antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Обамаг хар л даа, тэр бүгдэд боломж олгох тухай ярьж байна

нийтлэсэн Admin

Эрх баригчдынхаа явуулж буй бодлого үйл ажиллагааг буруу байна хэмээн жагсаж эхэлсэн  АНУ-ын “Уолл стритийг эзэл” хөдөлгөөнийхөн саяхан Нью-Йоркоос Вашингтонд хүрчээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг нэгэн сургууль дээр эдийн засгийн талаар илтгэл тавих үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, тайван жагсаал хийж буй олон мянган хүнийг баривчлаад байна” гэж хашгиралджээ.

Барак  Обама тэднийг тайвшрахыг сануулаад “Хичээн зүтгэж ажиллах юм бол хүссэндээ хүрэх боломж бүгдэд бий гэх ойлголтыг “Уолл стритийг эзэл” хөдөлгөөнийхөн үгүйсгэж байна. Америк бол хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог орон биш. Бүгдийн өмнө боломж олгодог орон. Ийм хэвээр байлгахын төлөө бид ажиллаж байна” гэж  хэлжээ.

Том улсын Ерөнхийлөгч том дуугарчээ.  Обама шиг ингэж хэлэх сачийтай нь манай улстөрч гэгдэх нөхөд дотор алга. Улс орон удирдаж байгаа хүмүүст ч алга.  “Бүгдэд адилхан боломж олгохын тулд хичээнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлж байхад манайд эсрэгээр хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог. Хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалдаг. Цаана нь тэр ард түмний ихэнх нь ядуу зүдүү байгаа эсэх нь манай төр түшиж байгаа нөхдөд падгүй.

Эрх баригчдын эсрэг хэн нэгэн дуугарч, жагсаал цуглаан хийвэл  толгойлогчийг нь барьж аваад тойглоод эхэлдэг. Үүнээс нь болоод үнэнээсээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг,  дуугарах  биш эрх баригчдын анхааралд өртөж, тэднийг айлгаж сүрдүүлээд оронд нь хоолондоо хүрч, эрх баригчдаас өөртөө хэрэгтэй амлалт өгүүлэх хүсэлтэй жүжигчид олширсон.

Эхэндээ жагсаал цуглаан, тэмцэл, шинэчлэл гэдэг жинхэнэ утгаараа байсан гэдгийг бас үгүйсгэж болохгүй. Сүүл рүүгээ муухан найруулсан жүжиг болж хувирсан ч одоо ч хуурамч тэмцэгчдийн хоолондоо хүрэх гэсэн энэ арга өөрчлөгдөөгүй байгаа.

Эрх баригчид дуугарсан хүмүүсийг хэрхэн хоолонд нь хүргэж байсан талаар саная.

УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Уламжлал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүр”-ийг байгуулж намдаа шинэчлэлийн салхи салхилуулж байсан нэгэн. УИХ-ын гишүүн ч үгүй, ажил ч үгүй явсан тэр үедээ  намын шинэчлэл ярьж, жигүүрийг байгуулж байсан. Хэдийгээр албан тушаалгүй үлдсэн хүмүүсийн бөөгнөрөл гэж хардагдаж, өөрсдөө ч үүнийгээ эсэргүүцэж байсан ч  жигүүр үүргээ гүйцэтгэж байсан. Намын удирдлагууд сандарч, тэдэнтэй уулзан учир байдлыг нь сонсдог байлаа. Зарим нэг нь дургүйцлээ барьж дийлэхгүй элдвээр нь хэлж, буудчих юмсан гэж хүртэл хэлж байсныг уншигчид санаж байгаа. Ингээд байж байтал жигүүрийн удирдагч УИХ-д нэр дэвших эрхээ авч жигүүрийн гишүүд нь ч толгойлогчийнхоо төлөө халаасаа хоосортол хувийн машин тэргээрээ Хөвсгөлөөр нэг давхиж байж сонгуулийн ард гарсан. Ө.Энхтүвшин ч ялсан. Сонгуулийн маргааш л хамт тэмцэж явсан нөхдөө мартаж, жигүүрээ жийсэн дээ. Ө.Энхтүвшин одоо УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга. Цаашлаад намын дарга, Ерөнхий сайд хийчих дайны хүмүүсийн тэргүүнэгнээнд яригдаж байгаа. Ямар ч байсан тэр хоолондоо хүрсээн. Түүний тэмцэл намд нь биш, найз нөхдөд нь бус,  өөрт нь ашигтай туссан. Жигүүрийн анхдагчдаас хоолондоо хүрч, албан тушаалд хүрсэн хүмүүс бас бий. Зам тээвэр барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан А.Базархүү Улаан-Үүдэд консул, УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба Мэргэжлийн хяналтын газрын даргаар, Д.Мөрөн  Гадаадын иргэн харьяатын газрын даргаар, Р.Содхүү Мэргэжлийн хяналтын газрын даргаар очицгоосон.

Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров байна. Иргэний хөдөлгөөнд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг шүүмжилж явсан бүсгүй гэнэт л Ардын намд элссэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан.

“Шинэ эргэлт” гэж намын шинэчлэл ярьдаг хөдөлгөөн байв. Жигүүрийн дараа гарч ирсэн.  “Шинэ эргэлт” хөдөлгөөний гол төлөөлөгч нь Н.Цагаанхүү, Ч.Жаргалсайхан нар. Уг нь намынхаа авлигачдыг олонд зарлана гээд явж байсан. Олон ч хүн тэднийг намаасаа төрсөн тэрбумтнуудыг зарлах нь гэж хүлээж байлаа. Харин тэд тэгсэнгүй. Одоо Ч.Жаргалсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд. Н.Цагаанхүү намын Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байгаа.

Хамгийн сүүлийн жишээ иргэн Б.Лхагважав. Эрхэлдэг бизнесээр нь “Урбанек”-ийн ч гэдэг. Үүсгэсэн  хөдөлгөөнөөр нь “Үндэсний соёмбо”-ын ч гэж тодотгодог. Эрх баригчдыг шүүмжилж, жагсаж, цуглаж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж явсан түүнийг  гэнэт МАН-ын үүрэнд иччихнэ хэмээн хэн ч санаагүй. “Олон нам санал тавьсан ч тэдэн дотроос МАН-ыг сонгосон” гэж тэрээр хэлсэн байна лээ. МАН-ыг шүүмжилж, эрх баригчдыг элдвээр нь хэлж, болох бүтэхгүйг нь  дуудаж явсан тэрээр гэнэт л МАН-д элссэнийхээ дараа “Энэ нам шинэчлэгдэж байгаа” гэж ирээд л “МАН-д элссэндээ жигтэйхэн баяртай байгаа”-гаа дуулгасан нь хачирхмаар. Одоо тэрээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. МАН-ын өвөрт Ардчилсан нам орлоо гэж хашгирч явсан тэрээр Ардын намын өвөрт өөрөө шургасан нь энэ.

Одоо Үйлдвэрчний эвлэлийн толгойлогч С.Ганбаатар цалин хөлс нэмүүлэх, багш нарын ажил хаялт гээд өөд уруугүй тэмцэх болов. Ардын хүүхдүүд ном эрдэм сурах тэрэнд падгүй, багш нар л цалинтай болох нь чухал гэнэ. Түүнийг ч бас дараагийн ээлжинд хоолондоо хүрэхээр тэмцэж байгаа хүний нэг гэдэг.

Дээрх жишээнүүдэд дурдагдсан хүмүүсийн зарим нь тэмцэж яваад эрх баригчдад шүүрүүлж, хоолондоо хүрч, тэдний эсрэг ам ангайх эрхгүй болсон. Зарим нь өөрсдөө сайн дураараа тэмцлээр айлгаж, шинэчлэлээр далайлгаж албан тушаалд очсон. Мөн энд нэр дурдагдаагүй олон хүн үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Ер нь манайд гарч ирдэг элдэв жагсаал, тэмцлийн толгойлогч яаж ийгээд л эрх баригчдийн атганд орж, сэтгэлд багтаж, татаасанд явчихдаг нэг тийм увайгүй урвагч болдог, болгодог жишиг тогтчихлоо. Толгойлогчийг нь худалдаж авдаг. Тэгээд тэр тэмцэл зогсдог.

Тэмцэл гэдэг эрх баригчдын өвөрт шургах, тэдэнд урвах шарвах, албан тушаалд очихын нэр биш. Одоо бол манай эрх баригчид хэдэн олигархиудаараа амьдралыг төсөөлж, ард түмнээрээ даажигнаж байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч бүгдийг боломжид хүргэх тухай ярьж байдаг. Манайх толгойлогчийг нь худалдаж авах замаар асуудалд ханддаг. Манайд тэмцэл гэдэг нэртэй  эрүүл бус үр дагаврыг бий болгодог арга зам байдаг болчихлоо. Дараа  ээлжнийхэн хоолондоо дугаарлахын тулд тэмцдэг болсон нь хэвийн зүйл. Урвах, үзэл бодлоо солих,  нийгмийг худалдах жирийн үйл явдал шиг болгож өөгшүүлж нийгмийг улам зэрлэгшүүлж хүн чанаргүй, увайгүй болгож байна Тэмцлийн үр дүн бүгдэд адилхан боломж олгохын төлөө байдаг. Тэмцэл бол хэн нэгэн хоолонд хүрдэг хэрэгсэл биш. Манай удирдлагууд хэсэг бүлэг хүний хоолны тухай боддог, эсвэл өөрсдөө албан тушаал, эрх мэдэлтэйгээ үлдэхийн  тулд тэмцэгчдийн толгойлогчийг худалдаж авдаг. Обама шиг зоригтой дуугарах удирдагч Монголд одоо хэр нь алга. Зориг нь байсан ч хүсэл нь байхгүй. Яагаад гэвэл тэд хэсэг бүлэгт л үйлчилдэг.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car