Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 13. Эрхтэний тэнгэрт одтой, 7 улаан мэнгэтэй хар морь өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.