antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Хамтарсан Засгийн газрын баадуу зогсов

нийтлэсэн Admin

Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь  Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүүхэндээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хамгийн ойлгомжтой бөгөөд нухацтайгаар шүүмжилж орхилоо.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай нь ард иргэдэд хангалтгүй байна гэдгийг тус Хамтарсан Засгийн газрын нэг гишүүн нь юуны өмнө ил тодоор мэдэгдэв. Гэхдээ түүний ийн хэлснийг тогоон дотроосоо урваж шарвасан гэхээс илүү ажлыг урагшлуулах гэж үзэхдээ эрх ашиг, сонирхлын зөрчилд баглагдаад, аргаа барж, үсээ үгтээсэн улстөрчийн үг гэж үзэхэд болохоор байгаа юм. Тэр “Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод яваад байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэж харамсчээ. Х.Баттулга сайд нэг ноцтой зүйл мэдэгдсэн нь “Эрдэнэс МГЛ”  нүүрсний зах зээлийн ханш 110 ам.доллар байхад 70 ам.доллараар гэрээ хэлэлцээ хийчихсэн, үлдэж буй 40 ам.доллар нь ард түмний хөрөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа хэрэг гэжээ. Өнгөрсөн 11-ний өдрийн Хятадын уул уурхайн сайт дээр хүрэн нүүрс нэг тонн нь 96.8-117.4 ам.доллар, коксжсон 193.5-225.8 ам.доллар ханштай гэсэн мэдээллийг харвал сайдын хэлсэнд эргэлзэх шаардлага алга.

Гэхдээ мань хүн дээрх бүгдийг Засгийн газрын хуралдаан дээр хэлээд ч дэмжлэг аваагүй гэдгээ нэмж хэлсэн байв. Мөн татвар төлөхөөс зайлсхийж, Ухаа худгаас гаргаж авч буй нүүрсийг 70 ам.доллар гэсэн дарсан үнэ хэлж байгаа ч хилийн цаана өөр үнээр зардаг гэж барин тавин мэдэгдлээ. Хариуцлагатай ажил хийдэг хүн хариуцлагатай мэдэгдэл хийж байгаа байлгүй. Уг нь Засгийн газрын гишүүд УИХ дээр мэдэгдэл, мэдээлэл хийхдээ яаж ийгээд л Засгаа өмөөрдөг сөн. Тэгвэл Х.Баттулга гишүүн Засгийн газрын ажиллаж буй байдал, хурд, үр дүнд сэтгэл дундуур байдгаа зарлалаа. Ингэснээр танхимын дарга С.Батболд бас тэргүүн дэд дарга, Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, АН-ын дарга Н.Алтанхуягийг ажлаа муу хийж байна гэсэн дүн тавилаа. УИХ-аас Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлууд дээр тодорхой тогтоол гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Парламентаас бүх шийдвэр чиглэлийг нь хуульчлаад мөнгө төгрөг нь хүртэл байгаад байхад ажил явахгүй байна гэж үглэжээ. Ажил явахгүй байна гэж хэлэхээр Н.Алтанхуяг явж байгаа гэж хэлдэг, ам мурийгаад удаж байгаагаа нуусангүй. Засгийн газар үйлдэж буй үйл бас эс үйлдлээрээ дагахгүй яваад ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилдэг нь оргүй биш бололтой. Үүнийг Засгийн газрын танхимын гишүүн нь хэлсэн болохоор хэрхэн итгэхгүй байх билээ. Угаасаа энэ кабинет нэг баг болж ажилладаггүй, нэг намынхандаа бол нээлттэй нөгөө гаднаас орж ирсэн АН-ынханд хаалттай байдаг бололтой юм гэсэн ойлголт уг ярилцлагаас нэвт харагдаж байгаа юм.

Тэрбээр “Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гаргачихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна” гээд бүр “Дотроо байгаа мөртлөө шүү” гэж тодотгосон байгаа юм.

Ер нь энэ ярилцлага энэ төрд байгаа олон бүтэхгүй зүйлийг ил гаргаж өгснөөрөө ач холбогдолтой. Нэг гараараа архи зарж, нөгөө гараараа хууль баталдаг хүмүүсийг шүүмжилж, Монголын баялаг хэдхэн гэр бүлийн гарт орж байгааг шүүмжилсэн нь танил тал, арга залиар бизнесээ өргөжүүлдэггүй дундаж монголчуудад хамгийн ойрхон бууж байгаа мэдээлэл билээ. Бас эрхэм сайдын ярилцлагадаа өгүүлсэн нэгэн жишээг нэхэж дурдахаас аргагүй. Макдональдсын сүлжээ Монголд орж ирдэггүй нь иргэдийн орлого хүрэхгүй гэсэн судалгаатай нь холбоотой байдаг ажээ. Тав, зургаан мянгаар хачиртай талх аваад идчихээсээ зүсэм талх, шөлөөр өл залгачихдаг хүмүүс Монголд олон байна. Тиймээс нийгмийн дийлэнх нь ядуу Монголын нийтийн хоолны салбарт орж ирвэл дампуурна гэж дэлхийд тархсан энэ сүлжээнийхэн үздэг ажээ. Гэтэл монголчуудын баян болсны баталгаа болж байгаа гэгддэг Zegna, LV орж ирснийг авлигатай улс оронд орж ирдэг, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст л зориулагдсан гэдэг юм байна. LV-гийн салбарыг манайд анх нээгээд ганцхан сарын дотор борлогдсон барааны мөнгөн дүнгээ үзээд Бээжингээс манайхыг хамаардаг салбарынхан цочролд орсон гэж дуулддаг. Тэд Монголд ингэж ихээр борлогдоно гэж зүүдлээ ч үгүй байж л дээ. Тэгэхээр үүнийг эргүүлээд уншихаар “Монголд авлига хөгжсөн ч гэсэн ингэж ихээр хөгжсөн гэж санаагүй байсан” гэж ойлгогдохоор.

Сайд Х.Баттулга баттай үнэнийг хэлсэн шиг хэлэв бололтой. Түүнээс жижиг сажиг найраа, хуйвалдаанд оролцоод байхгүй чанар илэрдэг. Тоймтой тулхтай, нийтлэг эрх ашгаа гэсэн сэтгэл харагдаад байдаг. Тиймдээ ч энэ удаад намынхаа даргыг танхимынхаа даргатай нийлүүлээд шулуухан буруушаав. Аль өнгөрсөн сонгуулийн үеэр АН-ын дарга байхдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно” гээд Монголд эдийн засгийн хувьсгал хэрэгтэй сонгуульд орж байсныг одоо  “Эдийн Засгийн хувьсгал хийнэ” гээд зарлаад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаагаа тэр хэлжээ. Бас кабинетээ муу ажиллаж байгаа гэж дүгнэсэн нь Ерөнхий сайд С.Батболдод хаягласан нь мэдээж. Нөгөө талаас намынхаа даргыг шилдэг арван улстөрчийн жагсаалтад багтаж чаддаггүй, өөрийнхөө өнгөн дээр намын рейтинг өндөр гэж үздэг нь буруу. МАН, МАХН гэж хоёр салснаар АН илүү рейтингтэй харагдаж байгаа хэрэг хэмээжээ. Даргад тал засахыг мэддэггүй энэ нөхөр танхимынхаа хоёр даргаа хоёуланг нь ийнхүү хусч орхиж. Хэн нэгэн улстөрч ингэж мэдэгдсэн бол өөр хэрэг. Харин Женко Х.Баттулга ингэж мэдэгдсэн нь дараагийн гаргалгаануудад хүргэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын цаг зогсох нь тодорхой болжээ. Үүний баадуу нь болж байсан Х.Баттулга дээрх мэдэгдлийг хийснээрээ үүнийг нотолж байна. Бас АН-ын даргын суудалд тэр өрсөлдөх хүсэл хийгээд төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа нь харагдаж байна. Н.Алтанхуяг даргад хаяглан үгээ дайж, ҮЗХ дүгнэнэ биз гэснээрээ шатахуун шингээсэн алчуур ҮЗХ-ныхоо голд шидчихлээ гэсэн үг юм. Намын асуудал бол жижиг асуудал. Жинхэнэ ҮЗХ нь хуралдаж, намынхаа даргыг шүүмжилсэн гишүүнтэйгээ асуудлаа ярина биз. Харин Засгийн газарт асуудал өөрөөр тусч таарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол нам шиг фракцуудын нэгдэл болж ажиллаж таардаг. Засгаа шүүмжилсэн кабинетийн гишүүнд огцрох шийтгэл ирэх ёстой байгаа юм, уг нь.

Ерөнхий сайд бардам хийгээд зоригтой бол Засгийнхаа ажлыг шүүмжилсэн сайдыг огцруулчих бүрэн эрхтэй. Гэвч Сү.Батболд Женког яадаг юм бол доо. Хамтарсан Засгийн газрыг  нь тогтоож буй сүүлийн тороос болохоор чадахгүй л байх даа.

Э.ЭНЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car