Бидний нэрлэж заншсан морин толгой буюу газрын гүнээс газрын тосыг сорж, нэрж байдаг техникийг хятадууд илжгэн толгой гэдэг юм билээ. БНХАУ-ын Дачин хот дотор 20 мянган илжгэн толгой байнга ажиллаж байдаг. Хотын хаана ч гэсэн хоёр алхаад л газрын тос нэрж буй энэ техниктэй таарна. Тэнд байгальд хор хөнөөл учруулаад байгаа юм алга. Хотоор дүүрэн мод тарьсан байна лээ. Хотын хөгжил газрын тосноосоо хамааралтай гэдэг нь алхам тутамд ойлгогдоно. Энэ хотод Дачингийн орд газрын үүсэл хөгжлийн түүхчилсэн музейг үзэв. Газрын тос гар аргаар олборлож байсан хүнд хэцүү үеэс өнөөдрийн хөгжлийн түвшинд хүртэл ямар зам туулж ирснийг энэ музейгээс үзэж болно. Музейг үзэх юм ихтэй. Үйл явдлыг яг бодит мэт харуулж чадсан байв.
Дараа нь бид Төмөр хүний музей үзэв. Төмөр хүн гэгдэх Ван Шин Жи 1932 онд төрөөд 47 нас насалжээ. Түүний амьдрал газрын тосны үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой юм билээ. Гол баатар төмөр хүн маань 47 насалсан учраас музейн шатны тоо ч 47, музейн өндрийн хэмжээ ч 47 метр аж. Бид хүүхэд байхдаа В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын бага насны тухай үлгэр домгийн юм шиг үг өгүүлбэрийг олонтаа цээжилж байсан шиг Ван Шин Жигийн хүүхэд нас ч бусдаас өөр байж. Зургаан настайдаа хараагүй аавынхаа өмнөөс ажил хийж, 12 настайдаа захиргааны хэргийн шүүхэд хандан заргаа авч байсан гээд л түүний бага нас гайхамшгаар дүүрэн. Нэг ёсондоо үлгэр жишээ, удирдан манлайлах төрөлхийн авьяастай бусдыгаа дагуулах хувь заяанд төрсөн хүн бололтой. Мөн ядуу зүдүү, тарчиг амьдрал нь түүнийг хөдөлмөрч шаргуу хүн болоход тус болжээ. Түүх ингэж л эхэлж байгаа юм. Түүний амьдрал тэр чигээрээ л хөгжин дэвжиж, мандаж явсан бөгөөд богинохон насандаа хийсэн, бүтээсэн нь газрын тосны салбарыг хөгжихөд хувь нэмрээ оруулсан, хэрхэн хүнд бэрхийг туулж зорилгодоо хүрч байсан зэргийг кино дүрсэнд мөнхжүүлжээ. Мөн зуурах машин эвдрэхэд өөрөө дотор нь орж зуурмагийг биеэрээ зуурч байсан гээд л түүхэн гэрэл зургууд ч тавигдсан байв. Хүйтэнд мөс хагалан хэдэн тонн усыг жижигхэн хувингаар зөөж байсан гээд л хөдөлмөрч, чин зоригтойг нь дурджээ. Тэрээр нөхцөл бололцоо байсан ч ажиллана, байхгүй байсан ч бий болгож ажиллана гэж ярьдаг хүн байж.
Социализмын үеийн суртал ухуулга шиг санагдах олон зүйл байсан ч музей өөрөө сонирхох юм олонтой, үзэж харах зүйл нь ихтэй юм билээ. Ямар ч байсан дээрх хоёр музейг үзсэн хүмүүс газрын тосны тухай тодорхой ойлголттой болоод л гарах юм билээ.
Нөгөө “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” гэдэг шиг музейг үзэх хүний хөл тасардаггүй бололтой. Гадна дотныхон ч, нутгийн иргэд ч үзэж байх юм. Нэгэнт төмөр хүний туулсан замыг бид туулахгүй ч газрын тосны салбарт ганц хүн ингэж хөлс хүчээ шавхан зорилгодоо хүрч чадаж байхад бэлэн техник хөгжсөн өнөө үед бид газар доорхи шингэн алтаа ашиглаж өөрсдөө боловсруулдаг болчихвол ч гэсэн бодол төрж байлаа.
Буцах замдаа бид Бээжингийн газрын тосны сургуультай танилцав. 1953 онд байгуулагдсан тус сургуульд одоогоор 51 монгол оюутан суралцдаг бол нийт гадаадын оюутны тоо 658 байдаг гэнэ. Сургууль, дотуур байр, лаборатори, хоолны газар, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар, дэлгүүр гээд бүгд нэг дор болохоор оюутнууд хотхоноосоо тэр бүр гараад байх шаардлагагүй. Хичээлийн цагийн үеэр бид тус сургуультай танилцав. Зарим ангид ороход хаа сайгүй байдаг л дүр зураг угтав. Багш нар хичээлээ зааж байхад арын эгнээнд суусан хоёр гурван оюутан унтаж байх юм. Энэ сургууль гадаадын 90 гаруй сургуультай хамтран ажилладаг агаад манай ШУТИС ч үүнд багтана. Мөн Монголын газрын тосны газартай хамтын ажиллагаатай гэж байсан. Дэлхийн томоохон газрын тосны компаниуд эднийхээс боловсон хүчнээ бэлтгэдэг бөгөөд ихэнх нь сургуулиа төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг учир нөгөө хичээл дээрээ унтдаг оюутнууд ч гэсэн салбарынхаа зах зээл дээр борлогдчихдог бололтой. Манай оюутнууд 100 хувь тэтгэлгээр суралцдаг бөгөөд хэлний бэлтгэлдээ сайн суралцаж овоо хэдэн мянган юаны шагнал авсан оюутнууд ч байдаг аж. Тэнд сурч байгаа монгол оюутнууд Монголынхоо их, дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр эднийх шиг байдаг бол оюутнуудын суралцахад их нэмэртэй гэж байна лээ. Хотхоноосоо гарч яваад оройтож ирвэл хаалга хаалттай тул заасан цагаас өмнө ирэх ёстой гэнэ.
Энэ мэт газрын тостой холбоотой олон газраар орж үйл ажиллагаатай танилцан нутаг буцсан юм. Манай багт өвөр монгол орчуулагч залуу, Хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг өвөр монгол залуу явсан юм. Хятадын хөрөнгө оруулалттай Зон хон юу туан гэж Монголд газрын тос үйлдвэрлэж буй компанид ажилладаг Санжжав хэмээх өвөрмонгол залуугийн бичиг баримтыг томоохон буудлууд сүрхий шалгаж сүйд болов. Санжжав Шинжааны өвөр монгол учраас ийнхүү болгоомжтой хандсан юм байна. Учир нь Шинжаан уйгарт гарсан Өвөр Монголчууд бослого үймээн гаргасан учраас ноднин жилээс өвөрмонголчуудыг томоохон буудлуудад буулгахгүй байсан аж. Үүнээс өөр айхтар бэрхшээлгүй өмнөд хөршөөрөө зорчиж, алт нүүрснээс гадна газрын тосоо боловсруулж эхэлбэл баян болох нь гарцаагүй юм байна гэсэн бодол тээсээр ирлээ.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Холбоотой мэдээ
Comments are closed.