Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг энэ 22-ны орой УМБГ-ын ажилтнууд баривчилжээ.Б.Тулга нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүрэн эрхийг дууссан 2009 он хүртэл түүний шадар туслахаар ажиллаж байсан бөгөөд дараа нь АНУ-ын Нью-Йорк хотод Эдийн засгийн их сургуульд суралцан, магистрын зэрэг хамгаалаад эх орондоо ирсэн гэнэ. Түүнийг харьж ирээд хэдхэн хонож байхад ийм явдал болсон байна. 15.00 цагийн үед УМБГ-ын ажилтнууд түүнийг албадан саатуулах гэхэд Б.Тулга зөвшөөрөлгүй, эхлээд өмгөөлөгчдөө хандана гэдгээ мэдэгдсэн ч цагдаа нар хүч хэрэглэн хувцас хунарыг нь урсан талаар өмгөөлөгч О.Баасанхүү хэлж байв. Өмгөөлөгч нь түүнтэй уулзахаар УМБГ дээр TY-9 телевизийн сэтгүүлчидтэй очиход Б.Тулгын хаана байгаа талаар тоймтой хариу өгөхгүй, баривчилсан хүмүүсийн утасны дугаарыг нь өгөхийг хүсэхэд няцаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Тулгад ямар нэг гэм буруугүй харин түүний төрсөн ах Б.Хуягийг Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлалд оролцсон хэмээн хардаж байгаа гэнэ.
Мөн энэ хэрэгт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг буруутган АТГ-т өгч, ажлын хэсэг байгуулсан гэж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас лавлахад «Б.Тулгыг АТГ-аас шалгаж байгаа» гэсэн товчхон хариу өгсөн бол харин АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан «УМБГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг үүнийг хариуцаж байгаа, өөр ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй» хэмээн хариу өглөө.
С.Амар
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
Comments are closed.