antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 Comments are off

Монгол охид харьд очоод…

нийтлэсэн Admin

Монгол охид харьд очоод сураггүй болсон талаархи мэдээлэл олонтаа цацагддаг. Тэдгээр oxид яагаад алга болсон, хаана байгаа эсэх нь их бүдэг. Цагдаагийн байгууллагаас мэдээллийг шалгаж байгаа гэдгээс өөр үг унагах нь ховор. Өөрөөр хэлбэл, гадаадад ажиллахаар яваад сураггүй бологсдын мэдээлэл тэр бүр олддоггүй. Энэ сарын 3-ны өдөр цагдаагийн байгууллага шалгаж дууссан зарим хэргийг нийтэд дэлгэж, сэрэмжлүүлэг өгөв. Бага насны хүүхдүүд ихэвчлэн БНХАУ, Сингапур, Малайз, Турк, ОХУ-д ажиллахаар очоод хохирогч болдог юм байна. Хүүхдүүдээ соёлтой газар явуулж, эрдэм сургая гэх ээж аав байхад, тэднийг ажиллуулж, мөнгө олох зорилгоор хилийн дээс алхуулдаг эцэг, эх бас байх юм. Тийм сонирхлоор гурвалсан гэрээ хийж хүүхдүүдээ гадагш гаргах тохиолдол багагүйг цагдаагийн ажилтнууд өгүүлэв. Хилийн цаана гарсан хүүхдүүд тодорхойгүй шалтгаанаар цалин мөнгөө гүйцэд авч чадахгүй, аль эсвэл багш нартаа зодуулах зэргээр гэмт хэргийн золиос болох нь их гэнэ. Нөгөө талаар, Монгол Улсын Үндсэн хуулиар 18 настай иргэнийг насанд хүрсэнд тооцдог.
Гэхдээ, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх олгодог. Энэ утгаараа манай улсын 16 нас хүрсэн иргэд өөрийн дураар гадаадад явж хохирогч болох тохиолдол их юм байна. Насанд хүрээгүй ч иргэний үнэмлэхтэй тэд БНХАУ-ын аль нэг хотод очиж өндөр цалинтай ажил хийхээр яваад хохирогч болох жишээтэй. Зарим нь зориуд биеэ үнэлэх гэж явдаг бол нөгөө хэсэг нь хууртаж хохирогч болно. Тухайн оронд очиход зар дээр бичигдсэн шиг өндөр цалинтай зөөгч, хүүхэд асрагчийн ажил хаана ч байдаггүйг хүүхдүүд, томчуудын аль аль нь мэддэггүй гэнэ.
Нугараач охиныг хэрцгийгээр зоджээ
ОХУ-д нугараач охиныг хэрцгийгээр зодож, турьхан биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Монголд эцэг эх нь гомдол гаргасны дагуу манай цагдаагийнхан өнгөрсөн оноос эл хэргийг шалгаж эхэлсэн байна. Цагдаагийнхан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 181.3-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоо хэргийг прокурорын шатанд хянаж байгаа. Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн үг. Охиноо гадаадад гаргаж нугаруулах хүсэлтэй нэгэн эцэг эх Э гэх багштай гурвалсан гэрээ хийжээ. Ингээд охиноо багштай нь хамт ОХУ уруу явуулсан юм байна. Гэтэл хүний нутаг гүний хошуунд очсон охинд аймшигт явдал тохиолджээ. Энэ хэргийг үйлдсэн Э гэгч охиноос хүнд хэцүү дасгал хийхийг өдөр шөнөгүй шаардаж, амрахыг гуйхад хэрцгийгээр зоддог байж. Удаан хугацааны турш дарамтад байсан охин энэ тухай ээж аавдаа хэлсэн гэнэ. Манай цагдаагийнхан хэрэгтнийг Монголд ирэхэд нь саатуулж чадсан байна.
Хэрэгтэн Э ч хэргээ хүлээжээ. Охиныг Монголд авчирсан бөгөөд тэр “Дасгал сургуулилтыг багшийн санасан хэмжээнд хийж чадахгүй болохоор маш их зоддог байсан. Циркт хэрэглэдэг төмөр саваагаар ороолгодог” гэж ярьжээ. Нугараач хүнд өндөр шаардлага тавигддаг юм билээ. Наад зах нь олон цагаар дасгал хийх шаардлагатай болдог. Гэхдээ аюулгүй байдлыг хангаж, асарч хандах ёстой багш хүн бяцхан охины биеийг хөхөртөл занчиж, зүрхийг нь үхтэл зодох журам Монголын циркт тогтоогүй байлтай.
Туркт нугарахаар явсан охидын гэрээг зөвшөөрөлгүй сунгажээ
Энэ хэрэг 2010 онд гарсан. Эцэг эхчүүд нь зөвшөөрч, Г гэдэг багштай гэрээ хийсний дагуу дөрвөн нугараач охин Турк Улс уруу ажил хийхээр явжээ. Гэрээ зургаан сарын хугацаатай. Эхний үед гэрээний дагуу ямар ч асуудалгүйгээр ажилласан байна. Гэтэл гэрээний хугацаа дуусахад охид гэртээ эргэж ирсэнгүй. Эцэг эхчүүд нь сандран учрыг асуухад, “Гэрээг сунгасан” гэх товч хариуг өгчээ. Зөвшөөрөлгүйгээр гэрээг сунгасанд айж балмагдсан ээж аавууд цагдаагийн байгууллагад хандаж “Магадгүй бидний хүүхдүүд хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон байх талтай. Шалгаж өгөөч” гэх хүсэлт гаргасан байна. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгах хугацаанд хүүхдүүд эх орондоо ирсэн байна. Тэд багш Г-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж хуулийн дагуу ажилласан гэж мэдүүлжээ. Хүүхдүүд хүн худалдах гэмт хэргийн золиос болоогүй гэж мэдүүлж байгаа. Гэхдээ эцэг эхчүүд гомдол гаргаагүй бол юу ч болох байсан юм билээ. Таах аргагүй шүү дээ. Нэгэнт охид гомдолгүй гэсэн учраас энэ хэрэг тэгсгээд хэрэгсэхгүй болсон байна.
“Монголд очих хүсэлгүй”
13 настай охиноо ажил хийлгэхээр эцэг, эх нь ХБНГУ уруу явуулснаас эл хэрэг үүдэлтэй. Германд охиныг аавынх нь ойрын хамаатан болох Ө, Б нар хүлээн авсан байна. 13 настай охин хамаатныдаа хоёр жил гаруй амьдарчээ.
Энэ хугацаанд хамаатны ах эгч нь охиныг байнга зодож дарамталдаг байсан гэх. Удаа дараагийн зодуурын улмаас охины биед хүнд гэмтэл учирсан байна. Охин ч ах, эгчдээ зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад хандсан аж. Энэ дагуу ХБНГУ-ын цагдаагийн байгууллага энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүхэд шилжүүлсэн гэнэ. Шүүхээс дүүгээ зодсон ах, эгчид нь таван жил хорих ял оноосон байдаг. Одоо эл гэр бүл тус улсын шоронд хоригдож байгаа. Хүүхдийн хувьд асран хамгаалагчгүй учраас асрамжийн газарт шилжүүлсэн юм байна.
Харин охины эцэг, эх хүсэлт гаргаснаар манай цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгажээ. Ингээд ГХЯ, Германы консулаар дамжуулан охинтой холбоо барихад охин монголд ирэхийг хүсэхгүй байгаа тухайгаа хэлжээ. Тэр “би ХБНГУ-ыг сонгож байна. 16 нас хүрсэн учраас иргэний харьяаллаа өөрөө сонгох эрхтэй. Монголд очих хүсэлгүй” гэж ярьжээ. Аавынх нь хамаатнууд охиныг зодсон асуудал Германы шүүхээр шийдэгдсэн, охин өөрөө Монголд ирэхгүй гэснээр энэ хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй болжээ.

Д.Мягмаржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car