antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 Comments are off

Г.УЯНГА: Долдугаар сарын 1-нийг давтуулахгүйн тулд Ц.Нямдоржийг огцруулах ёстой

нийтлэсэн Admin

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны зохицуулагч Г.Уянгатай ярилцлаа.

-Танай холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах мэдэгдэл гаргасан юм байна. Ямар үндэслэлийг гол болгож байгаа вэ?

-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх саналыг 76 гишүүнд хүргүүлсэн. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос гадна “Миний Монголын газар шороо”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Эрс шинэчлэл”, “Үндэсний Хас” хөдөлгөөн бий. Гол үндэслэл нь түүний УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирсэн Цагдаагийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнтэй уялдаатай Жагсаал цуглааны журмын тухай болон бусад хуулийн нэмэлт өөрчлөлтүүд юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийг бид анхааралтай үзсэн. Ц.Нямдорж сайд уг хуулийг оруулж ирэхдээ 2012 оны сонгуулийг луйвардана, тэгээд жагсаал цуглаан болохоор нь цагдаадаа буу өгөөд, хилийн цэрэг, зэвсэгт хүчинтэйгээ хамжиж байгаад галт зэвсэг хэрэглэж дарна гэж бодож хийсэн байсан, өөрөө ч бараг ингэж хэлсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний аллагын эздийг олоогүй, хүнд шарх аниагүй байхад сайд өөрөө энэ эмгэнэлийг давтана гэж шууд хэлж байна шүү дээ. Ц.Нямдорж сайд байгаа цагт ийм зүйл гарцаагүй болох юм байна. Энэ л түүнийг огцруулах хангалттай үндэслэл. Ер нь бол сайд хууль дур мэдэн зассаныг өмнө нь иргэний хөдөлгөөнүүд илрүүлж Үндсэн хуулийн Цэцэд өгсөн, тэгээд цэцээр батлагдаад УИХ-ын даргын албан тушаалаас буусан хүн шүү дээ. Ийм хүн хууль зүйн сайд хийж болох уу даа.

-Хууль зөрчсөн гэх баримт та бүхэнд бий юу. Хэрвээ баримт байгаа бол хүмүүст дэлгэх хэрэгтэй байх?

-Цагдаагийн тухай хууль нь өөрөө баримт. Долдугаар сарын 1-нийг давтуулахгүйн тулд түүнийг огцруулах ёстой. Хүйтэн зэвсэг хэрэглэж иргэдийн цуглааныг дарна гэж хууль оруулж ирж байгаа сайд өөрөө долдугаар сарын 1-нийг давтана гэсэн шууд баталгаа мөн.

-Засгийн газрын гишүүнийг засаглалын гаднаас дуугарч огцруулж болно гэсэн хуулийн заалт бий юу?

-Бид асуудал оруулах эрхтэй. Тиймдээ ч УИХ-ын гишүүдэд саналаа хүргүүлсэн. Ер нь бол иргэний нийгэм өөрөө том засаглал. Парламентын гадна юу болж байгааг, бас юу болох гээд завдаж байгааг УИХ-ын гишүүд сайн анхаарах ёстой. Сайд нь өнгөрсөн үйл явдлыг давтахад бэлэн байгааг УИХ анхаарахгүй байж болохгүй.

-Ц.Нямдорж сайдаас гадна хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдсөн. Тэгэхэд нь зарим хүмүүс тэртээ тэргүй буух гэж байгаа Засгийн газрыг одоо огцруулах нь үр дүнгүй гэцгээж байгаа?

-Бид Засгийн газрыг огцруулах асуудал тавиагүй, дахин цус урсгахад бэлэн байгаа сайдаа ямар ч байсан огцруул гэсэн. Ер нь анхнаасаа таван хүний цус урсгаж Үндсэн хууль зөрчиж гарч ирсэн парламент, түүний томилсон Засгийн газар нь хууль бус. Ийм байдлыг засах чадвар өнөөгийн эрх барьж байгаа намуудад байхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.

-Та бүхний мэдэгдлийг хүлээж авахгүй бол яах вэ?

-Тэгэхгүй бол яахав, ингэхгүй бол яахав л гэцгээх юм, энэ бүхэн биднээс бусдад хамаагүй юм шиг. Яахав, бид зарчимтай байж, асуудлыг шийдвэрлэх боломжтой хүмүүст нь тавилаа. Ер нь Монголын төрийг, нийгмийг мухардал гацаанд орсон энэ байдлаас нь гаргах ганцхан арга зам байгаа нь хувьсгал, өөр юу ч биш. Харин хувьсгалыг 2012 оны сонгуулиар тайван замаар хийх үү үгүй юу гэдэг л асуудал.

-МҮАН, МАХН хоёр хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хамгаалах зорилгоор энэ мэдэгдлийг гаргаж байгаа юм биш үү?

-Ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнээр энэ ертөнцийн бүх үйл, бүх хүнийг шинжих гээд байх нь аливаа юмыг харах цонхыг ихээхэн явцууруулна гэдгийг ойлгоосой. Улс төр өөрөө хувь хүмүүсийн бие даасан байдал, амбиц, зөрчил, тэмцэл, хамтрал, нэгдлийн цогц гэдэг утгаар нь авч үзсэн нь дээр байх.

Зөв зорилгын төлөө хамтарч байгаагийнхаа хувьд бидний хэн нь ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамгаална. Гэхдээ бидний гаргасан санал бол Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын дунд үүссэн маргаантай ямар ч холбоогүй. Хэн хэнийх нь өмч хөрөнгийн асуудлыг нь бид сайн мэдэхгүй шүү дээ. Сайдын оруулж ирсэн Цагдаагийн тухай хууль бол огцруулах хангалттай үндэслэл мөн.

Бас нэмж хэлэхэд, би фэйсбүүктээ Ц.Нямдорж сайдтай холбоотой 45 хуудас материалаас тавьсан. Сонирхож байгаа хүмүүс http://www.facebook.com/setguulchuyanga хаягаар орж үзэж болно.

-Тэрхүү 45 хуудас материалыг харсан л даа. Яагаад заавал одоо тавьж байгаа юм бэ. Үүнийг бас л Н.Энхбаярыг хамгаалах зорилгоор тавьсан гэж үзэх хүмүүс байна?

-Одоогоос найм, есөн жилийн өмнө энэ асуудал анх сөхөгдөхөд би нэвтрүүлэг хийж цацаж байсан. Бас сүүлд “Монгол таймс” сониноор зургаан дугаар дамнуулан уг материалыг бүрэн эхээр нь нийтэлж байсан. Тэгэхэд яагаад анзаараагүй юм бэ гэж асууя л даа. Харин одоо тавьж байгаа нь сануулж байгаа л төдий юм шүү дээ. Төр гэж байдаг бол анхааралдаа аваад асуудлыг шийдмээр л байгаа юм. Би өнөө маргаашгүй фэйсбүүктээ нэвтрүүлгээ тавина, үзээрэй.

-Ер нь хамтрагч байгууллагын хувьд Н.Энхбаяр даргатай холбоотой яригдаж буй асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Улс төртэй зайлшгүй холбоотой. МАНАН-гийн эсрэг хамгийн хүчтэй гарч ирж байгаа хүчний удирдагчдыг, нөлөө бүхий хүмүүсээр нь дамжуулан дарах гэсэн оролдлого явж байгаа нь нууц биш. Энэ бүхэн бол юуны өмнө сонгуулийн жилийн өмнө хүчтэй өрсөлдөгчдөө тавьж байгаа хаалтуудын эхнийх нь болов уу.

-Энэ хоёр хүний тэмцэл танай эвслийн үйл ажиллагаанд саад учруулж байна уу. Сөрөг сурталчилгаа болох гэх мэт…

-Үгүй байхаа, харин ч эерэг сурталчилгаа болно. Удирдагчдыг нь барьж хорих, айлган сүрдүүлэх, дарамтлах гэдэг бол эрх баригчдын авдаг хамгийн эхний арга хэмжээ. Ийм аргыг өнөөдөр олон түмэн ч мэддэг болчихсон. Иймэрхүү арга заль нь эвслийн ямар ч үйл ажиллагаанд саад учруулахгүй, бид удахгүй эвслээ албан ёсоор зарлах болно.

-МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг улс төрийн хамгаалалтад авах талаар мэдээлэл хийсэн. Түүнд ямар нэгэн дарамт шахалт ирсэн юм болов уу?

-Түүний нүднээс олж харснаар бол Н.Энхбаяр гуай ямар ч дарамт шахалтад автахааргүй тууштай байх шиг санагдсан. Нэгэнт эрх баригчидтай сөргөлдөхөөс өөр аргагүй замыг сонгосон хүн ийм байхаас аргагүй. Нэгэнт эрх мэдэлгүй, шударгын талд байгаа хүнд найз нөхөр, улс төрийн хамгаалалт хэрэгтэй байдгийг би мэднэ. Тиймээс түүнийг улс төрийн хамгаалалтад авах ёстой байлгүй яахав.

-Саяхан даа, та түүнтэй сониноороо өдөр алгасалгүй “байлдаж” шүүхдэлцэж, ялагдаж байсан санагдаж байна. Тийм болохоор л таны одоогийн үг, байр суурь тань өөрчлөгдсөн гэж хүмүүст харагдаад байгаа юм?

-Монголын нийгэм болж бүтэхгүй, ялзарч байгаа тухай, эрх баригч намууд хамтран хуйвалдаж сөрөг хүчингүй болгож төрийг өмхийрүүлж байгаа тухай миний байр суурийг тэр үеийн манай сониноос бас уншиж болно. Миний зарчмын байр суурь өчүүхэн ч ганхаж хазайгаагүй байгааг та одоо ч харж байна. Ийм байр суурьтай хүмүүс тэр үед даан ч цөөхөн байсан юм шүү.

Тиймээ, би түүнтэй эрх баригч байхад нь зарчимчаар сөргөлдөж, шүүмжилж байсан. Харин одоо тэр албан тушаалтан биш миний л ижил хүн. Нийгмийг шинэчлэх талаар бидний үзэл бодол, байр суурь одоо нэг болсон тул түүнтэй сөргөлдөх өөр ямар ч шалтгаан надад байхгүй гэсэн үг. Тийм болохоор би өөрийгөө зарчимтай, үгүйдээ л хүн чанартай байгаа гэж бодож байна. Би мөнхөд түүний дайсан байх тангараг өөртөө тавьсан хүн биш. Бас нөхөр нь байна ч гэж тангараглаагүй. Бид зөв зарчим дээр л нэг байгаа юм. Одоо бид хоорондоо бие биеэ хажиглах цаг үе биш, харин ч нягтрах хэрэгтэй байх. Зөв үзэл бодол, үйлийг дэмжих хүчгүй, хүчирхэг дайснаас хамгаалах хань бүлгүйн зовлонг би мэднэ.

Өмнө нь Н.Энхбаяр гуайтай ажлаа хийж байхдаа л ганц нэг албан ярилцлага авч байснаас уулзаж үзээгүй байсан. Харин ч би одоо түүнийг хүчтэй улстөрч юм байна гэж харж байна. Саяхан болтол түүнийг улстөрчийнхөө хувьд одоо ч босч ирэхээргүй болтлоо уналаа даа гэж бид бүгдээрээ л харж байсан. Гэтэл одоо  дахиад алгуураар өндийгөөд сэвхийтэл босч ирэхийг нь бид харж байна. Хэрэв тэр буруу зүйл хийсэн байсан бол засах, Монголын ард түмний итгэл хүчээр төрийн бүх өндөрлөгт хүрч үзсэн хүний хувьд үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа үүрэх ёстой. Тийм бололцоо байгаа бол түүнийг нь хаах гээд яахав дээ, харин ч дэм болъё.

А.БИЛГҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car