Нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн хорих 461 дүгээр ангид энэ сарын 11-нд эхэлсэн.
Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаас “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт 3.6 жилийн ял оноожээ. Харин тус компанийн ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоосон байна. Харин Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
“Тэнгри холдинг” компанийн Ерөнхий захирлаар ажилладаг Х.Анхбаяр нь Карибын аралд оффшор бүсэд бүртгэлтэй компани, гадаад улсаас 12 тэрбум төгрөгийг оруулан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хайгуулын лицензийг худалдаж авсан нь тогтоогдсон. Мөн мөрдөн байцаалтын явцад их хэмжээний лиценз авахдаа 3.6 тэрбум төгрөгийн татварыг төлөөгүй, Газрын тосны газраас олон улсад нээлттэй зарласан тендерт оролцох явцдаа тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн асуудал нь илэрсэн” гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан юм.
Тэгвэл шүүх хурлаас 3.6 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, талийгаач Д.Амарсайханд 160 метр кв орон сууцыг авлига хэлбэрээр өгсөн нь тогтоогдсон гэж үзэн дээрх ял шийтгэлийг ногдуулжээ.
Х.Намуун
Холбоотой мэдээ
Comments are closed.