-Тэдний цалин хоёр жилийн өмнө 25,8 тэрбум байсан бол энэ онд 50,2 тэрбум төгрөг болж, 94,5 хувиар өссөн байна-
УИХ дахь МАН-ын бүлгээс “Данхайсан бүтэц”, “Давхар дээл”, “Эдийн засгийн хямрал” зэрэг олон асуудлаар Засгийн газарт байр сууриа илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон НИТХ-ын төлөөлөгч Т.Гантөмөр нар дөнгөж сая нийслэлийн данхайсан бүтэц болон төсвийн үргүй зардлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд МАН-ын нийслэл хот хариуцсан нарийн бичгийн даргын хувьд энэхүү мэдээллийг өгч байгаа гэдгээ тодотгосон юм. Тэрбээр нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц тэлж данхайсан хийгээд орон тоо, зардал нь сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдсэн талаар тоо баримтыг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдсан 13 дугаар хуралдаанаар хэлэлцсэн “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-ын 5.2-т МАН-ын бүлгийн саналаар “Нийслэлд удирдлагын бүтцийн шинэчлэл хийх хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар батлуулан, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч өнөөдрийн хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа гэв.
Шинэчлэлийн гэх тодотголтой доройтлын Засгийн газар, МУ-ын ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төрлүү” бүтцийн өөрчлөлтийг өнөө болтол хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхийг хүсээгүй нь өнөөдрийн эдийн засгийг түүхэнд байгаагүй хямралд хүргээд байна. Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлдэг зарлага, үргүй зардал их байгааг бид харсаар ард түмэн туйлдаж байна. Эдийн засаг нь доройтсоор, дарга нарын тоо, эрх ямба нэмэгдэж таргалсаар-иргэд турсаар байна. Энэ ухаалаг төрийн зөв бодлого мөн үү? Энд ганцхан жишээ дурьдахад 2012 онд 216,3 тэрбум байсан зардал 2014 оны өнөөдрийн байдлаар 466,9 тэрбум болж өсчээ. Үүний нэг хэсгийг хогны гэх тодотголтой “ногоон уут” ч эзэлж байгаа юм.
Нийслэл дүүргийн түвшинд төрийн албан хаагчдын тоо эрс нэмэгдсэн байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2012 онд 3809 албан хаагчтай байсан бол 2014 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсчээ. Цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж өссөн буюу 94,5 хувиар цалингийн зардал өссөн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар онцоллоо. Үүнээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд 57 байсан бол 2014 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээгээд байгаа юм. Бүтэц нь томорсон, орон тоо нь нэмэгдсэн, шат дамжлага ихэссэн нь өнөөдрийн нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагын хүнд сурталтай үйл ажиллагаанаас тод харагдаж байна. Төсвийн хэмнэлтийн нэг гол асуудал бол бүтцийн өөрчлөлттэй уялдуулах явдал юм. Зарим ажил, албан тушаал давхардсан, орон тооны илүүдэл үүссэнээс 680 хүүхдийн 20 сургууль, 30 цэцэрлэг, 40 км зам шинээр тавих зардлыг дарга нарт зориулсан бүтцэд зарцуулжээ. Мөн нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо нэмэгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой, харин дүүргийн Засаг дарга нар 1-4 орлогчтой байгаа гэлээ. Үүнийг дагаад унах машин, үүдэнд нь суух нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгааг онцлов. Тиймээс Нийслэлийн МАН-ынхан Хотын удирдлагуудын сонгуулийн амлалтыг нэмэх сануулж, шахаж, шаардаж ажиллахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Асе.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.