Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төсөл энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдад хэрэгжихээр болсон.
Гэсэн хэдий ч энэ төсөл гацсан гэдгийг орон нутгаас мэдээлж байна. Тэгэхээр нь хөрөнгө мөнгө санхүүгээс болж гацсан болов уу гэсэн нь ташаарсан байжээ. Тодруулбал, ихэнх төсөлд шалгарсан “Армот” компани ийнхүү төрийн мөнгийг авчихаад юу ч хийгээгүй байна. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул суманд хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэл тааруу, чанаргүй болсон гэх хэл ам ч дагуулсан.
Тухайлбал, өдгөө Хэнтий аймгийн Биндэр суманд энэхүү төсөл хэрэгжиж буй. Уг нь бол Биндэр сумын төсөл өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл гуравдугаар сард төрөөс санхүүгийн асуудлыг нь шийдсэн хэрэг. Ийнхүү таван тэрбум төгрөгийн төсөл авсан “Армот” Биндэр суманд дөрөвдүгээр сард шав тавиад сураг алдарчээ.
Ийнхүү орон нутгийн удирдлагууд, иргэд гомдол санал гаргаж байж нэг удаа “Армот”-ыг авчирсан ч ажлаа дутуу орхиод явсан байна. Яг өнөөдрийн байдлаар ажил явагдаж байгааг орон нутгаас мэдээлсэн. Гэхдээ тэд ийнхүү хүйтэн ортол ажилласан болж, хүмүүст харагдаад алга болох нь тодорхой гэдгийг ч нуусангүй. Яагаад гэхээр төслийн мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Бодвол хувийн бизнестээ зориулсан байх. Тиймээс мөнгөгүй улмаас энэ ажил ингэсхийгээд зогсоно. Тэдний хувьд хүйтэн сэрүүний улирал нэрээр халхавч хийгээд буцаж таарна. Ингээд ирэх хавар “Армот” үгүй хийсэн төслийн мөнгийг босгож гэмээнэ энэ ажил урагшаа явах болов уу гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн юм.
Дашрамд дурдахад энэ мэт Төрийн мөнгөөр тоглож ажил гацаадаг компаниудыг Төр хар дансандаа бүртгэж, ямар нэгэн төсөлд шалгаруулахгүй байвал яасан юм бэ. “Армот”-ын хувьд олон суманд ажил гүйцэтгэхээр шалгарсан ч ийнхүү ажлыг нь гацааж, хийсэн нэгнийх нь гүйцэтгэл туйлын муу байна. Уншигч та энэ зурган дээрх ажлын гүйцэтгэлийг хараарай. Төрөөс таван тэрбум төгрөг авчихаад хагас жил гаруй болоход гүйцэтгэсэн ажил нь энэ.
А.Сайнцог
– See more at: http://www.unen.mn/content/41039.shtml#sthash.0gKQemnV.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.