Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, Ойн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнх албан даалгавар гаргалаа.
Энэ дагуу төрийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн цэвэрлэгээ хийж байгаа иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэн, гарч байгаа зөрчлийг зогсоох зорилгоор хамтарсан хяналт шалгалт явуулахаар боллоо.
Мөн ойд үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжпийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжээр, ойн цэвэрлэгээг иргэн, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг албан даалгаварт тусгасан байна.
Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн талаарх үнэн, бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, зөрчлийг илрүүлсэн буюу илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэнд хуульд заасны дагуу урамшуулал олгох юм. Түүнчлэн ойгоос мод, модон материал бэлтгэн тээвэрлэж байгаа автомашины урд салхины шилний баруун дээд хэсэгт “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-г байрлуулж хэвшүүлэхийг үүрэг болгожээ.
Албан даалгаврын хэрэгжилтийн явцыг энэ оны наймдугаар сарын 1-ний дотор, шалгалтын дүн, танилцуулгыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний дотор гаргаж МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газарт ирүүлэхийг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.