УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, сайдынх нь албан тушаалаас чөлөөлсөн. Хуралдаанд 69 гишүүн оролцож, саналаа өгснөөс 54 нь зөвшөөрч, сайдын албанаас чөлөөлсөн юм. Ингээд хуралдааны үеэр гишүүд ямар асуулт, санал хэлснийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч улстөрийн соёл гаргалаа. Бусад сайд нартаа хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Та бүхний гар дээр бичиг нь ирсэн байгаа. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай Х.Баттулга сайд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байна” гэж заасан. Энэ нь биеийн эрүүл мэндийн байдал, үүргээ биелүүлж чадахгүй болсноос хуулийн хүрээнд хүсэлтээ тавьсан байна.
Засгийн газрын тухай хуулийн 22.1-д заасан хүсэлтийн дагуу Засгийн газрын хуулийн хүрээнд өргөдөл өгч байгаа юм байна. Биеийн эрүүл мэнд болон бусад хүндэтгэж үзэх шалтгааны улмаас албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
Засгийн газар ажлаа хийдэг хүмүүсээ захлаад байна. 180 кг шахдаг хүн шүү дээ. Тиймээс биеийн эрүүл мэндийн байдлаас болсон гэж бодохгүй байна. АН-ынхан сандраад л байх шиг. Х.Тэмүүжинг огцруулах тухай ярьж ярьж, өнөө өглөө Ерөнхий сайд дуудаад л саналыг нь татуулчихаж. Ямар тохироо хийсэн юм бүү мэд. Та намынхаа ийм байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
Нам намынхаа асуудлыг ярьдаг баймаар байна. Битгий хошуу дүр. Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх нь бүх намд хамаатай асуудал. Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байдгаа боль.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Монголын улстөр үнэлэмжгүй болж байгаа учраас сайд Х.Баттулга ийм шийдвэр гаргасан байх. Ажлынх нь үнэлэлт дүгнэлтийг үзэх юм бол эдийн засгийн өсөлт мал аж ахуйн салбарт л гарсан байна.
Энд бид хэн нэгнийг муухай харагдуулах гэж орж ирээгүй, Монголын ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал, ажлыг сайжруулахын төлөө асуудал яриад сууж байгаа. Гэтэл ард түмний амьдрал уруудаж, доройтож байхад бие биенээ тохуурхаад сууж байна. Тэр тусмаа Ерөнхий сайд таны дандаа ярьдаг худлаа үйлдлээс болоод ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт уруудан доройтсоор өнөөдөр цөхөрч байна. Та ёс суртахууны ухамсраараа “Би өөрөө огцоръё” гээд асуудал оруулж ирэх ёстой байсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
Х.Баттулга сайдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөөч ээ гэхэд Ерөнхий сайд та “Хоёр жил ажил хийсэн хүнийг дүгнэж болдоггүй юм. Дөрвөн жил ажил хийсэн хүнийг үнэлнэ” гэж хэлсэнд гайхаж байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би өргөдлөө түр татсан юм, дахиад өргөн барина” ч гэх шиг орон гаран зүйл ярьсанд өмнөөс нь ичихэд хүргэж байна.
Ингэж УИХ-ыг тоглоомын газар болгож таарахгүй.
Энэ танхимд орон гаран улстөр яваад, ичгэвтэр зүйл болоод байна. Учир нь О.Баасанхүү татсан хуулиа эргүүлж барина гээд байх юм. Х.Баттулга сайд 100 мянган тонн улаан буудайг хэзээ оруулж ирэх вэ?
УИХ-ын гишүүн Х.Баттулга
Газар тариалангийн бодлогын хууль оруулсан байгаа. 25 мянган тонныг нь оруулаад ирчихсэн, 30 мянган тонн улаан буудай замдаа яваа. Тариалалтын ажил эхэлчихсэн 15 хувьтай явж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Хаврын чуулган эхэлснээс хойш энэ улстөржилт бүр хэрээс хэтэрлээ. Улстөржилтөөс сайн юм гарсангүй, гарах ч үгүй. Х.Баттулга сайдын хувьд ажил хийх гээд зөрчилдөөд байгаа юм биш, эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөөс энэ бүхнээсээ татгалзаж байгаа байх. Бусдад өгөөш болоод байна. Эцсийн дүндээ энэ үйлдэл чинь ард түмний амьдралд нөлөөлөхүйц үйл явц болж байна.
Том эрх ашгийн төлөө бид хамтарч ажиллаж байгаа, УИХ ажлаа хийж чадаж байгаа юу гэвэл үгүй, чадахгүй байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал нь намын дотоод асуудал.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
Энэ засгийн газарт толгой цавчихаас өөр ажил алга байна гээд сайтуудаар шуураад байна. Сайд халагдаж солигдох байтугай Засгийн газар огцрох нь байдаг л асуудал. Тогтворгүй байдал үүсгээд байвал сайн зүйл биш. Тухайн салбартаа хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн, аваад явах хүн нь л энэ салбарыг аваад явах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Х.Баттулга сайд хийх ёстой ажлаа хийсэн учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж бодож байна уу. Эсвэл давхар дээлэндээ түүртээд ажлаа өгч байна уу?
УИХ-ын гишүүн Х.Баттулга
Өчигдөр /уржигдар/ байнгын хорооны хурлаар бүх зүйлийг тодорхой ярьсан.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
УИХ-ын 76 гишүүний асуудал ярих ёстой болохоос өнөөдөр надад Х.Баттулга гишүүний талаар ярих зүйл алга. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын хүртэл ам ажил зөрж байна. Эдийн засаг хүндэрснийг ямар их цаг алдаж хүлээн зөвшөөрөв өө. Би Х.Баттулга сайдыг арга барсандаа л өргөдлөө өгч байна гэж бодож байна. Ажиллаж болохоо больсон нь энгийн иргэдэд ч харагдаж байгаа байх.
УИХ-ын гишүүн Д.Ганбат
Сөрөг хүчний зүгээс нэг зүйлээ зурагдсан пянз шиг улиг болтол ярьж байна. Ухаалаг төрийн тухай ойлголтыг бид бүгдээрээ дэмжиж байгаа. Энэ асуудлыг Х.Баттулга гишүүн ярьсан шүү дээ. Улстөрийн соёлтойгоор түүчээ болж байгаа хүнийг бид үлгэр дууриалал болгож харах ёстой.
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.