-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ажиллав-
Баасан гаригт үдээс өмнө Яармагийн дэнжид ард иргэдтэйгээ уулзсан МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” нисэх буудлын зоогийн газарт түр саатлаа. Олон улсын нислэг хүлээж суусан гадаад, дотоодын иргэдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэнэт ороод ирсэн нь ихэд сонин санагдсан бололтой. Түүнийг нүд салгахгүй ажиглаж суусан “хэрэгт дуртай” нэгэн ази залуу нэр дэвшигчийг зоогийн газраас гармагц дагалдаж явсан биднээс сониучирхан асуух нь тэр. “Танай улсад хэдэн өдөр зочлохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа талаар бага сага ойлголттой болсон. Сая энэ танхимаас гарч ирсэн хүн нэг нэр дэвшигч нь мөн байна. Би зөв таньсан уу” гэж тэр олзуурхан ярив. Хотын төвд өлгөөтэй байгаа сурталчилгааны самбар дээрх нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн зургийг тэр Монголд хэдэн хоногийг өнгөрүүлэхдээ нүдэлчихсэн аж. Нутаг буцахаар онгоцны буудалд хүлээж байхдаа зурган дээрх хүнтэй санамсаргүй таарсандаа тэрээр ихэд бэлгэшээжээ. Хан-Уул дүүргийн төвөөс алс оршдог хороодын иргэдтэй уулзахын өмнө нэр дэвшигч ийнхүү Буянт-Ухаад түр амсхийсэн нь энэ.
Хотын төвөөс 35 км зайтай Өлзийт хороолол буюу 14 дүгээр хорооныхон нэр дэвшигчийг ирэх сургаар түүнд дайх саналуудаа багцлан бэлтгэжээ. Сонгуульд ялалт байгуулахыг хүссэн захиасаас эхлээд тулгамдаж буй олон асуудлаа багтаасан 26 саналыг тэндхийн оршин суугч н.Мандаа нэр дэвшигчид гардуулж өгөв. Аваргад санал бодлоо дуулгахын зэрэгцээ сонгуулийн ажилд нь амжилт хүсэхээр бүр нэг, хоёр цагийн өмнө яаран ирсэн иргэд ч олон байв. Улсын начин, өндөр настан Пүрэвдорж аваргынхаа барааг ч болов харна гээд хамгийн эхний эгнээнд тухалжээ. Гадаа хэдий хүйтэн салхитай зэврүүн байсан ч иргэдийн хувьд аваргатай гар барьж уулзах нь тэр өдрийн хамгийн эрхэм зүйлд тооцогдож байлаа. “Аваргаас сайхан энерги авлаа”, “Ёстой төрийн тэргүүн л байх хүн юм”, “Хороо, хороогоор сэтгэл нэгдээд дэмжчихвэл бид удахгүй шинэ Ерөнхийлөгчтэй болчихно доо” гэж иргэд өөр хоорондоо шивэр авир хийлцэх аж. Мөн хорооны иргэн Б.Гомбо төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу гуай шиг хүн л өнөөгийн төрд үгүйлэгдэж буйг онцлоод нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг түүн шиг буурь зааж ажиллаж чадна гэдэгт итгэж яваагаа уламжилсан юм. Хүн амын хүнсний аюулгүй байдалд даацтай хувь нэмэр оруулах “Эко парк” хөтөлбөрөөр дамжуулан хотоос алсхан амьдардаг өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх бүрэн боломжтойг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа. Түүний дараагийн уулзалт Шувуун фабрик, Био комбинат, Нисэх орчимд түүчээлсэн юм.
Иргэн Совдоо “Та бид үнэхээр азтай улс юм. Аваргынхаа сайхан энергийг шингээгээд авлаа. Энэ хавийн жавар ч арилчих шиг санагдлаа. Шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг ирлээ” гэсэн бол залуучуудын төлөөлөл болсон Ц.Рагчаасүрэн “Улсын наадамд 12 жил босоо явсан аварга улс төрд ч есөн жил босоо яваа. Ёс жудагтай, эв эеийг эрхэмлэдэг, хуульч ийм л хүн Ерөнхийлөгч болохыг бид хүсч байна” хэмээн итгэл сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Иргэн Д.Батжаргалын хувьд төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаад Ардын намын гишүүн байсныхаа төлөө саяхан ажлаас халагджээ. Тэрээр төрийн албанд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэв.
Энэ уулзалтын үеэр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Энэ нь манай намынх, тэр нь хүний намынх, энэ нь миний ах дүү, тэр нь хүний хүн гэж алагчилж ялгалгүй тууштай тэмцэнэ” гэж онцолж байлаа. Намчирхал, улстөржилт газар авч, улс орныг хүчгүйдүүлж байгаа энэ үед Б.Бат-Эрдэнийг талцал бус эв эеийг авчрах хүн хэмээн үнэлж буйгаа иргэд илэрхийлсэн юм. Ялангуяа улс төр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх гажуудлыг залруулан, бие биеийнхээ ололт, амжилтыг хүлээн зөвшөөрч, дэмжин урамшуулж, хамтран ажилладаг үзэл санааг төлөвшүүлэх тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасанд иргэд талархалтай хандаж байна. Нийслэлчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх “Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэх нэр дэвшигчийн санаачилга иргэдийн сэтгэлд ихэд нийцжээ.

“Чингэлтэйчүүд чигээрээ таныг дэмжинэ шүү”
Та МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг гардан боловсруулсан гэдгийг мэдэх үү. Тэрээр иргэдээ ажилтай, орлоготой, хуримтлалтай болгохын төлөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн байр суурин дээр эртнээс тууштай зогсч байгаа. Уг хуулийг батлуулахын төлөө УИХ-аас томилсон ажлын хэсгийг ахлан хуулийн зүйл, заалт бүр дээр нь гар бие оролцсон. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон жижиг худалдаачдын зовлонг сайн мэддэг аж. Энэ удаа тэрээр Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчид, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Тус дүүргийн хувьд “Хүчит шонхор”, “Нарантуул-2” гэсэн хоёр том хүнс, барааны захтайгаас гадна хэд хэдэн жижиг, дунд үйлдвэртэй юм. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд “Монгол оймс”, Янмал” зэрэг жилд тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг үндэсний үйлдвэрүүд ч бий. Тийм учраас энэ удаагийн “аялал” нэр дэвшигч Б. Бат-Эрдэнийн хувьд хийсэн ажлынхаа үр дүнтэй бодит байдал дээр танилцсан хэрэг байв. Тэрээр эхний уулзалтаа “Хүчит шонхор” хүнсний захаас эхэлсэн. Уламжлал ёсоор нэр дэвшигч маань замын хөдөлгөөн ихсэхээс өмнө буюу өглөө эртлэн зорьсон газраа ирлээ.
300 ам метр талбайд ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн боломжийг “Хүчит шонхор” захын худалдаачдад төр бүрдүүлж өгчээ. Гэвч зах зээл хэмээх үл үзэгдэх гарт түрээс, татвар болон элдэв төрлийн татаасыг нь даатгасан. Үр дүнд нь эзэн үзэмжээрээ түрээсээ нэмж, үүнийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг нь хавчин гадуурхсан. Энэ бол “Хүчит шонхор” хүнсний захын худалдаачдын хүссэн ардчилал, зах зээлийн эдийн засаг биш. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон худалдаачдад төрийн бодитой дэмжлэг, зөв бодлого үгүйлэгдэж байгааг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хэлж байв.
Түүний дараагийн зогсоол хуучнаар Дэнжийн 1000 зах буюу “Нарантуул-2” худалдааны төв. Нэгэн цагт орхигдож, эзгүйрээд байсан энэ газарт өнөөдөр түм түжигнэж, бум бужигнаж байх ажээ. Худалдаа, хөнгөн үйлдвэр эрхлэгчид ч захын хашаанд дүүрэн. Тус төвд худалдаа эрхлэгчидтэй уулзах үеэрээ Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч “Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжин орж байх үед 20 настай байсан залуус одоо 40 гараад явж байна. 40-тэй байсан нь 60 гарчээ. Гэтэл хурааж хуримтлуулсан орлоготой хүн алга. Нийгмийн баялаг хэдхэн цөөн хүний гарт очиж, олонхи нь ядуу байна. Иргэдийн орлого бодитой нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ улам л өсч байна. Өмнө нь иргэн бүрт 21.000 төгрөг өгч байсан. Өөрөөр хэлбэл, жил бүр 800 тэрбум төгрөгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор өгдөг байсан юм. Гэтэл хавтгайрсан халамжийг зогсооно гээд өгөхөө больчихлоо. Оронд нь хэдэн цөөхөн компанид 720 тэрбум төгрөг өгч, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгана гэж амласан. Харамсалтай нь, талх, мах, бензин гээд өргөн хэрэглээний барааны үнэ тогттвортой байж чадаагүй, эсрэгээрээ өссөн. Энэ бол төрийн бодлого буруу тийшээгээ явж байгаагийн илрэл. Үүнийг засч, зөв замд нь оруулахын төлөө хичээж ажиллана. Би бүлэг, фракц гэсэн жижиг эрх ашиг харж, өөрийгөө боддоггүй. Би Монголоо гэсэн том эрх ашиг харж явдаг болохоор “Оюутолгой”-н гэрээг засч сайжруулах шаардлагыг намын даргадаа тавьж, огцруулах асуудлыг нь УИХ-д оруулж байсан удаатай. Учир нь, “Оюутолгой”-д 40 сая тонн зэс, 1000 тонн алт бий. Энэ их баялгийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй байна. Иргэддээ өгнө гэж амласан 1.5 сая төгрөг, 1072 хувьцааны асуудал ч нэг мөр тодорхой болоогүй байна. Эдгээрийг би зөв замд нь оруулахын төлөө хичээх болно” гэв.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ эндээсээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Янмал” оймсны үйлдвэрийг зорилоо. Уг үйлдвэрийг БНСУ-д хөдөлмөр эрхэлж байсан залуус байгуулжээ. Анх хоёр нэхэгч машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан залуус өдгөө 50 гаруй машинтай, 60-аад ажилчинтай болжээ. Жилийн худалдааны эргэлт нь тэрбумаар хэмжигдэх төвшинд хүрсэн амжилттай яваа үндэсний үйлдвэрлэлийн жишээ юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч тус үйлдвэрийг зорьж ирсэн нь учиртай аж. Тэрээр зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагт дулдуйдагч эрх баригчдаас өөр үзэл бодолтой ажээ. Түүнийхээр бол Монгол Улс зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх ёстой гэнэ. Ингэж байж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт багтсан ажилтай, орлоготой, хуримтлалтай монгол хүн, айл өрх бий болно. Монгол хүн оюуны чадавхиараа дэлхийд эхний тавд жагсдаг учраас энэ боломжтой гэдгийг тэр онцолж байлаа. Ерөнхийдөө түүний хэлсэн бүхнийг чингэлтэйчүүд зөв, зүйтэй хэмээн хүлээн авч байв. Яагаад гэвэл нэр дэвшигчийн хэлсэн үг бүхэн иргэдийн амьдралд бодитой тохиолдож байгаа. Тиймээс иргэд “Чингэлтэйчүүд чигээрээ таныг дэмжинэ шүү” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байв.
Холбоотой мэдээ
Comments are closed.