Тэртээх социалист нийгмийн үед монголчууд бидний тухай “Цагаан арьстнуудыг зарцалсан цорын ганц өнгөт арьстнууд” гэх онигоо ч юм шиг, магтаал ч юм шиг явган яриа дэлхийгээр тэнэж явдаг байж билээ. Үнэхээр ч бид оросуудаар төмөр замаа тавиулж, унгарчуудаар үйлдвэрээ бариулж, чехүүдээр геологи хайгуулаа хийлгэж цагаан арьстнуудыг зараад ч байгаа юм шиг амьдарч байлаа.
Гэвч тийм их баян тарган, аз жаргалтай улс байл уу. Тэгвэл өнөө цагт бидний тухай дээрх сэдвээр ямар явган яриа хорвоо дэлхийгээр тэнэж яваа бол?
Магадгүй онцгой албан ажлаар л гадаадад зорчих ганц нэг иргэндээ “виз” олгодог Хойд Солонгос хэмээх дэлхийн хамгийн хатуу, чанга, хаалттай улсын иргэдийг мянга мянгаар нь бөөндөж авч ирээд ажиллуулж чаддаг агуу дипломатууд хэмээж байж болох юм.
Бид үүгээр дипломатуудынхаа “агуу амжилтыг” магтан дуулах гэсэнгүй. Тийм хүсэл ч алга. Учир нь энэ “агуу амжилтын” гайгаар Монголын олон хөдөлмөрч иргэн ажлын байраа алдаж, олон айл өрх амьжиргаагүй болж, бяцхан үрс маань хоосон хонож байна. Ийм эмгэнэлт байдалд орсон өрхийн тэргүүнүүдийн нэг, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн А.Ганхуягтай дээрх сэдвээр хийсэн ярилцлагынхаа онцлох хэсгийг сийрүүлье.
Иргэн А.Ганхуяг:
-А.Ганхуяг гуай та чухам ямар ажил эрхэлдэг вэ?
-Би хэдэн нөхдийнхөө хамт баг бүрдүүлээд барилгын салбарт ажилдаг.
-Улс орны маань өнгө төрхийг өдрөөс өдөрт нэмж байгаа гоё гоё барилгуудыг барьдаг хүн байх нь ээ?
-Нэг их бариад байх нь ч юу байх вэ. Том компаниудын авсан ажилд туслан гүйцэтгэгч, туслах ажилчнаар л ордог.
-Тэгвэл та чинь гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтэн шаардлагатай нарийн технологийн ажил үйлдвэрлэл эрхэлдэггүй л юм байна шүү дээ. Яагаад ажлынхаа байрыг гадаадын иргэдэд алдав?
-Ямар юмных нь монгол хүн хийж чадахгүй нарийн технологийн ажил байх вэ. Монголчууд сайн хийж чадах барилгын ердийн л ажил.
-Барилгын компаниудын эзэдтэй уулзаж байхад монгол ажилчдаа “Ажил хийж чаддаггүй” гээд их ам муутай байдаг юм билээ?
-Тэр ч яах вэ. Нэг тиймэрхүү яриа байдаг. Олон л учир шалтгаан бий.
-Тухайлбал?
-Хамгийн гол нь цалин хангамж муу учраас. Цалин өндөртөй гадаад оронд очихоороо манайхан бусдыг гайхан биширтэл ажилладаг шүү дээ.
-Та яг ямар компанид ажиллаж байсан юм бэ?
-“Их гүрэн” ХХК-д ажиллаж байлаа.
-Танай компани Хойд Солонгосын хэдэн иргэн ажиллуулж байна?
-30 гаруй.
-Ер нь танайхаас өөр ямар компани Хойд Солонгосын иргэдийг ажиллуулж байна вэ?
-Ер нь бол маш олон компани Хойд Солонгосын иргэдийг ажиллуулдаг. Олны танил том компани гэвэл Б.Чинбат захиралтай “Гацуурт” компани Хойд Солонгосын 50 гаруй иргэнийг ажиллуулдаг. Бас Б.Чойжилсүрэн захиралтай “Хурд” компани Хойд Солонгосын 200 гаруй иргэнийг оруулж ирсэн.
А.Ганхуяг гуайтай уулзсаны дараа түүний хуучин ажил олгогч барилгын нэгэн томоохон компанийн захиралтай уулзаж ярилцсан юм /Тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв/.
Энэхүү ярилцлагын анхаарал татах хэсгийг сийрүүлье:
-Өөрийн монгол ажилчидтайгаа хамтран ажиллахад үнэхээр тийм хэцүү юм уу. Яагаад заавал гаднаас ажиллах хүч авч монгол ажилчдаа ажлын байргүй болгож байгаа юм бэ?
-Асуултын чинь санааг ойлголоо. Үнэндээ ийм олон монгол иргэн амьжиргаанаасаа салж байгаад миний сэтгэл эмзэглэдэг. Би ямар ч байсан монгол хүн. Гэвч нөгөө талаас амьдралынхаа төлөө ажил бизнес эрхэлж байгаа хүн. Бизнесээ ашигтай явуулах нь миний үүрэг. Монгол ажилчидтай ажил, бизнес амжилттай явуулахад үнэхээр хэцүү. Манайхан залхуу, ажил тасална, ажлаа хаяж архидна, барилгын материал хулгайлна гээд л их муу ажиллах хүчин.
-Таны хуучин ажилчин чинь өөрийнхөө муу ажиллах хүчин зүйл болсон шалтгааныг цалин хөлс хэт бага байгаатай холбон тайлбарлаж байсан?
-Тийм тал бий. Яг үнэнийг хэлэхэд цалин хөлс нэмэх хүндрэлтэй. Үйлээ үзэж байж нэг тендер авна. Төсвийн ихэнх нь тендер авч өгсөн олон шат дамжлагын дарга нарын халаасанд орчихно. Цалин хөлсөө нэмж чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Аргаа барахдаа хойд солонгосчуудыг оруулж ирж байх вэ. Тэд цалин хөлсөө голохгүй, ажлаа сайн хийдэг юм.
Нэрээ нууцлахыг хүссэн барилгын компанийн захирал ийм байр суурьтай байсан бол төрийн байгууллагууд ямар хариу өгөхийг бид сонирхсон юм. Нэн түрүүнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас “Хойд Солонгосын олон иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж, нийгмийн эмзэг хэсгийнхний ажлын байрыг булааж байна.
Та бүхний мэдэж байгаагаар Хойд Солонгосын хичнээн иргэн манай улсад орж ирсэн бэ” гэж тодруулахад “Ер нь бол Хойд Солонгосын 1500-гаад иргэн орж ирсэн. Чухам хэд нь, хаана, ямар ажил эрхэлж байгаа талаар бид сайн мэдэхгүй юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар л мэдэх байх, тэднийх л квот олгодог” гэсэн бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Хаана, ямар хүмүүс орж ирчихээд байна вэ” гэж өөдөөс сөргүүлэн асуув. Гадаад харилцааны яамны тухайд “Энэ чинь манай яаманд тийм ч хамаатай асуудал биш байна. Манай яам албаны хүрээнийхэнтэй л харилцдаг. Гадаадын хямд ажиллах хүчин гэх мэт зүйлийн талаар сайн мэдэхгүй юм” гэж хариуллаа.
Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Энэ талаар сонирхож байгаа чинь сайн байна. Одоогоор нарийн тодорхой зүйл хэлж чадахгүй нь ээ” гэх зэргээр хэнэг ч үгүй мэдэн будилцгааж байна лээ. Тэгэхээр төрийн байгууллага, холбогдох газрууд л энэхүү асуудлаа тооцоолж, бодлогоо тодорхойлохгүй юм бол хэн энэ бүхний эцсийн хариуг өгөх юм бэ.
Ц.Уртнасан
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
Comments are closed.