Манайх “Эрдэнэт” гэдэг нэг эрлийз үнээтэй болчихож. Муу ч, сайн ч саалийн ганц эрлийз үнээнийхээ буянд бид идэх хоолтой, өмсөх хувцастай явж байна. Хэн дуртай нь сааж хэрэглэх. Бүр ихийг хүсвэл ганц сүүтэй үнээгээ барьцаанд тавих. Энгийнээр хэлэхэд энэ манай “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн байдал. Төрийн эрхийг аль ч нам улс төрийн хүчин барьсан тэдний хэтэвчийг “Эрдэнэт” үйлдвэр зузаалах болсоор хэдэн ч төрийг ардаа орхив.
Хатуухан хэлэхэд мөнгөө ахиулах гэсэн томчуудын толгой гашилгалгүй шахдаг бизнесийн золиос “Эрдэнэт” хэдий авч, үүний хохирогчид нарийн яривал ард түмэн, Монгол улс. “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Харин улс төрийн намуудын санхүүжилт хаанаас орж ирдэг нь тодорхойгүй. Энэ хоёр их хачин сэжмээр холбогдоод байх шиг. Уг нь хуулиндаа улс төрийн намууд жилд нэг удаа санхүүгийн тайланг иргэдэд нээлттэй үзүүлж байх ёстой. Гэтэл сүүлийн үед намууд санхүүгийн тайлан гаргахаа больсон. Улсын хөрөнгийг шамшигдуулж тоглох дээдсийн шахааны бизнесийг хэн болиулах юм бэ. Хэн ч болиулахгүй гэхэд хатуудахгүй. Яагаад гэвэл тэдний мөнгөний механизм зогсоно.
90-ээд оны үед Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг агсанаас Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди гадаад явах гэж доллар худалдаж авч байсан гэх яриа иргэдийн дунд домог болон үлдсэн. Бүр тэр ч байтугай Эрдэнэтээс жишээлбэл, 24 вагон Орос руу явахад 4 нь ор сураггүй алга болдог гэхчилэн яриа ч байдаг. Эдгээр нь хэдий баттай эх сурвалж биш ч тэр үедээ шуугигдаж байсан яриа. Энэ мэтээр “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн дарга захиралууд төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр танил талаа төдийгүй өөрсдийгөө хөрөнгөжүүлдэг. Энэ бүх луйвар жүжиглэлийг хэн зогсоож улс орон минь хэзээ жинхэнэ утгаараа хөгжинө дөө. Эрдэнэтийн шахааны бизнест нэр нь хутгалдсан олигархиудад экс ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр ч хутгалдаж явах юм билээ. Тэртэй тэргүй энэ сэдвээр толгойтой болгон бичиж, нүдтэй болгон уншсан болохоор бусад нэр нөлөө бүхий хүмүүсийг түр орхиё.
Хамгийн сүүлийн булхай саяхан илэрч олон улсад Монгол улсын нэр бараг л арчигдахаа дөхөв. “Жаст” группийн захирал Ш Батхүү өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаа Төрийн банктай 7 дугаар сарын 22-нд албан ёсоор нэгтгэсэн. Тухайн үедээ эх сурвалжууд “ХААН” банктай бараг л зэрэгцэн өрсөлдөж байсан “Хадгаламж” банк яагаад төрийн банктай нэгдэх болов хэмээн нилээд шуугисан. Учир нь өнөөх л бидний урдаа барьдаг тэжээгч, саалийн ганц үнээ “Эрдэнэт” маань үүний гол зангилаа болчихов.
Жастын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээлийг авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалаар барьцаалан “Стандарт” банкнаас “Жаст” компани зээл авчээ. Харин өнгөрсөн тавдугаар сард “Стандарт” банкны төлөөлөгчид манайд ирж ганц саалийн үнээг маань бараг л булаах дөхсөн. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг баталгаа гаргасан талаар юу ч мэдэхгүй гэж мэлзэв. Гэсэн ч Үндсэн Хуулийн Цэцийн Хамгаалалтанд ороод байгаа Д.Сугарыг МИАТ болон Эрдэнэтийн хэрэгт холбогдуулан өдгөө шалгаж эхлээд байгаа билээ.
Манайх саалийн ганц үнээгээ хэзээ мөдгүй тавиад туучихад ойрхон байна. Энэ цагаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг Авилгатай тэмцэх газрын үүдийг сахих болсоор өдийг хүрлээ. Арга нь нарийссан манайхан шахах юм нь дуусахаар Эрдэнэтийг шантаажлаад барьцаалдаг болчихсон юм биш байгаа. Одоо цаашид хичнээн эрх мэдэлтнүүд саалийн ганцыг минь барьцаалах бол гэх айдастай Монгол улс бидэрсээр байх уу.
Б.ЭНХЧИМЭГ
Mnb.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.