МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурлын үеэр сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс МАХН-ын зүгээс Сонгуулийн хууль боловсруулж, УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулан УИХ-д өргөн барих болсон тухайгаа хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдлээ.
Тэд “Одоогийн 76 гишүүн дахин сонгогдох луйвраа хийх зорилгоор иргэдийн эрх ашгийн төлөө бус өөрсдийн сонирхолд нийцсэн Сонгуулийн хууль хэлэлцэж байна” хэмээж байв. Түүнчлэн Засгийн газраас өнгөрсөн сард өргөн барьсан Цагдаагийн тухай хуулийг иргэд рүү галт зэвсэг нээж болно гэсэн утга санаатай болсныг шүүмжилж байв. Хэрэв хууль батлагдвал сонгууль будлиантсан тохиолдолд иргэд рүү долдугаар сарын 1-ний өдөр шиг гал нээхийг зөвшөөрнө гэсэн үг хэмээн МАХН-ынхан онцолж байв.
Харин МАХН болон тус намын даргын зүгээс хэвлэлийнхэнд өгсөн дараагийн мэдээлэл нь сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болоод байгаа Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудал байв.
Н.Энхбаярын хэлснээр “Ц.Нямдорж гишүүнтэй холбоотой асуудал дан ганц хүний хэрэг биш. Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн өөрөө буруу, булхайтай зүйл хийж байгааг бид баримттайгаар дэлгэх болно. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд намайг хэвлэлээр буруутгасан, худал мэдээлэл хийж байгаа. Ц.Нямдорж сайдад би ганц л зүйл хэлсэн. Учир нь түүнийг аль ч хууль, хяналтын байгууллага шалгаж чадахгүй, шалгасан ч худлаа шалгана. Тиймээс л би албан тушаалаа өгөөд цуг шалгуулъя гэж хэлсэн. Харин тэр чадахгүй байна. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ” хэмээн Хууль зүйн сайдад үг дайлаа. Түүнчлэн “МАН, АН-ынхан МАХН-ыг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгч байгаа нь манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн санаатай үйлдэл гэж би ойлгож байна” хэмээн МАХН-ын дарга хэлж байв. МАХН-ынхны зүгээс өгсөн өөр нэг мэдээлэл бол салбар бүрт аудитын шалгалт явуулж, дүн мэдээг нь хэвлэлээр дэлгэнэ хэмээн мэдэгдэв. Тэр ч бүү хэл долоо хоног бүр уг шалгалтын дүнгээ мэдээлж байх гэнэ. Энэ мэтчилэн МАХН цаашдаа ард түмний төлөө үйл ажиллагаагаа явуулсаар байх ажээ.
Т.ГЭРЭЛМАА
Холбоотой мэдээ
Comments are closed.