нийтлэсэн Admin

Олимпийн гурав, дэлхийн таван удаагийн аварга, 100, 200 метрийн дэлхийн рекордыг эзэмшигч Усэйн Болтын нэгэн сонирхолтой ярилцлагыг толилуулъя.
-Ямайкийн хөнгөн атлетикийн холбооны вэб хуудсыг нээхэд “Яагаад ямайкчууд салхи шиг хурдан гүйдэг юм бэ” гэсэн үгтэй регги стилийн дуу эгшиглэдэг. Яагаад ямайкчууд салхи шиг хурдан гүйдэг юм бэ?
-Хэргийн гол нь бидний иддэг хүнсэнд байгаа юм. Ямайкчууд боолчуудын үр удам учраас гол хоол хүнс нь төмс байсан.

-Төмснөөс өөр нууц байхгүй гэж үү?
-Манайд жил бүр Чэмпс хэмээх гүйлтийн том тэмцээн болдог. Ямайкчуудын хувьд Чэмпс бол олимпоос дутахааргүй онцгой нэр хүндтэй тэмцээн учраас маш их ач холбогдол өгдөг. Эндээс дасгалжуулагчид авьяаслаг охид, хөвгүүдийг сонгож авдаг юм. Тэгээд заримыг Америкт аваачиж сургадаг. Харин би тийшээ явалгүй үлдэж, Кингстонд хувиараа бэлтгэл хийсэн юм. Уг нь Калифорнийн коллежоос надад урилга ирсэн л дээ.

-Яагаад?
-Ээжээсээ, гэр бүлээсээ холдоно гэхээр санаанд багтахгүй байсан. Дээр нь Америкт цаг агаар нь хүйтэн байдаг болохоор бага зэрэг хулчийсан хэрэг.

-Таны хувьд Калифорнийн цаг агаар хүртэл хүйтэн хэрэг үү?
-Тэр үед Нэгдсэн улсын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Сүүлд Майамид тэмцээнээр очиход төсөөлж байснаас дулаахан санагдсан. Гэхдээ тэндхийн нар нь Ямайкийнхыг гүйцэхгүй юм билээ. Ирэх жил олимпийн үеэр Лондонд цаг агаар сайхан байгаасай гэж залбирч байна. Хэрвээ бороо орвол ч асуудал үүснэ шүү.

-Дасгалжуулагчгүйгээр бэлтгэл хийж эхлэхэд хэцүү байсан байлгүй?
-Би дунд сургуульд байхын л хэн нэгнээр удирдуулахын учрыг ойлгодоггүй байлаа. “Хурдан гүйж л байвал болох нь тэр” бодох. Харин 2007 оны ДАШТ-ий 200 метрийн финалд Тайсон Гэйд ялагдсандаа гутраад сууж байтал шигшээгийн дасгалжуулагч маань дөхөж ирээд “Чамд жаахан хүч дутагдаад байна” гэж хэлсэн юм. Түүний зөвлөгөө ёсоор хүчний дасгал хийдэг болсноосоо хойш ялагдал гээчийг мартсан.

-Бээжингийн олимпод барианд илт тасархай орж ирэхдээ гаргасан үйлдлийг чинь ОУОХ-ны ерөнхийлгч Жак Рогге “Өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн явдал” хэмээн шүүмжилсэн . Олимпийн боссын зэмлэлийг яаж хүлээж авсан бэ?
-Миний толгойд хэзээ ч тийм санаа орж ирээгүй гэдгийг батлан хэлье.

– Хурдаа сааруулсандаа та өөрөө ч харамсаагүй гэж үү. Хэрвээ шоудаагүй бол 9.58 сек гэсэн рекорд амжилтаа аль гурван жилийн өмнө Бээжинд тогтоочих боломж байсан шүү дээ?
-Тэр үед би рекорд тогтоохыг бус түрүүлэхийг л хүсч байсан. Барианд дөхөж очих мөчид эргэн тойронд хүн байгаа эсэхийг харахыг хүссэн. Тэгээд ойр хавьд хэн нэгэн байхгүйг мэдээд финиш хийхээсээ өмнө түрүүлснээ тэмдэглэсэн хэрэг.

-Та зургаа авахуулахдаа их өвөрмөц поза авдаг?
-Энэ бол бүжгийн хөдөлгөөн. Харин одоо энэ позыг хувцсан дээрээ мөнхөлсөн. Майкл Жордан цагариганд тохож буй агшин нь “Air Jordan”-ы бэлгэдэл болсон биз дээ. Тэгэхээр би өөрийгөө хөнгөн атлетикийн Майкл Жордан гэж үздэг гэсэн үг.

-Үзэгчид Лондонд танаас шинэ зүйл хүсэх нь лавтай?
-Мэдээж Лондоны олимп миний амьдралын хамгийн чухал үйл явдлуудын нэг болох учраас хөгжөөн дэмжигчдэдээ шинэ сюрприз бэлдсэн байгаа.

-Таны гол өрсөлдөгч нутаг нэгт Йохан Блэйк мөн үү?
-Бид хамтдаа бэлтгэл хийж, үргэлж түүнд зааж зөвлөдгийн хувьд Блэйкийг хэзээ ч өрсөлдөгчөө гэж бодож байсангүй. Тэгээд ч бид хоёр халз өрсөлдөж байсан удаа ховор. “Дэгү 2011”-д Блэйктэй уралдах боломж гарсан ч фальстартаас болоод би уралдаанаас хасагдсан. Яваандаа Йохантай өрсөлдөх хэрэг гарч магадгүй ч надад Тайсон Гэй, Асафа Пауэлл нарыг ялсан арвин баялаг туршлага бий.

-Гэвч Блэйкийн амжилт гэрлийн хурдаар өсч байгаа шүү дээ. Түүний цагийг таны хүүхэд байхдаа үзүүлж байсан амжилттай харьцуулбал Йоханы талд жин дарж байгаа…
-Йохан залуу байна. Цаашид улам их амжилт гаргах нь ойлгомжтой. Тэр надтай 100 метрт тэнцүүхэн өрсөлдөж мэдэх юм. Гэхдээ 200-д намайг ялахад маш хэцүү гэдгийг хэлье.

-Та аль зайд нь уралдах илүү дуртай вэ?
-Мэдээж 200 метр. Энэ бол миний хамгийн дуртай зай. 100-д гараан дээр алдаа гаргахад түрүүлэх тухай санахын ч хэрэггүй болдог. Харин 200-д бол өөр хэрэг, алдаагаа залруулах боломжтой.

-Карл Льюис нэгэнтээ “Дэлхийн хамгийн хурдан хүн ч 100 метрт 9.50 секундээс богино хугацаанд гүйж чадахгүй” гэж хэлсэнтэй санал нийлэх үү?
-Хүний хүч, боломжид хязгаар үгүй шүү дээ. Намайг 9.80 сек гүйхэд бүгд л “Бээжинд 9.70 гүйчихвэл жинхэнэ гайхамшиг болно” гэж байсан. Гэтэл би 9.69-ийн амжилт үзүүлж, одоо 9.58 болгочихоод байна. Техникээ төгс болгочихвол 9.50-иас дотогшоо гүйх боломж бий.

-Дасгалжуулагч Майк Пауэлл чинь таныг уртын харайлтаар ч дэлхийн дээд амжилтыг эвдэх боломжтой гэсэн…
-Ер нь гүйгчид нас нь ахмад ирэхээр аяндаа харайлт руу шилждэг юм шиг байгаа. Би уртын харайлтын тэмцээнийг анхааралтай үздэг болохоор “Хэзээ нэгэн цагт оролдоод үзнэ дээ” гэж боддог. Лондоны олимпийн дараа хэрхэхээ шийднэ. Дараагийн ДАШТ-д намайг харайлтын талбарт харж ч магадгүй шүү. Нэг нууц дэлгэхэд би өмнө нь зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр хичээллэж байсан.

-Та амьд домог мөн үү?
-Хүн болгон домог болохын төлөө хөдөлмөрлөдөг. Би тэдний нэг.

-Тэгвэл ямайка үндэсний бэлгэ тэмдэг мөн үү?
-Тэгэлгүй яахав.

Дэлхийн хамгийн хурдан хүний шилдэг үзүүлэлтүүд
Он Нас 100 м 200м
2001 14 – 21.73 сек
2002 15 – 20.58
2003 16 – 20.13
2004 17 – 19.93
2005 18 – 19.99
2006 19 – 19.98
2007 20 10.03 19.75
2008 21 9.69 19.30
2009 22 9.58 19.19
2010 23 9.82 19.56
2011 24 9.76 19.40

Р.МАНЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car