Төрийн банкны удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт диалезийн аппарат (бөөрний дутагдалд орсон хүмүүст зориулсан)-ыг өнөөдөр гардуулан өглөө.
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Төрийн банкны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс тавдугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулжээ. Энэ хугацаанд тус банкны хамт олон “Нийгмийн хариуцлагын сан”-г санаачлан байгуулж, ажилтан бүр 9090 төгрөг хуримтлуулжээ. Улмаар дээрх санд нийт 32 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд уг мөнгийг юунд зарцуулах талаар ажилчдынхаа дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд нийт 76 санал ирүүлжээ. Үүнээс тавыг нь сонгон, ажилчдаас дахин санал авсны дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт диалезийн аппарат худалдан авч өгөхөөр шийдвэрлсэн аж.
Япон улсад үйлдвэрлэсэн уг диалезийн аппарат нь сүүлийн үеийн давхар эмчилгээний аппарат гэдгээрээ давуу юм байна. Өмнө нь манай улсад ийм аппарат ердөө хоёр ширхэг суурилагдсан байсан гэнэ. Тодруулбал, Улсын нэг болон гуравдугаар төв эмнэлэгт тус бүр нэг байсан аж. Тэгвэл Төрийн банкнаас бэлэглэсэн аппарат гурав дахь нь боллоо. Тус банкныхан дээрх аппаратаас гадна 1.9 сая төгрөгийн өртөг бүхий нэг сар ашиглах гуурс болон бусад дагалдах хэрэгслийг мөн өгсөн юм.
Энэ үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Манай ажилтнууд сайн үйл хийе гэсэн санаачилга гаргасан. Сайн үйлсийн аяны хүрээнд 3800 ажилтан санд хандив өглөө. Цугларсан хөрөнгөөр бөөрний аппарат авч өгөхийг нийт ажилтнуудын 62 хувь нь дэмжсэн тул энэ төслийг хэрэгжүүлэх болсон. Улс орон даяар ажиллаж буй ажилтнууд маань энэ санг бүрдүүлсэн нь бөөрний дутагдалд ороод байгаа олон хүнд тус дэм болох буянтай ажил боллоо” хэмээн ярилаа.
Нэгэнт бөөрний эмчилгээ хийлгэж эхэлсэн хүн насан туршдаа (эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл) дээрх аппаратаар эмчлүүлэх шаардлагатай болдог байна. Тодруулбал, эмчлүүлэгч долоо хоногт гурав, жилд 144 удаа диалезийн аппаратанд орох ёстой байдаг аж. Сүүлийн жилүүдэд уг аппаратанд орох шаардлагатай хүний тоо нэмэгдэж буй гэнэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Бямбадорж “Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь бөөрний тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ аппаратанд орох хүмүүсийн эрэлтийг хангаж чаддаггүй. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт бүртгэгдсэн 60 гаруй хүн аппаратанд орж чадахгүй (яаралтай орох ёстой) байгаа. Нэг аппаратанд ордог хүний тоо хязгаарлагдмал байдаг” гэв. Мөн тэрбээр “Диалезийн шинэ аппарат нь давхар эмчилгээнийх гэдгээрээ давуу талтай тул эмчилгээнд сайнаар нөлөөлнө. Монголчууд гадаад оронд өндөр үнэтэй эмчилгээ, хагалгаа хийлгэх болсон. Манай эмч нар эрхтэн шилжүүлэх, дурангийн хагалгаа хийдэг болсон ч гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг зогсоож чадахгүй байна. Эмч нарын ур чадвараас гадна техник, тоног төхөөрөмж чухал. Аюулгүй ажиллагаа, эмчилгээний чанарыг сайжруулахын тулд эмнэлгийн орчин, үйлчилгээг сайжруулах ажил хэрэгжүүлж буй энэ үед Төрийн банкныхан биднийг анхлан дэмжиж байгаад баяртай байна” хэмээн өгүүлсэн.
Үүнээс хэдхэн минутын дараа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиалезийн тасагт диалезийн аппаратанд дагалдах хэрэгслүүдийг хэдийнэ холбож, суурилуулж амжсан байв. Товчхондоо, өвчтөнд эмчилгээ хийхэд бэлэн болгосон гэсэн үг. Тус тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэгийн хэлснээр, шинэ аппаратаар өдөрт гурван ээлжээр нийт зургаан хүнд эмчилгээ хийх боломж бүрджээ. Тэрбээр “Манай улсад бөөрний архаг дутагдалтай олон хүн бий. Дэлхийн улс орнуудад аппаратны хүчин чадал жилээс жилд нэмэгдэж байдаг. Энгийнээр хэлбэл, шинэ аппаратыг давхар эмчилгээтэй гэж болно. Хуучин аппаратын хувьд зөвхөн эмчилгээнийх юм” гэлээ. Гемодиалезийн тасгийнхан долоо хоногийн зургаан өдөр ажилладаг нь тэдний ачаалал их гэдгийг илтгэх аж. Өвчтөнүүдэд программт эмчилгээ хийхгүй бол хавагнах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг юм байна.
Ер нь Төрийн банкныхан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх олон ажил санаачилжээ. Тухайлбал, өнгөрсөн сард “Эко боловсрол олгох аян” эхлүүлсэн юм билээ. Энэ талаар Д.Батсайхан “Бид соёл урлаг, спортын салбар болон нийгмийн эмзэг хэсгийг дэмжих, байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Байгаль орчноо хамгаалах зорилгын хүрээнд эко банк болох зорилт дэвшүүлсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан ирэх есдүгээр сараас байгаль орчин, ан амьтан хамгаалах чиглэлээр хичээл зааж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн. Мэдлэгтэй байж байгаль орчноо хамгаална шүү дээ” гэж ярилаа. Цаашид сайн үйлсийн аян өрнүүлэхийг дэмжин ажиллахаа тэрбээр мөн дурдсан юм. Жил бүрийн зургадугаар сарын 2-ны өдрийг банкны салбарын ажилтны өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. Анхныхаа тэмдэглэлт өдрөөр Төрийн банкныхан ийнхүү сайн үйлсийн аянд нэгдлээ.
Ц.Болор
Холбоотой мэдээ
Comments are closed.