antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 Comments are off

Ерөнхийлөх гурав батламжаа гардаж, Шри Шри Монголд айлчилсан өдрүүд

нийтлэсэн Admin

shankar_patima_0527Зуны тэргүүн сарын нэгэн долоо хоног нартай, балгахан хуртай, бас шуурга шороотой, инээдтэй, нулимастай холилдсоор алсран одов.
Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал нь зургаадугаар сарын 26-нд эцэслэн шийдэгдэх Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нэр дэвшигчийн батламжаа СЕХ-ноос гардаж авсан нь байв.

Ц.Элбэгдорж илүүрхэж, Б.Бат-Эрдэнэ балмагдаж, Н.Удвал улайсан сонгуулийн сурталчилгааны нээлт гурван өөр өнгө төрхтэй эхэлсэн ч замын дунд өрсөлдөгчдийн бие, сэтгэл тавиран уужирч, бэл бэнчин, оюун ухааны цараагаа харуулан “Барин авч барилдацгаах” нь тодорхой. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар эх орноо нар зөв тойрохоор Хэнтий, Дорнодоос сурталчилгаагаа эхлүүлсэн бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрчүүдээс зөрүүдлэн төрсөн нутаг Архангайгаас “Аваргыг давж аварга болох” сурталчилгааныхаа ажлыг эхэлсэн юм.

Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн батламжаа гардаж авснаас гурван цагийн дараа мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж АН-д элсэж намын батлахаа гардсан нь улстөрийн амьдралд тохиосон яахын аргагүй сонин, содон үйл явдал байлаа. Түүний ах Монгол Улсын аварга Д.Сумьяабазар хэдхэн хоногийн өмнө МАН-аас УИХ-д сонгогдсон 26 дахь гишүүнээр тодорсон бол дүү их аварга нь ийнхүү АН-ын отгон гишүүн болов. Энэ үйл явдалтай холбогдуулан зарим нэг наргианч эрхмүүд “Одоо Улсын начин Д.Сэржбүдээ ИЗНН-д элсэх нь тодорхой” гэж тоглоом хийхээ ч мартсангүй.

Улиран одсон долоо хоногт урьдын адил гадны зочид, гийчид Улаанбаатарт хөл тавьцгаан зарим нэг нь ухуулан сэнхрүүлэх их ажил өрнүүлсэн бол улстөр, эдийн засгийн зорилготой нисч ирсэн эрхэм ч байв.

Дээрхийн гэгээнтэн, оюун ухааны их мастер Рави Шанкар дөрөв дэх удаагаа Улаанбаатарт хүрэлцэн ирж гэгээрэлд хүрэх зам мөрийн сургааль номоо сүсэгтэн олонд түгээв.

Таван мянган суудалтай “Буянт-Ухаа” цогцолборт до­лоон мянган хүн багтааж “Чакра Крия” хэмээх амьс­галын дасгалаар тэдний оюун ухааныг нэгтгэсэн нь Шри Шри гэгээнтний энэ удаагийн айлчлалын оргил хэсэг нь болжээ.

Энэтхэгийн гэгээнтэнтэй зэрэгцэн могой жилийн могой сард Оросын зөн билэгч Фатима Хадуева гэх Дагестан хүүхэн хүрэлцэн ирж удахгүй болох Ерөн­хий­лөгчийн сонгуулийн талаар “Ерөнхийлөгч болох хүн нь эрх мэдлийн хажууд, маш өндөр хариуцлага хашдаг хүн байна” гэж айлдчихаад өнгөрсөн хагас сайнд Орос­доо очиж зөн билэгдэхээр бу­цан нисэв.

“Улаанбаатар” рес­то­ранд болсон 100 ам.дол­ларын тасалбартай “Аз жаргал­тай амьдралд хүрэх алтан түлхүүр” нэртэй лекц, уулзалт нь хөл гиш­гэх зайгүй байснаас нь үз­вэл Дагестан зөн билэгч Улаанбаатараас олз омогтой буцсан нь тодорхой.

Өнгөрсөн баасан гарагт ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөө­лөгчид хүрэлцэн ирж УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь Монгол-Германы пар­ла­ментын бүлгийн дарга Р.Бурмаа нартай уулзаж ярилцав.

Мөн Шадар сайд Д.Тэрбишдагватай уул­заж Дархан-Уул аймаг дахь дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, Эдийн засгийн хөгжлийн бодлогын хамтын ажил­лагааны төсөлтэй танилцах Бундестагийн дэд ерөн­хий­лөгч Эдуард Освальд тэр­гүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын 30-ны өдөр өндөрлөх юм.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн нөхцөл байдал мөн л хүндхэн өнгөрч, хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ажилтан мягмар гарагт сураггүй алга болсон бөгөөд хоёр хоног хайсны эцэст буудуулж амь насаа алдсан түүний цогцсыг ой дотроос олжээ.
Мөн пүрэв гарагийн шө­нө Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хүйтэн зэвсэг хэрэглэн хө­нөөсөн онц ноцтой ал­лагын хэрэг гарчээ.

Одоогоор эдгээр ноцтой гэмт хэргийг үйлдсэн этгээ­дүүдийг олж тогтоохоор шуурхай ажиллаж байгаа ажээ.

Ноцтой осол, гэмтэл байс­хийгээд л гардаг “Эрдэнэт” үйлдвэрийн Бая­­жуулах фабрикийн ажил­­чин баасан гарагийн өглөө хүдрийн туузан дам­жуулалтын хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад хавчуулагдан нас барсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаагүй үйлдвэрийн бу­руутай ажил­лагаатай хол­боотой юм.

“Хар баасан гараг”-ийн дуулиан үүгээр дууссангүй. Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолт хийдэг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд Монгол Улсын хууль дүр­мийг удаа дараа зөрчсөөр ирснийг эсэргүүцэж, үйлд­вэрийн 160 гаруй Монгол ажилчид ажлын өдрийг багасгах, цалингаа нэмүүлэх шаардлага тавин хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа юм.

Тэдний хувьд 40 хо­ног амралтын өдөргүй ажил­лаж байж 400 орчим ам.долларын цалин авч байгаа нь ком­панийн удирд­лагуудын зүгээс Монгол Улсын хууль, дүрмийг санаатай зөрчиж, хүний эрхэнд халдаж байгаа бусармаг үйлдэл ажээ.

Улиран одсон долоо хоногт Монгол Улсын нэр төрийг дэлхийд цуурай­туулдаг тамирчид ялангуяа жудочид маань амжилт арвинтай байлаа. Жин жингийн шилдэг 16 бөх зодоглодог “World Masters”-ын энэ удаагийнх ОХУ-ын Тюмен хотноо болоход эхний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа нар алтан медалиар энгэрээ мялаасан бол, 60 кг-д Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д залуу тамирчин А.Цолмон нар мөнгөн медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж мастеруудын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан дэлхийн анхны жудоч болж түүхэнд мөнхөрлөө.

Биднээс алсран одсон нэгэн долоо хоногийн сайн, саарыг нэгтгэн дүгнэвэл иймэрхүү л дүр зураг гарч байна. Цаг наашилж, дэлгэр сайхан зун айсуй.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car