Хотын төвөөс зайдуу дүүргүүдэд түргэний дуудлага өгөхөд цаг хугацаа алдаж ирдэг гэж олон нийт шүүмжилдэг. Харин түргэний тэрэг тийнхүү цаг хугацаа алддаг нь гэр хорооллын хаягжилт, оршин суугчдын хариуцлагагүй байдлаас шалтгаалдаг гэж эмнэлгийнхэн буруутгадаг билээ. Энэхүү доголдлыг шийдвэрлэхийн тулд гудамжуудыг бүрэн хаягжуулж, гудамж таглаж буусан айлыг нүүлгэх зэрэг олон ажил болдог байна. Харин энэ мэтийн хүндрэлүүдийг арилгахын тулд “Болзох цэг” байгуулахаар Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, түргэн тусламжийн 103 төв хамтран ажиллаж байгаа аж. Одоогоор болзох цэг байгуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжинд нийслэлийн 16 цэгт “Болзох цэг” байгуулах юм. Албаныхны мэдээлж буйгаар нийслэлийн бүх хороодод болзох цэг байгуулах газраа сонгон, цэг байгуулах албаныханд хүлээлгэж өгөхийг үүрэгджээ.
Энэ ажил хэр явцтай байгаа талаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Дамдинхорол “Манай хороонд л гэхэд Согоотын 77-77 гэсэн хаяг дээр 5-6 айл бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөдөө хаяг өгдөг. Тэр нь давхцаж, түргэнийхнийг төөрөгдөлд оруулах явдал гарсаар байна. Харин энэхүү замбараагүй байдлыг арилгахын тулд болзох цэг байгуулах ажил явагдах болсон нь нүдээ олсон хэрэг боллоо” гэв.
Тус хороонд болзох цэг байгуулж буй “Хайрхан бар“ компанийн инженер Д.Гансүх “Бид эхний ээлжинд болзох цэг байгуулах газраа сонгох гэж нэлээдгүй хугацаа алдлаа. Гэсэн хэдий ч бид одоо тухайн хороо, дүүргийн иргэдийн хамгийн сайн мэддэг, хүн олноор төвлөрсөн хэсгийг сонгон, түргэн тусламжийн лавлах бүхий самбар, гэрэлтүүлэг, талбайг гаргах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.