Өдгөөгөөс хоёр жилийн өмнө “Эрин” эмнэлгийн барилга дээр ажиллаж байсан ОБЕГ-ын ажилтан Н.Очирбат хүндээр гэмтсэн билээ. Хамгийн ноцтой нь аврах ангийн алба хаагчдыг хууль зөрчин барилга дээр ажиллуулах тушаалыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнх өгсөн гэдэг. Харин Н.Очирбатын хөдөлмөрийн чадварыг бүрэн алдуулж хууль зөрчсөн А.Батмөнхөд Онцгой байдлын ерөнхий газраас хариуцлага тооцохдоо зүгээр л албан тушаалыг нь бууруулан, өөр газар луу шилжүүлсэн байгаа юм. Гэтэл түүний оронд нь Д.Чинзориг гэх хүнийг захирагчаар томилсон нь “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэлийн хамаатны дүү нь байсан гээд хувийн ашиг сонирхол дүүрэн энэ сүлжээ хүний амьдралаар тоглочихоод өдгөө бүр тавлаж доромжлохдоо тулаад байгааг эх сурвалжууд хэлж байна.
Тухайн үед буюу осол гарсны дараа “Хурилдуур” ХХК-ийн “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нар “Хэвлэлийнхэнд битгий хандаарай. Амьд л босоод ирдэг юм бол хаашаа ч хамаагүй аваад явна. Ар гэрийг чинь тэтгэнэ. Санаа зоволтгүй” хэмээн гуйсан байна. Тэгэхээр нь Н.Очирбатын гэргий хүн чанар гаргаад ямар ч чимээ анир гаргаагүй аж. Гэтэл дээрх эрхмүүд уулзаж туслах бүү хэл утсаар ч яриагүй гэнэ. Өнөөдөр Н.Очирбатынх гэдэг айл нийтдээ 80 гаруй сая төгрөгийн өр тавьж эмчилгээ хийлгэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд эмчилгээний зардал болгож тавьсан өр нь өдрөөс өдөрт хүү нь өсч байгаа аж. Тиймээс арга ядсан түүний эхнэр Б.Хулан ч хэвлэл мэдээлэлд хандсан байна лээ.
Тэрээр хэлэхдээ “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нар цааш нааш яриа гаргахгүй байхыг гуйж байсан өнөөдөр огт тоодоггүй юм. Энэтхэг явж ирчихээд бид хэвлэлийн бага хурал ч хийж байсан. Эд нар ингэж л байдаг юм гэсэн янзтай байсаар өдий хүрлээ. Утсаа авахгүй. Авахаараа “Шүүхдээд яв. Шүүхээрээ асуудлаа шийдүүл” гэх хариу хэлдэг. Бид тухайн үед нь Үйлдвэрчний эвлэлийн дарга байсан С.Ганбаатар, Э.Бат-Үүл даргад хандаж үзсэн. ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид хандсан гээд өчнөөн өргөдөл гомдол, бичиг баримт дүүрэн хавтаст хэргийг чинээ л бичиг цаастай болчихоод байж байна. Уг нь бид Н.Очирбат гэж хүний эмчилгээнд зарцуулсан мөнгийг л авья гэж тэр хүмүүсээс мөнгө нэхэж байгаа болохоос би ажилгүй болчихсон, өдрийн хоолгүй байна, хүүхдээ тэжээе гэж мөнгө нэхээгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэд осол гарсны дараа гаргасан бүх зардлаа нэг бүрчлэн бичиж тооцоход 58 сая төгрөг гарсан байсан. Энэ их мөнгийг тэд хамаатан садан, ах дүү, найз нөхдийнхөө тусламж дэм, хүнээс зээлсэн мөнгө, аавынхаа машин тэргийг зарж, хашаа байшинг нь барьцаалж байж арайхийж цуглуулсан мөнгө юм байна. Ингээд энэ хохирлыг барагдуулж өг гэж удаан шаардсаны эцэст шүүх хурлын өмнөхөн 55 сая төгрөг гаргаж өгсөн. Бид тэр мөнгөөр нь өр ширээ дараад, аавынхаа хашаа байшингийн барьцааг төлөөд өргүй болсон аж.
Ингээд арга ядсан тэд таньдаг нутгийн хүнээсээ 50 сая төгрөг зээлсэн нь өнөөдөр хүүтэйгээ 57 сая болоод дээрээс нь алданги гэж 25 сая төгрөг нийтдээ 83 сая төгрөгийн өртэй байгаа учраас арга буюу дээрх эрхмүүдэд хандсан байна.
Гэтэл эрхмүүд “Манай компани өчнөөн хохирчихлоо. Дахиж мөнгө өгч чадахгүй. Шүүхийнхээ журмаар яв” хэмээн доог тохуу хийхээ шахжээ. Тэр ч бүү хэл хүнийг тахир татуу хөдөлмөрийн чадваргүй болгочихсон эрхэм дээдсүүдийн “Баганат өргөө” болон “Эрин” эмнэлэг хоёулаа ашиглалтад орчихсон, үйл ажиллагаагаа явуулж байна. Яг ийм үед тэдний гэр бүл шүүх хуулийн байгууллагад найдсан ч шийдвэр тэдний талд бус эрхэм дээдсүүдийн талд гарсан нь сонирхолтой. Тэгэхээр мөнгө төгрөгтэй баян хүмүүс өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Уг нь хууль зүйн үүднээс нь авч үзвэл ажилтнаа барилга дээр ажиллуулах үүрэг өгсөн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнх хэмээх хүн туйлын буруутай. Түүнчлэн эмчилгээний зардлыг бүрэн төлөх ёстой “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нар ч хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл шүүхээс тэдний талд шийдвэр гаргаад байгаад олон хүн хардаж буй.
А.Гал
– See more at: http://www.unen.mn/content/39574.shtml?alias=unen#sthash.RqFMEwYl.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.