ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдаж, зарим хүнийг ажлаас нь халах, чөлөөлөх, шилжүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэргийнхүүг цагдаагийн байгууллагаас халжээ. Халах үндэслэл нь ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг долоо, 33 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон. Тэрбээр албан тушаалаа ашиглан албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагад нөлөөлөхийг оролдсоноос гадна өөрт нь захирагддаг буюу хяналт тавьдаг албан тушаалтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг завдсан хэмээн ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрынхан тогтоож, АТГ-т шилжүүлсэн аж. Тиймээс АТГ-аас арга хэмжээ авах саналыг ЦЕГ-ын даргад хүргүүлсний дагуу ийнхүү шийдвэрлэжээ.
Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Нямжав, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа И.Батчулуун нарыг чөлөөлөхөөр болсон байна. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганзоригийг томилжээ. Хурандаа Б.Цэргийнхүү, Ш.Доржпалам нарын оронд хэн нэгнийг томилоогүй гэнэ.
Uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.