Төсвийн байнгын хорооны хуралдаан болж өндөрллөө. Тус байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар боллоо. Уг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдэд Засгийн газар 2014.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай байсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүд гараагүй тул С.Ганбаатар гишүүний гаргасан “шаардлагатай импортоор оруулж байгаа тоног төхөөрөмжийг” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг “шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, мөн өмнөх хуулиар энэ хуулийг ердийн журмаар мөрдөнө гэсэн заалтыг “энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлтэй хамтатган Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, хувийн байгууллага сэргээн засварлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд урамшуулья гэж байгааг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд урамшлын журмаар шийдээд явж болохгүй юм уу. Төр татвараа чөлөөлөөд байдаг нь буруу. Харин авсан татвараараа иргэд, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах арга хэмжээ авч зохицуулалт хийж баймаар юм. Аж ахуйн нэгж, хувь хүнийг дэмжих болохоор орлогын болон НӨАТ-ийн татвараас чөлөөлье гэдэг аргыг хэрэглэдэг. Татварыг авдаг журмаараа аваад түүнийг нь зөв зарцуулах нь чухал. Улсын төсвөөс авч байгаа хөрөнгийг орлогын татвараас хөнгөлье гэж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийн гаргасан хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 18.1.13 дахь заалтыг дэмжих боломжгүй гэсэн саналыг дэмжье гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Буруу шийдвэр гаргалаа даа. Монголд анх удаа орлогын албан татвараас чөлөөлөгдөхөөр болчихлоо. Одоо яая гэхэв. Санал хураалт дууссан” гэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Холбоотой мэдээ
Comments are closed.