Хоёр хөршийн төрийн тэргүүн Монгол Улсад айлчлал хийсэн нь одоо ч олны анхаарлын төвд байна. Тэдний хооронд яригдсан яриа хэлцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж “Талын зам” төсөл урагшлах эсэх, хийн хоолойг Монголоор дамжуулах уу гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар энэ хоёр асуудлаар зөвхөн ярьж эхлээд орхисон бөгөөд цаашид яриа хэлцэл үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл, гурван улсын төрийн тэргүүн дээрх асуудлуудаар энэ сарын 11-12-нд уулзах нь гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тодруулбал, Тажик улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзах нь тодорхой болсон аж. Энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавьсан бөгөөд энэхүү уулзалт тун удахгүй болно гэдгийг Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдээлж байсны дагуу уулзалтын товыг даруйхан гаргахаар ярилцах гэнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан энэ уулзалтыг аль улсад зохион байгуулах вэ гэдгээ гурван улсын төрийн тэргүүнүүд Душанбед ярилцаж тов тогтоох бололтой. Харин Си Зиньпин удирдагчийн хувьд манай Ерөнхийлөгчийг ирэх арваннэгдүгээр сард болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад уриад байгаа бөгөөд энэ үеэр В.Путин Бээжинд саатах шалтгаан гарч болзошгүй нь гэсэн таамаг байгаа юм.
Ямартай ч хэрвээ энэ уулзалт болбол гурван улсын харилцааны түүхэн шинэ хэлбэр болох төдийгүй, “Талын зам”, хийн хоолойг Монголоор дамжуулах эсэх, төмөр замын асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадах ач холбогдолтой юм. Таамаг төдий яригдаж байгаа энэхүү мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Ерөнхийлөгч энэ долоо хоногт багтаад Душанбег зорихоор болжээ. Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.