antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 Comments are off

Үе дамжсан ядуурал нүүрлэх вий

нийтлэсэн Admin

Монгол Улсад нийгмийн халамжийн тусгайлсан хууль  батлагдсанаас хойш 16 жил болж байна. Халамжийн тогтолцолцоотой болсон энэ хугацаанд нийгмийн халамжийн дэмжлэг, тусламжийг харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд олгосноос ядуу хэсгийг тусгайлан хамруулж байгаагүй юм. Энэ нь ядууст дэмжлэг хэрэгтэй гэсэн хандлага, сэтгэл зүй төрийнхний дунд ч, олон нийтийн дотор ч төдийлөн төлөвшөөгүй байгаатай холбоотой биз ээ. Харин УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед иргэд энэ талаар асуудал тавьж байгаа харагддаг. Түүнээс санаа авсан ч юм уу УИХ-аас “Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” 81 дүгээр тогтоолыг 2009 онд гаргаж “Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой нөлөө бүхий хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх” талаар холбогдох хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг  Засгийн газарт даалгасан байна. Ийнхүү өгөдсөн үүргийн дагуу Засгийн газар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2010 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан ажээ. Хуулийн төсөл өнөөг хүртэл батлагдаагүй хэлэлцүүлгийн шатанд байсаар байгаа нь зарчмын ядуусыг дэмжих нь зөв эсэх дээр эргэлзсээр, мэтгэлцсээр байгаатай холбоотой бололтой. Өмнө нь хүүхдийн мөнгийг ядуу өрхөд өгөх хууль баталж байсан бөгөөд хэрэгжилтийн шатанд зарим алдаа дутагдал гарч байсан учраас ийнхүү болгоомжлох нь зүйн хэрэг биз ээ.

Ядуус халамжийн гадна үлдсээр байх уу?

Аливаа улс оронд ядуус байдаг гэдгийг та бид сонсож, унжиж, бас зарим нь нүдээр үзэж байгаа. Тэд яагаад ядуу байдаг юм бэ?, учир шалтгаан нь юу вэ гэдгийг харин янз янзаар шүүн тунгаадаг байх аа. Гэхдээ ихэнх маань тэднийг ажилгүй, залхуу, арчаа муутайгаас ийм амьдралтай байгаа гэж дүгнэж, энэ сэтгэлгээгээрээ ядуурал гэдэг ангал руу улам бүр түлхэж буйгаа анзаардаггүй бололтой. Ядуусын дотор арчаагүй залхуу хэсэг ч байна, амьдралын төлөө хир чадлаараа зүтгэж байгаа хүмүүс ч бий. Энд нэгэн хүний амьдралаас жишээ татъя. Иргэн “Б”

“Би 38 настай. Дээд сургуульд сурч байхдаа ангийнхаа хөвгүүдийг өмөөрч дээд ангийн хүүхдүүдтэй зодолдсон. Гэтэл нэг залууг түлхтэл унахдаа хурц ирмэгтэй зүйл мөргөж, улмаар нас барсан юм. Найзыгаа өмөөрч болчимгүй үйлдэл хийснийхээ төлөө 15 жил шоронд суугаад гарсан. Одоо би хүн шиг амьдармаар байна” гээд санаа алдсан юм. Яагаад та хүн шиг амьдарч болохгүй гэж гэсэн асуултыг би түүнд тавьсан. “Болохгүй байна” гэж хэлээд тэр өөрт тохиолдож буй бэрхшээлээ ярилаа.

“Олон жил шоронд суусан хүн ямар ч албан байгуулагын хаалгаар шагайх эрхгүй болдог юм байна. Ажилд орьё гэхээр гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг авчир гэнэ. Тэр бичгээр би гэдэг хүн ямар гэмт хэрэгт холбогдсон нь тодорхой болно. Ингээд л явах гарцгүй болж байгаа юм. Эзэмшсэн мэргэжилгүй болохоор бүр хэцүү. Хорооны нийгмийн ажилтан л уулзах юм. Би гэр бүлтэй болох гэж байгаа. Цаашид яаж амьдрахаа сайн мэдэхгүй л байна. Ажил л хийх юмсан” гэв. Хүний хорвоод тэр гэр бүлтэй, үр хүүхэдтэй болох нь жам ёсны хэрэг. Харин түүний залуу насны болчимгүй үйлдэл түүнийг бүх насаар шийтгээд зогсохгүй, үр хүүхдийг нь үе дамжуулан шийтгэнэ гэдгийг хэн маань ойлгож байна даа?

Өөр нэг тохиолдол. “О” гэдэг эмэгтэй, өссөн төрсөн хөдөө нутагтаа, хайртай залуутайгаа гэрлэж, 3 нь ч хүүхэдтэй аав ээжийн тасалж өгсөн мал хөрөнгөөр тов хийсэн амьдралтай байжээ. Гэтэл тэр өвлийн зуданд хүч мөхөсдөж хэдэн малаа үхүүлж, хот харлан үлдэх нь тэр. Нэгэнт орлогын эх үүсвэргүй болсон болохоор ажил олж хийх, хүүхдээ хот сууринд сургуульд сургах гэсэн зорилгоор хот руу нүүлээ. Хамаатныхаа хашаанд гэрээ барьж, нөхөр нь барилгын ажилд, хүүхэд нь сургуульд орж зорьсон хэрэг захаасаа бүтэж байтал тэр нэг хар өдөр бүх зүйл орвонгоороо эргэжээ. Ажилдаа явсан нөхөр нь барилга дээрээс унаж осолдон, ахиж гэртээ ирсэнгүй. Нөхрөөсөө хойш хүүхдүүдээ тэжээхийн тулд олдслн ажил бүрийг хийж амь залгуулах төдий амьдарсаар, эцэст нь гэрээ зарж, хоёр хүүхдээ аваад орцонд жижүүрээр ажиллах болов. Хэдийгээр гудамжинд гараагүй ч гэсэн хүүхэд өсөх хирээр хэрэглээ нэмэгдэж орлого нь хүрэлцэхгүй болж байгаа гэнэ. Цаашид яахав гэдэг нь үнэхээр бүрхэг байна.

Гурав дахь тохиолдол. “И” гэдэг залуу. Хүний ганц хүүхэд. Бусдаас илүү гарахгүй ч, бас дутахгүй боломжийн амьдралтай айлд өсч байлаа. Гэтэл нэг өдөр аав ээж хоёр нь авто ослоор хорвоог орхив. Хүү өвөө, эмээгийн асрамжид орлоо. Өндөр настай өвөө, эмээ нь 6 дугаар ангид байхад нь хорвоогийн жамаар тэнгэрт халилаа. Хүү нэгэн асрамжийн газарт очив. Тэнд үеийн хүүхдүүдтэй боломжийн өссөн гэж болно. Гэвч 18 хүрээд асрамжаас гаргадаг журамтай. Одоо хаачих вэ? яаж амь зуух вэ? энэ асуулт хүүгийн толгойг өдөр бүр зовоосоор байгаа гэнэ.

Энэ мэт хүмүүст хэн туслах ёстой вэ?

Тэд ядуу бус, залхуу биш, амьдарлын азгүй тохиолдол, ээдрээт нугачаанд дарагдсан бүдэрсэн хүмүүс юм. Эдэнд эхний ээлжинд ажил, орон гэр, нийгмийн хүлээж авах сэтгэл хэрэгтэй байна. Саяхан УИХ-аас баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд ажил олоход хүндэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар тусгай заалтууд орсон байна. Энэ бол үнэхээр хэрэгтэй зүйл, УИХ иргэдийнхээ чухал хэрэгцээг олж харжээ. Үүн дээр эдгээр хүмүүст нийгмийн зүгээс ямар дэмжлэг, туслалцаа, халамж байх ёстойг хуульчилвал тэдэнд үнэхээр хэрэгтэй зүйлийг нь өгч чадах бололтой. Ядуусыг яаж тодорхойлох юм бэ?

Ядуу хүмүүсийг яаж ялгаж тодорхойлох вэ гэдэг дээр бид их маргадаг, бас янз бүрийн оролдлогууд ч хийж байна. Аль аль нь давуу болоод сул талтай бололтой. Хүнээр нь тодорхойлох уу, өрхөөр нь үү гэдэг ч бас  асуудалтай. Хүнээр нь тооцоё гэхээр ямар ч хүн айл өрх гэдэг бичил нэгжид хамаарч байдаг. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэсэн ардын цэцэн үг чухамхүү энэ бодит байдлыг илэрхийлж байх шиг. Одоо Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргаар ядуу өрхийг тодорхойлох туршилтыг хийж байгаа ажээ. ООТА-ын давуу тал нь өрхийг ядуу гэж тодорхойлоход биш, харин ямар хэрэглээтэй, бусад өрхтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ гэдгийг мэдэх боломж олгодогт байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшинг хэрэглээгээр нь тодорхойлно гэсэн үг.   Энэ нь өрхийн оршин суугаа газар, байрны чанар, хөрөнгө эзэмшлийн байдал, эд хөрөнгө, боловсролын түвшин, өрхийн насанд хүрсэн хүмүүсийн ажил эрхлэлтийн байдал зэрэг өрхийн амьжиргаатай салшгүй холбоотой үзүүлэлтүүдийг сонгон авч, өрхүүдээс уг үзүүлэлтийг агуулсан асуулгаар мэдээлэл авсны үндсэн дээр амьжиргааны түвшинг нь оноогоор үнэлэх арга юм. Асуулгаар авах судалгааг судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллагаар хийлгэж байгаа учраас аливаа нөлөөнөөс гадна, үнэн бодит мэдээлэл авч чаддаг байна.

Энэхүү аргаар амьжиргааг нь үнэлсэн өрхүүдийг ядуу болон ядуу бус гэж ангилахгүй бөгөөд гагцхүү онооны дарааллаар нь эрэмбэлэн жагсааж, тэнцүү хэсгүүдэд хувааж байгаа ажээ. Тухайбал, тэнцүү 10 хэсэгт хуваавал  хамгийн доод талын 10 хувь нь хамгийн бага хэрэглээтэй, 20 хэсэгт хуваавал хамгийн доод 5 хувь нь хамгийн бага хэрэглээтэйд тооцогдох жишээтэй. Тэгэхээр өмнө бидний ярилцсан Б, О, И нар тоод талын хэсэгт орох нь ойлгомжтой. Нөгөө талаар тэднээс дээгүүр амьжиргаатай нэг нь төрийн хишиг хүртчих санаатай “зохиомлоор” ядуу болох нь хаагдана гэсэн үг юм.

Яагаад ядуусыг дэмжих ёстой юм бэ?

Ядуурал олон шалтгаантай, янз бүрийн дүр төрхтэй байдаг ажээ.  Жишээ нь, Энэтхэгт үе дамжсан архаг ядуу гэсэн нэр томъёог хэрэглэдэг байх юм. Үүнийг үе удмаараа хэзээ ч боломжийн амьдрал үзээгүй хүмүүс дээр хэрэглэж байх жишээтэй. Гэтэл зах зээлд шилжиж байгаа орнуудад  шилжилтийн  ядуу гэсэн нэр томъёог хэрэглэж байх юм. Үүнд манай ядуус хамаарна. Хэрвээ хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо байсан бол дээрх жишээнд орсон хүмүүст өөр өөрийн гэсэн хамгаалалтууд байсан. Жишээ нь малчид нэгдэлд байсан учраас зуд, гангийн эсрэг хамтаараа тэмцдэг, хохирол бага гардаг, гарсан хохирлыг нэгдэл хариуцдаг болохоор хувь хүн хүнд хэцүү өвлийг давахын төлөө хүч хөдөлмөр зарцуулахад л хангалттай.  Дээр нь хүүхдийн дотуур байр, хоол зэргийг нэгдэл даах учраас дараагийн өвөл өөр мал маллаад орлогоо олоод явна гэсэн  үг. Хорихоос суллагдсан, асрамжаас гарсан иргэдэд бас л тусгай анхаарал тавьдаг, аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарилдаг, хүлээж авсан байгууллага нь ажлаар хангаад зогсохгүй орон гэр, наад захын хэрэгцээт зүйлийг нь бэлтгэж өгдөг байжээ. Тийм учраас хорихоос суллагдсан хүмүүсээс амьдралаа сайгн авч явж, хөдөлмөр зүтгэлээрээ алдаршсан нь цөөнгүй байжээ.  Зах зээлд шилжих үед энэ тогтолцоо алдагдсан, түүнийг нөхөх шинэ арга хэрэгсэл гараагүй учир өнөөдөр амьдралын бэрхшээлтэй энэ хүмүүс ядуу зүдүү, гундуу явна. Түүгээр ч барахгүй 1990-ээд оны үед хаалгаа хаасан үйлдвэрүүдийн ажилчдын нилээд нь ажилгүй, орлогогүй болж, зарим нь ядуусын эгнээд орсон билээ. Хүний амьдрал зөвхөн өөрөөр нь дуусдаггүй, ядуу хүмүүсийн үр хүүхэд ядуу байх магадлал бусдаас өндөр байна. Яагаад гэвэл тэд ямар нэгэн байдлаар нийгэмд ад шоо үзэгдэх хандлагад өртөж байдаг. Ядуу айлын хүүхэд муу хувцастай, шаардлагатай үед мөнгө цуглуулахад оролцож чаддагүй зэргээсээ халширч сургуулиа орхих тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн хоол хүнсний дутагдал, орон байрны нөхцөл, түлээ түлшний дутагдал зэргээс бага насандаа өвчлөмтгий болох, архаг хуучтай болох зэргээр эрүүл мэндийн хувьд хоцрогдох байдал ажиглагдаж байна. Энэ нь боловсрол мэргэжилтэй болох, түүгээрээ орлого олох  боломжийг нь хааж байна гэсэн үг. Энэ нь ядуусын хүүхэд ядуу байх нөхцөл шалтгаан болж байна гэсэн үг юм. Бид хэдэн зуун жил зэрлэг капитализмын замаар замнасан орнууд шиг үе дамжсан архаг ядуусыг бий болгох гэж нийгэмдээ шинэчлэл хийгээгүй биз дээ. Өмнөх нийгмээ илүү сайн нийгмээр солих нь бидний чин хүсэл байсан бөгөөд одоо бодитой бий болоод байгаа ядуурлын хүрээг тэлэхгүй байх, гүнзгийрлийг сааруулах, улмаар ядуусыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулах нь үе дамжсан ядуурал бий болохоос сэргийлэх арга юм. Халамжийг ядуурал үе дамжихаас хамгаалах хэрэгсэл болгох тал дээр анхаарцгаая.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car