
Нийслэлийн Засаг дарга “Дээлтэй Монгол-2013” наадмыг нээж, “Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, тухайн үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь болдог зүйл бол үндэсний хувцас билээ. Монгол туургатны дээл хувцас нь манай орны цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маяг, ёс заншилтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцсаар дамжуулан залуу хойч үедээ түүх соёлоо уламжлан үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ улс, хотдоо зочид, жуулчдыг татах нэгэн чухал наадам болжээ. Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төдийгүй соёлын аялал жуулчлалын нэг төв болгон хөгжүүлэхэд “Дээлтэй Монгол” наадам тодорхой түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өдгөө бага наадам хэмээн нэрлэгдэх болсон энэхүү арга хэмжээ тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчдыг даллан дуудсан соёлын наадам болохыг ерөөгөөд, “Дээлтэй Монгол–2013” наадмыг зорин ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
“Дээлтэй Монгол-2013” наадмын шилдгүүдээр:
-Нийтийн бүжгийн 30 гаруй хосоос С.Лхагвадорж, Д.Сувдаа нар
-Хамгийн сайхан дээлтэй 36 хосоос үзэмчин хувсаар оролцсон О.Ганболд, Л.Туяа нар түрүүлсэн бол үзэгчлийн талархлыг хүлээсэн хосоор Д.Батдаваа, Б.Өрнөхбилэг нар шалгарлаа. Мөн хамгийн өндөр настай хос Е.Ибрайм, Т.Сайлау нарыг “Special rent car and tour”компаниас Байгаль далайд аялах эрхээр шагналаа.
-Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагаар “Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллага
-Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хосоор АНУ-ын иргэн Dan Ellis, Ж.Эрдэнэсүрэн нар
-Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүргээр Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Энэ удаагийн наадмын онцлог нь хамгийн олон үндэсний хувцастай парад номинациар дэлхийн дээд амжилтыг тогтоодог “Геннис”-ын номонд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангасан явдал юм. “Дээлтэй Монгол-2013” наадамд нийт 15 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргээс хамгийн олон буюу 3000 гаруй оролцогч оролцсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.