“Харанга”-ын Лхагваа гэхээр залуус Хатанбаатарын Лхагвасүрэнг андахгүй. Хар тамхи, хүүхэн, зодоон гуравтай ямагт нэр холбогдож явдаг энэ хиппи маягийн зөрүүд эрийг саявтар кинонд тоглохыг урьжээ. Тэрбээр татгалзсан байна. “Хар сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дээгий хоёр ятгаад бараагүй гэх.
Ямар сайндаа тэд “Дашка хүртэл кинонд тоглоод гол дүр бүтээгээд байхад та тоглож болохгүй юу” хэмээн өчнөөн ятгаж ухуулаад ч үгэндээ оруулж дөнгөөгүй байна. Харин насаараа түүнийг өөд татаж нэгэн хамтлагтаа авч яваа Энхманлай, Чука, Пүүжиг, Од нар нь бас хэлээд хүчрээгүй гэнэ. Лхагваа бүгдэд нь “Би дуучин болохоос жүжигчин биш. Гэхдээ би гоё дүртэй. Зөвхөн Чингис хаанд тоглоно” гэж бардсан байна. Чам шиг нь Чингист тоглодоггүй юм, түүнд чинь Сосорбарам, Төмөрбаатар, өвөрлөгч Баасан нар тоглодог юм” гэж хэлээд ч дөнгөөгүй сураг байна. Хамгийн гол нь тэрбээр Монголын эстрад болон урлагийнхныг киноныхон урьж тоглуулахдаа дандаа доош хийдэг гэж боддог ажээ.
Юу гэвээс “Соёл Эрдэнэ” хамтлагийн гитарчин, Монголын эстрад урлагаас хамгийн түрүүлж улсын гавъяат жүжигчин цол хүртсэн “одой” Ш.Галсанбатыг найруулагч И.Нямгаваа “Нандин эрдэнэ” кинондоо гуйж тоглуулахдаа дэндүү доош хийсэн гэнэ. Хөөрхий гитарчин Ш.Галсанбат гавъяат тэр кинон дээр шатан дээр нэг хүүхэнтэй үнсэлдэж байгаагаар гардаг билээ. Дараа нь киногоо үзчихээд тэрбээр И.Нямгаваад хандан “Чи намайг доромжилж. Чебурашка болголоо. Чамайг ална даа” гэж агсам тавьсан гэдэг.
Ямартаа ч “Мартагдашгүй намар” киноны найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Х.Дамдин, “Соёл Эрдэнэ” хамтлагийн гитарчин гавъяат жүжигчин Ш.Галсанбат хоёрт дархан аварга Х.Баянмөнх алгадуулж байснаа хэнд ч хэлдэггүй юм гэсэн. Тийм учраас гитарчин Ш.Галсанбат өөрийн найз, дуурь бүжгийн театрын гоцлол балетчин Ч.Энх-Амгаланг хүртэл И.Нямгаваагийн кинонд тоглох гэхэд нь “Битгий тогло. Цаадахь чинь чамайг доромжилно шүү” гэж ятгаж байжээ. Яг үүн шиг дуучин Лхагваа өөрийг нь кинонд тоглуулахаар урихад “Болъё доо. Бусдаараа бууз хуушуур шиг байя. Тэгж ч доромжлуулахгүй шүү” гээд хөдөлж өгөөгүй гэнэ. Уг нь тун дорион шилийн сайн эрийн дүр боловч бас л нэг хүүхэнтэй наана цаана болох байсан гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.