АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөл ирээдүйд болох үйл явдлуудыг тодорхойлох үндсэн хүчин зүйл, чухал үйл явцыг судалж үзээд урьдчилсан таамаг гаргажээ. Тус байгууллага энэхүү таамаглалаа гаргахдаа шинжлэх ухаан, судалгааны төвүүд, консталинг фирмүүд, шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажилласан байна. Түүнчлэн АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагын хэдэн зуун шинжээч, гадаадын орнуудын судлаачид энэхүү урьдчилсан таамаглалыг боловсруулахад оролцжээ. Уг таамаглалаас үзэхэд 2025 он гэхэд улс орнуудаас бүрдсэн “олон улсын нийгэмлэгүүд” нэг ч үгүй болох аж. Засаг захиргаа ихэнх талаараа өөрсдийн дүрмээр тоглосон шинэ тоглогчдод илүүтэй анхаарал хандуулна. Түүнчлэн барууны уламжлалт загвар сулрах эрсдэлтэй гэнэ. Дэлхийн ихэнх орон барууны улстөр, эдийн засгийн хөгжлөөс илүүтэй Хятадын хөгжлийн загварыг сонирхож эхэлнэ.
АНУ-ын хувьд хүч чадлаараа дэлхийд тэргүүлэгч болон үлдсэн цорын ганц орон байна. Гэхдээ тус улсын ноёрхол суларна. АНУ-ын эдийн засаг, цэргийн чадвар суларснаас дотоод, гадаад бодлогоо зохицуулах шаардлага гарна. Орос, Хятад, Энэтхэг зэрэг гадны бусад хүчин их байсан ч АНУ Ойрх Дорнод дахь бүс нутгийн байдлыг тогтворжуулахаар тэмцэнэ. Ингээд тус улс энэ бүс нутагт өнөөдрөөс ч илүү үүрэгтэй оролцоно гэсэн үг.
2025 он гэхэд алан хядах ажиллагаа огт үгүй болохгүй. Гэхдээ Ойрх Дорнодын эдийн засгийн өсөлт сайжирч, залуусын дунд ажилгүйдэл багасвал алан хядах ажиллагааг сонирхох хүмүүс гарахгүй. Өргөн тархсан технологиуд аялан хядагчдын гарт орж, тэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Нефть, хийн үнэ өндөр хэвээр байвал Орос, Иран зэрэг үндсэн экспортлогчдын чадал чансаа эрс нэмэгдэнэ. Оросын ДНБ л гэхэд Их Британи, Францтай харьцуулахуйц болно. Гэхдээ хойд хөрш хүний нөөцдөө хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа өргөжүүлэн төрөлжүүлж, дэлхийн зах зээл дээр гарч чадвал 2025 онд илүү баян, хүчирхэг орон болох боломжтой.
Таамаглалаас үзэхэд өөр ямар ч улс орон Энэтхэг, Хятад, Орос шиг хөгжиж, эдгээр улсыг давж гарч чадахгүй гэнэ.
Бусад орон эдийн засгийн салбараараа хоцорно.
Африкийн дүүрэг, Сахарын өмнөд хэсгийнхэн эдийн засгийн алдагдалд байн байн нэрвэгдэж, нийгэм даяар уур амьсгал ширүүсч, иргэний зөрчил, дайн дэгдэж, улстөрийн тогтворгүй байдал бий болж магадгүй. 2025 он гэхэд Латин Америкийн олон орны орлого дундаж түвшинд хүрч, Венесуэль, Болив зэрэг орнууд хоцорч эхэлнэ. Харин Гаити зэрэг улс илүү ядуурч, зохицуулахад хүндрэлтэй болох нь ээ. Ерөнхийдөө Латин Америк Ази болон эрчимтэй хөгжиж буй бусад бүсээс хоцорно.
Ойрын 20 жилд Ази, Африк, Латин Америкт хүн амын өсөлт нэмэгдэнэ. Баруунд хүн амын өсөлт гурван хувиас хэтрэхгүй бол АНУ хүн ам нь хөгширч буй хөгжингүй орнуудын тооноос хасагдана. Учир нь тус улсад төрөлт, цагаачлал эрс нэмэгдэх төлөвтэй. Мөн хөгжил удааширсан орнуудаас өндөр хөгжилтэй орныг зорих цагаачдын тоо өснө. Хятадын хүн ам 1.5 тэрбум, Энэтхэгийнх 1.4 тэрбум болж нэмэгдэх бол Япон, Оросын хүн ам багасна.
Нөөцийн асуудал олон улсын түвшинд гол асуудал болно. Эдийн засгийн өсөлт дэлхий дахинаа нэмэгдэж, нийгмийн байдал сайжрахын хэрээр эрчим хүч, хүнс, ус зэрэг стратегийн чухал нөөцөд дарамт учруулах магадлалтай. Урьдчилсан дүгнэлтээс үзэхэд ойрын 10 болон түүнээс дээш жилд эдгээр нөөцийн олборлолт эрэлтээ хангаж чадахгүйд хүрнэ.
Нефть, хий үйлдвэрлэлд цөөхөн тоглогч үлдэнэ. Хятад, Энэтхэг, Мексик зэрэг улс үйлдвэрлэлийн өсөлт, уналтад огт ажрахгүй. Үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх боломжтой улс орнуудын тоо ч багасна. Нефть, хийн үйлдвэрлэл тогтворгүй бүсүүдэд төвлөрөх төлөвтэй. Үүнээс улбаалан дэлхий дахинаа нефтийн эрчим хүчнээс байгалийн хий, нүүрс болон бусад орлуулагчид шилжих магадлалтай.
Дэлхийн банкны тооцоолсноор 2025 он гэхэд хүн амын өсөлт, санхүүгийн чадавх сайжирсан, дундаж ангийнхан барууны хэв маягт шилжсэнтэй холбоотойгоор хүнсний хэрэгцээ 50 хувь нэмэгдэх гэнэ. Хотжилт хэт явагдсанаас хөдөө аж ахуйд хэрэглэгдэх усны байнгын эх үүсвэр хүнд байдалд орно. Өнөөдөр дэлхийн 21 орны 60 сая хүн ундны болон хөдөө аж ахуйд хэрэглэгдэх усаар гачигдан амьдарч байна. Харин цаашид хүн ам нэмэгдсэнээр 2025 он гэхэд 36 орны 1.4 тэрбум хүн энэхүү ангилалд багтах төлөвтэй байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.