УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өнөө жилийн хэвлэлийн “дайсан” номинацид тодрох замаа засаж эхэллээ. Түүний талаар хэвлэлд бичсэн сэтгүүлчид наанадаж хагас цаг утсаар загнуулдгийг энд дурьдах нь илүүц биз. Энэ удаад түүний ахалдаг байнгын хороо багаар ажиллаж, “Худал гүтгэлэг бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулийн “ял” хүлээх заалтыг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаар шийдэж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр илгээв. Уг нь “Өндөр боловсролтой, чадварлаг залуу” хэмээн намдаа үнэлэгдэж амжсан түүнийг анх Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга болоход зөв шударга ажиллана гэдэгт нь олон хүн итгэж байсан. Гэвч УИХ-ын 2004 оны сонгуулиар хамгийн түрүүнд Өвөрхангайн тойрог дээр будлиан хутгаж, төд удалгүй тараа таниулсан юм. Намынхаа удирдлагуудад “наалдан пад” байж чадсаныхаа ачаар УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж, чуулганы дугуй танхимд тухлах “виз”-ийг авсан.
Гэвч энэ залууд албан тушаал зохидоггүй бололтой юм. Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болонгуутаа “Шинэ баян цээж өвчтэй” гэгчээр юм л бол цээжээ хөдөлгөн сагсуурч, бусад гишүүнийг хэл амаар доромжлох нь хэрээс хэтрэв. Тэрбээр саяхан Н.Батбаяр гишүүнийг “Битгий хуц”, С.Эрдэнийг “Эрүүгийн элемент” хэмээн доромжилсон нь ямар муухай харагдав аа. Гэтэл одоо байнгын хорооны хуралдаанаараа хэвлэл мэдээллийн байгууллагад өндөр торгууль хүлээлгэх тухай заалтыг дэмжүүлчихлээ. Сэтгүүлчдийг утсаар дарамтлахад нь өндөр төлбөр гарсны хариуг ингэж бөөндөж авахаар шийдсэн бололтой. Үүгээрээ тэр улстөрчидтэй төдийгүй хэвлэлийнхэнтэй дайсагнаж буйгаа харууллаа. Хүч муутай хүнд хэт олон “дайсан” хэрэггүй л баймаар. Гэвч хуульч улстөрч өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ.
“Улс төрийн тойм” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.