1998 оноос Монголын санхүүгийн зах зээлд бичил зээл олгож эхэлсэн “ХасБанк” өнөөдөр Монголдоо төдийгүй гадны зах зээлд хөрөнгө оруулалтыг амжилттай хийсээр байна. Тодруулбал, БНХАУ-ын Үрүмчи хотноо өдгөө гурван салбар бүхий “ТианРонг” бичил санхүүгийн байгууллагыг амжилттай ажиллуулж байгаа аж. Үйлдвэрлэл, үйлчилгээ, зээлийн бодлогоор дэлхийн хэмжээнд ноёрхлоо тогтоож ирсэн БНХАУ-д яагаад монголчууд ийнхүү амжилттай ажиллаж байна вэ гэдэг асуулт хэн бүхний анхаарлыг татах нь дамжиггүй. Тэр ч бүү хэл, Монголын Засгийн газрын түвшний айлчлалын нэг хэсэгт хүртэл тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр багтжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард Гадаад харилцааны сайд Л.Болд болон БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд, БНХАУ-ын төрийн албаны бусад хүмүүс “ТианРонг”-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын төлөөлөгчид сэтгэл хангалуун, бахархах сэтгэгдэл өвөрлөн буцсан сайхан мэдээ бий. Өмнө нь хятадууд л Монголд хөрөнгө оруулж байсныг сонсож байсан болохоос биш монголчууд Хятадад хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг мэдээгүй тул энэ сонирхолтой мэдээллийн дагуу “ХасБанк”-ны удирдлага, төлөөлөлтэй уулзаж дээрхи мэдээллийг тодруулсан юм.
– БНХАУ-д Монголын бичил санхүүгийн газар нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Үйл ажиллагаа нь хэр амжилттай явагдаж байна вэ? Сонирхуулбал, ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
– “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулсан “ТианРонг” нэртэй бичил санхүүгийн байгууллага маань хоёр дахь жилдээ БНХАУ-ын Шинжаан-Уйгарын нутагт үйл ажиллагаа явуулж байна. “ТианРонг” гэдэг нь орчуулбал Tian буюу тэнгэр, Rong буюу санхүү, монголчилбол “Тэнгэр санхүү” гэсэн утгатай үг юм. Манай “ХасБанк”-ны хувьд дэлхийн бичил санхүүгийн байгууллагууд дундаа маш том нэр хүндтэй, өөрийн гэсэн байр суурьтай, амжилттай явдаг төсөл. Энэ төслөө гадаад зах зээлд гаргах зорилгоор 2006 оноос олон газарт судалгаа хийгээд 2010 онд “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ТУЗ-д танилцуулж байсан. Бид эхний ээлжинд судалгаагаа БНХАУ болон ОХУ-д хийсэн. Эцэст нь Шинжаан-Уйгарт бичил санхүүгийн байгууллагаа байгуулсан. Ингээд 2012 оноос үйл ажиллагаа маань эхэлж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Ирэх есдүгээр сард хоёр жилийн ой маань болно.
– “Тэнгэр” санхүүгийн нэгдэл дангаараа Хятадын тэр том зах зээлд орсон гэсэн үг үү? Хятадын талд ямар нэгэн хувь эзэмшил бий юү?
– “ТианРонг” одоогоор таван хувь нийлүүлэгчтэй. Хамгийн том хувь нийлүүлэгч нь “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, өөрөөр хэлбэл “ХасБанк”. 51 хувийг нь эзэмшдэг. Хоёр дахь том хөрөнгө оруулагч нь IFC буюу Олон улсын санхүүгийн корпораци. Тус байгууллага анх биднийг Шинжаанд үйл ажиллагаа явуулахад техник туслалцаанаас эхлээд маш олон талаар дэмжсэн. Мөн орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага юм. Мөн Хятадын Xinjiang Longhaida гэж хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Shanghai Juhne гэж компани бас хувь нийлүүлсэн. Үүний дээр МАК буюу “Монголын алт корпораци” есөн хувийг нь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Монголын тал нийтдээ 60 хувийг эзэмшилтэй гэсэн үг. Компани маань өнөөдөр 40 орчим ажиллагсадтай, 700 гаруй идэвхтэй зээлдэгчидтэй, нийтдээ есөн сая орчим долларын зээл олгосон байна. Анх байгуулагдаж байхад 17 орчим сая долларын анхны хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Үүний 8,5 сая доллар нь “Тэнгэр” санхүүгийн нэгдлээс хийгдсэн юм. Энэ хөрөнгө оруулалт магадгүй манай улсын банк, санхүүгийн салбараас хийгдсэн гадаад дахь анхны том хөрөнгө оруулалт байх. Бид нар “0” цэгээс эхэлсэн. Энэ компанийн анхны судалгааг хийж, анхны ажиллагсдаа аваад, офисоо байгуулаад, засвараа хийгээд, зөвшөөрлөө хөөцөлдөж аваад эхэлж байсан юм. Өнөөдөр бид Үрүмчи хотод гурван салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
– Боловсон хүчний хувьд монгол ажиллагсадтай юу, эсвэл…?
– Компанийн гүйцэтгэх удирдлагад монгол хүмүүс ажилладаг. Жишээ нь, би гүйцэтгэх захирлаар хоёр жил орчим ажиллалаа. Үйл ажиллагаа эрхэлсэн захирал маань Тэнгис гэж монгол залуу байдаг. Манайх монгол болон бусад улсын ажилтнуудтай. Шинжааны хувьд нэг сонирхолтой зүйл нь Хятадын 59 үндэстэн, ястаны 40 орчим нь байдаг олон ястаны оршин суудаг өвөрмөц газар юм. Манай ажиллагсад дотор хятад буюу хан үндэстэн, хуй гээд мусульман хятад үндэстэн байна, казахууд байна, уйгур үндэстэн байна, изү гээд үндэстэн байна, бас америк ажилтантай. “ТианРонг” бол Шинжаанд гадны хөрөнгө оруулалттай байгуулагдсан анхны банк бус санхүүгийн байгууллага. Бид нарын үйл ажиллагаа явуулахад Үрүмчийн Засгийн газар маш ихээр дэмждэг. Бид нарын туршлагыг өөрийн орондоо нэвтрүүлэхэд их анхаарал хандуулж байгаа. Жишээ нь, тэнд үйл ажиллагаа эхлүүлэхэд нийтдээ 30 гаруй сая доллараар анхны үйл ажиллагаа эхлэх зөвшөөрлийг олгодог юм. Гэтэл бидэнд тэр үнийнхээ тал хувиар үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг олгосон. Орон нутгийн удирдлагуудын бидэнд өгсөн тэр их итгэлийг бид өнөөдөр алдаагүй, харин ч маш амжилттай ажиллаж байгаа.
– Судалгаа хийгээд “ТианРонг”-ийг байгуулсан гэж ярилаа. Яагаад заавал Үрүмчийг сонгох болов? Эрээн гэх мэт манайхтай хийх бизнес илүү хөгжсөн газрууд байна шүү дээ. Өөр боломж, хувилбар байсан уу?
– Бид судалгаа хийхдээ Хятадын өмнөд, хойд мужууд болон Өвөрмонгол, зүүн хэсэг гээд бүгдийг нь хамруулсан. Шинжааныг сонгосон олон шалтгаан байгаа л даа. Нэгдүгээрт, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл 50 болон түүнээс дээш хувь эзэмших боломж Шинжаанд л нээлттэй байсан. Бусад мужуудад гадны хөрөнгө оруулалтыг 20 болон 30 хувиар хязгаарладаг байв. Тэгэхээр үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин нааштай байсан гэсэн үг. Хоёрдугаарт, бизнесийн маш том боломж харагдсан. Шинжаан бол өөрөө олон улстай хиллэдэг Хятадын баруун хязгаар нутаг. Тэнд хуучнаар Дундад азийн орнуудыг холбож байсан Торгоны зам буюу худалдааны маш том төв байдаг. Тэнд бизнес илүү эрчимтэй хөгжиж байгаа. Бичил санхүүгийн салбар өөрөө хөгжсөн гэхээсээ илүү хөгжиж байгаа, хөгжлийнхөө шатанд яваа бүс нутагт илүү амжилттай явдаг жамтай. Тэнд жижиг зээл авах хэрэгцээ маш их, жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүст зээлийн хүртээмж бага байдаг. Банкууд нь л гэхэд бизнес хийж байгаа хүмүүст зээл олгодоггүй, олгохоор бол том хэмжээний барьцаа шаардахаас эхлээд өндөр шалгууртай байдаг юм. Тийм учраас бидэнд аятай таатай нөхцөл тэнд л байсан гэсэг үг.
-“Тэнгэр” санхүүгийн нэгдэл гэхээр Монголдоо анх л бараг айл гэрийн зурагт, хөргөгчийг ч болов барьцаалаад зээл олгодог байсан үеийг санаж байна. Тэр туршлага л Хятадад нэвтэрч байна аа даа. Тэгж харж болох уу?
-Яг үнэн. Бид нар анх 1998 онд жижиг зээлийн төслийг эхлүүлж байсан. 1999 оноос “Хөгжлийн алтан сан” гээд банк бус санхүүгийн байгууллага байгуулсан. Яг тэр үед эхлүүлж байсантай адилхан замаар тэнд эхлүүлсэн. Бид нарын тэнд ажиллаж байгаа зарчим гэвэл манайхтай ижил төстэй компаниудаас нэлээд өөр байдаг. Үрүмчи хотод манайх шиг үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани бий. Тэд нарын үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Тэд нарын олгож байгаа зээлийн хэмжээ маш том. Хамгийн багадаа нэг сая юань. Ойролцоогоор 800 мянга орчим доллар гэсэн үг. Бид нарын олгож буй зээлийн дээд хэмжээ 500 мянган юань. Өөрөөр хэлбэл, бид нарын зээлийн дээд хэмжээ тэд нарын доод хэмжээнээс хоёр дахин бага байгаа юм. Илүү жижиг зээлийг хамаагүй олон хүнд хүртээмжтэй олгож байна гэсэн үг. Хятад Улсын нэг онцлог нь гэвэл биет хөрөнгө барьцаалахаасаа илүү гуравдагч этгээдийн батлан даалтыг шаарддаг. Хятадууд бие биедээ нэр хүндээ алдахгүй, үнэнч хэлхээ холбоогоо гээхгүй байхыг эрхэмлэдэг хүмүүс юм билээ. Гуравдагч этгээд нь бизнесийн түнш нь эсвэл сайн найз нь ч юм уу, тэр зээл авч байгаа хүний өмнөөс батлан даалт гаргах замаар зээлддэг. Тэгэхээр яг Монголд хэрэгжиж байгаа хувилбарыг тэнд шууд нэвтрүүлэх боломжгүй юм. Гэхдээ л загвар нь ерөнхийдөө адилхан.
– Монголчууд маань их үрэлгэн талдаа хүмүүс. Монголчууд мөнгө олчихоод шууд үрдэг бол хятадууд олсон мөнгөнийхөө талыг хадгалдаг гэлцдэг. Танайх хадгаламж авч байна уу?
– Зээл олгодог компани учраас бид нар хадгаламжийн үйлчилгээ явуулдаггүй. Ажиглаад байх нь ээ, өөрийн чинь хэлснээр хятадууд “хадгалах” соёлтой хүмүүс. Банкууд дахь хадгаламжийн хэмжээ зээлийнхээсээ бүр хэд дахин их байдаг гэдэг юм билээ. Олсон орлогынхоо 50 хувийг шууд хадгалдаг гэдгийг бид судалгаа хийх явцдаа ч баталж байсан. Манай ажиллагсад ч гэсэн яг хадгалдаг. Санхүүгийн хувьд манайхаас өөр соёлтой хүмүүс.
– Бизнес бол хэзээ ч зогсолтгүйгээр урагшаа тэмүүлж байдаг зүйл. Одоо ингээд боллоо гэж боддог бизнесмэн хаана ч байдаггүй байх. Яг үүнтэй адил та бүхэн цаашдаа өргөжинө, дахиад өөр салбар, өөр гарцын талаар бодож л байгаа байх.
– Мэдээж, бизнесээ өргөжүүлэх бодол бидэнд бий. Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд удахгүй хоёр жил болох гэж байна. Энэ богино хугацаанд гурван салбартай болчихсон, төлөвлөснөөсөө хамаагүй хурдан хугацаанд өргөжиж байгаа. Улс төр, эдийн засгийн орчин таатай байвал бид цаашдаа Шинжааны бусад мужууд руу салбарлах боломж бий. Тийм зорилго ч байгаа. Эхний жилдээ бид ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөн. Өнөөдрийн байдлаар нэг сая долларын хуримтлагдсан ашигтай ажиллаж байна. Бид нар хөрөнгө оруулагчдынхаа саналыг байнга сонсдог. Бизнесийн зарчмаа ч ТУЗ-өөрөө ярилцаж гаргасан байдаг. ТУЗ маань долоон гишүүнтэй. Дөрөв нь хувь нийлүүлэгчдийнх, гурав нь “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн төлөөлөл байдаг. Хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг л бид эрхэмлэнэ. Мэдээж, бодлогын голлох хэсгийг “Тэнгэр” санхүүгийн нэгдэл гаргана. Бидний гол зорилго бол Монголын санхүүгийн зах зээл дээр 15 жилийн туршид амжилттай ажилласан туршлагаа тэнд нэвтрүүлэх явдал юм.
– Бидэнд яриагүй үлдээсэн зүйл байгаа байх.
– Бид нар “ТианРонг” дээр техник туслалцаа үзүүлдэг. Би л гэхэд Монголоос очиж хоёр жил орчим гүйцэтгэх захирлаар нь ажилласан. “ХасБанк”-ны зөвлөхүүд ээлж дараалан очиж ажилладаг. Хоёр долоо хоног, нэг сар, хоёр сараар сургалт хийдэг. Энэ бол монголчуудын хувьд маш том ололт. Бид нар гаднаас зөвлөх авчраад мөнгө төлдөг байсан бол өнөөдөр монголчууд Хятадад очиж зөвлөгөө өгдөг, тэр зардлыг нь Олон улсын санхүүгийн корпораци төлж байгаа. Тэгэхээр бид зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй туршлага, мэдлэгээ бас давхар экспортлож байна гэсэн үг.
– Та бүхэнд ажлын амжилт хүсье!
Холбоотой мэдээ
Comments are closed.