antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 Comments are off

Инфляцийн өсөлтөд итгэхгүй байна

нийтлэсэн Admin

Нэгэн супермаркет руу орж яваад худалдагчдаа загнуулан зогсох менежерийг харлаа. Хэдэн хором өнгөрсний дараа менежер залуу ажилтныхаа өмнө хэсэг цаас тавьчихаад зугтах шахам явж одов. Араас нь худалдагч “Та нарын өмнөөс бид л загнуулдаг” гэж үглэсээр хоцорсон юм. Тэднийх сүүлийн хоёр долоо хоногт хоёр дахь удаагаа барааныхаа үнийг нэмж байгаа нь энэ юм гэнэ. Зөвхөн супермаркет гэлтгүй том, жижиг дэлгүүр, хоршоо, худалдаа хийдэг газар бүр үнээ нэмжээ. Харин үйлчлүүлэгчид нь худалдагчдыг толгой, түрүүгүй загнаж орхидог учраас ажилтан нь менежертээ бухимдлаа гаргасан юмсанж. Уг нь үүнд худалдагч, менежерийн хэн, хэн нь буруугүй юм.

Инфляцийн дарамт жирийн иргэдэд иймэрхүү байдлаар мэдрэгдэж эхэлжээ. Цалин тэтгэвэр нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж байна. Зөвхөн цалингийн тухайд л гэхэд төрийн албан хаагчдын цалинг нэмснээр хувийн хэвшлийнхэн чирэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хувийн компаниуд ч цалингаа нэмэх шаардлагатай болж байна. Гэхдээ орлого их байхын хэрээр  хэрэглээ нэмэгдэх хүлээлт бий болдог. АНУ, Европын холбоо хямралаас гарахын тулд их хэмжээний бэлэн мөнгө гаргаж байгаа нь иргэдийнх нь хэрэглээ ихэсч, зах зээл нь тэлэхийн цондон гэж ирээд л шуугицгаадаг. Тэгэхээр эрэлтэт хэсэг асуудалгүй гэсэн үг. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлээс болж инфляци өсөж байгаа юу гэвэл бас үгүй. Газрын тосны салбарт ганц “Роснефть”-ээс хамаарч байгаа гэдэг утгаараа шатахууны нийлүүлэлт тасалдах, түүнийг дагаад үнэ өсөх тохиолдол хэзээд байсан. Иймэрхүү монополь шинжтэй цөөхөн бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсоох боломж хомс. Харин манай улс гадаад худалдаагаа чөлөөтэй хийж байгаа цагт ихэнх бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүсэхгүй байх бүрэн боломжтой юм. Инфляцийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан нь зохиомол хүлээлт гэх тайлбар ч бий. Үүнийг нотлох хамгийн энгийн жишээ нь орон сууцны үнэ Москва, Бээжингийн өртөг өндөртэй хотуудынхтай дүйж буй явдал юм. Тэгэхээр Монголбанкны бодлого үнийн өсөлтийг зогсооход чиглэх ёстой болжээ.

Сангийн яамныхан ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүн 25 хувиар өснө гэж мэдээлсэн. Үүний зэрэгцээ тэд үнийн өсөлтийг хязгаарлаж чадна гэдгээ амлаж байгаа боловч инфляцийн өсөлтийн талаарх төв банкны таамаглалыг үгүйсгэж чадаагүй юм. Монголбанк инфляци 27  хувьд хүрнэ гэж таамагласан. Тэд болзошгүй аюулыг сөрж, бодлогын хүүгээ 12.25 хувь болгон нэмсэн юм. Цаашид ч нэмнэ гэсэн үг. Тэд үнэ өсөж байгаагийн шалтгааныг зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт ихэссэнтэй холбон тайлбарлах болж. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн зардлаа хэт ихээр тэлж байгаа Засгийн газрын бодлогын тухай энд дахин нурших нь илүүц биз. Монголбанк ямар бодлого баримтлахаас үл хамаараад эрх баригчид төсвөө тэлдгээрээ тэлнэ. Харин инфляцийн өсөлтийг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмсний ачаар бизнесийн зээл авах боломж алхам тутамд хязгаарлагдаж байгааг энд онцлох гэсэн юм. “Гоо сайхан золиос шаарддаг” гэдэг шиг “Үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ золиосонд гаргах ёстой” гэж Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн шинжээчид байнга сануулдаг билээ.

Ийнхүү чөлөөт зах зээлтэй болсноос хойш хоёр оронтой тооноос бууж үзээгүй инфляцийн өсөлтийг зогсоохын тулд иргэд арилжааны банкуудад дор хаяж жилд 20 хувийн хүү төлж байна. Харин цаана нь арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө сул хэвтэж байна гэх.

АНУ, Европын хөгжингүй орнуудын инфляци манайхтай харьцуулахад төдий л их биш юм. АНУ-д 1982 онд хэрэглээний үнийн индекс 6.2 хувьд хүрч түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож байж. Харин өнгөрсөн есдүгээр сард инфляци 3.9 хувьд хүрсэн учир америкчууд Б.Обамаг буруутгаж байв. Ажилгүйдэл их, бүтээн байгуулалт байхгүй, Холбооны нөөцийн сан ам.долларын унагасан гэх түмэн янзын шалтгаан тоочих болж. Гэтэл түүнийг нь мэдсээр байж АНУ-ын Засгийн газар өнөө хэд нь мөнгөний бодлогоо тэлсээр байгаа. Хятадын инфляци есдүгээр сард 6.2 хувь хүрч бас л ойрын үед дуулдаагүй сонин мэдээ болсон. Харин манайд хэн нэгэн нь “Инфляци удахгүй зургаан хувь болно” гэвэл “Яадаг мэдрэл вэ” гээд түүнийг цохиод авчих хүн л олон гарах байх. Зарим эдийн засагч их гүрнүүдийн инфляци жижиг орнуудынхтай харьцуулахад бага байдгийн шалтгааныг арай өөрөөр тайлбарладаг. Томчууд инфляцийн бодит үзүүлэлтийг нууцалдаг гэх. Үүний ачаар урт хугацаатай, хөрөнгө оруулалтын зээл авах бололцоо нэмэгдэж, эдийн засаг богино хугацаанд сэргэн эрчимтэй хөгжих гол шалтгаан болдог аж. Харин манайд энэ боломжийг нь хязгаарласаар иржээ. Бодлогын  хүү өндөр байгаагийн ачаар дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй байна. Баялаг бүтээх салбар нь хумигдаж байна. Гэтэл ингэсэн ч гэсэн инфляци буурахгүй, улам бүр нэмэгдэх болж.

Монголын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэн өсөж байгаа. Зөвхөн Тавантолгой, Оюутолгойг бодоод үзэхэд эдийн засгийн өсөлт цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх нь тодорхой юм. Харин үүнийг урт хугацааны, тогтвортой өсөлт болгох нь хамгийн чухал. Монголбанкнаас явуулсан нэгэн судалгаанд оролцогчдын 75 хувь нь ирэх онд инфляци өсөх нь зайлшгүй гэх хүлээлттэй байна. Гэхдээ тохиолдлоор сонгож авсан тэдгээр хүмүүсийн “айдас” гурван сарын өмнөхөөсөө багассан гэдгийг энэхүү судалгаа харуулжээ. Бидэнд инфляцийн өсөлтөд итгэхгүй байх шалтгаан бий.

Т.Элиса

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car