Огцруулах асуудал юу ч болохгүй гэж бүгд яриад л… Сү.Батболд огцруулахыг юман чинээ ч тоохгүй байгаа юм шиг. Бүр пээдийчихэж. Сая явахынхаа өмнө яаж аяглахыг нь харав уу. “Зөвхөн манай намд санал өгсөн хүмүүст 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө” гэж Монголын парламентын өмнө пээдгэрхэн мэдэгдээд АНУ-ыг зорилоо. “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг ирэх онд өгөхдөө зөвхөн өндөр настнуудад өгнө гэж тэр шийдвэрлэжээ. 334.2 тэрбум төгрөгийг шүү. Зөвхөн өндөр настнууд л МАН-д санал өгдөг биз дээ. Тэгэхээр түүний энэ шийдвэр бол авлига юм. Үүнээс өөрөөр шийдэх сайн боломжууд байсан. Наад зах нь энэ мөнгийг эрхийн бичиг болгох. Бэлэн бус олгох. Янз бүрээр хамгаалж байгаа ч бэлэн мөнгө гарцаагүй инфляц болж байгааг та бид харж байна. Эрхийн бичиг нь энгийн. Танай ах дүү нар гээд дор хаяж 20-иод хүн байна биз дээ. Нийлүүлээд нэгнийхээ орон сууцны урьдчилгааг өгчихье л дөө. Эдийн засгийн эрүүл саруул эргэлт гэж энийг хэлнэ. Ийм зүйлийг л Сү олж харахгүй байв гэж дээ.
Өндөр настан биш хүмүүс нь тэгээд 1.5 саяа хэзээ авах юм. Сонгуулийн дараа юу. Ингэж ил цагаандаа гарахгүй ээ, Ерөнхий сайдтан. Огцруулна гэсэн есөн гишүүнийг сэрүүн зүүдэлж сэрж мартацгаа. Та нар шиг юмнууд намайг огцруулдаггүй юм. Алтангадас, хотын фракц… энэ бүгдийн загалмайлсан эцэг С.Баяр амьд байсан цагт “Намайг буюу Засгийн газрыг огцруулна гэдэг хушигны ац” гэж хэлээд АНУ-ыг зорилоо гэсэн биз дээ. Тэнд урлагийн тоглолт болж байгаа бололтой. Урлагчин эхнэр нь оччихсон байгаа, хүүхдүүдийнх нь хичээл ном, сургууль соёлын асуудал гээд ажил их байгаа бололтой. Ард нь Монголын парламент зад загнуулаад, төсвийн тодотголоор хоосон хоцроод, амаа бариад үлдэж байх шиг байна. Бүх юм түүнийхээр болж байна, түүнийхээр болдог болсон байна. Ийм парламенттай байснаас байгаагүй нь дээр. Засгийн газар нь “Загалмайлсан эцэг” болчихсон манайх шиг орон цаашид парламентын засаглалтай явна гэдэг мөн хэцүү еэ.
Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын есөн гишүүн өргөн барьсан. Бичгээ Их хурлын дарга Д.Дэмбэрэлд өгнө гэв. Өгнө ч гэж дээ өргөн барьсан хэрэг. Тэгсэн Дэмбээ дарга шээрэгнэв. Хоёр залуу туслахаараа халуун чулуу атгуулж урдаа барив. Өнөө хоёр нь авахгүй бултав. Тэгэхээр нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өгөх гэтэл авахгүй аальгүйтэж гүйв. Дараагийн дэд дарга Н.Энхболдод өгөх гэтэл тэр нуугдав. Хаана ч юм нэг сауны газар очиж хэвтчихээд. Эргээд Дэмбэрэл дээрээ ирлээ. Үгүй ээ мөн үнэн нүүр царайгаа харуулж байгаа юм шүү, нөхдүүд. “Би тэгээд бултчихлаа, чи яаж бултав” гээд бие биен рүүгээ утсаар ярьж байсан байх даа. Эхнээсээ тэгээд Дэмбээ авах л байсан юм бол яах гэж маягласан юм. Дэмбэрэл хатуу дарга байсан бол “Ганц удаа миний өмнөөс авчихад яадаг юм” гээд хоёр залуугийнхаа арьсыг өвчих байлаа. Хоёр залуу нь түүнийг тоохгүй л байгаа байхгүй юу даа. Яахаараа Г.Батхүү зугтааж аальгүйтдэг юм. Сү.Батболдтой Скайтелийг хувааж авсныг хүн бүр мэднэ. Ийм хүмүүс нэгнийхээ эсрэг бичгийг авах уу. Нямаагийн Энхболд байна. Намынхаа өсч яваа боловсон хүчний өмнө нэрээ сэвтээхээс үхтэлээ айж байгаа байхгүй юу. Эр хүнийхээ хувьд ядаж энэ хэрийн зоригтой байж болно доо. Сү цаашаа юу ч болох билээ. Ерөнхийлөгч, Их хурлын дарга… гээд нөхөр тооцоод байна ш дээ. Юу ч болохгүй байвал яахын тэгээд, наад нөхөр чинь. Алив наад бичгээ нааш нь өгчих, би алаад өгье гээд гүйх үү. Эд бүгдийн өмнөөс Их хурлын Тамгын газрын ямар дарга ч гэнэ вэ, С.Магнайсүрэн гэдэг юм бүр хэлмэгдэж дууслаа. С.Магнайсүрэн нэг талаасаа дэлсүүлэхээр “Огцруулах үндэслэлтэй” гээд, нөгөө талаасаа цохиулахаараа “Үндэслэлгүй” гэж яриад хэвлэлээр нэг хэсэг мандлаа. Ажиглагчдын зүгээс “Магнайсүрэн мэддэг юм бол манай улсад УИХ байх хэрэг байгаа юм уу” гэсэн яриаг гаргалаа. Жижиг гарын түшмэл их улс төрийн хөлд хэлмэгдчих шиг боллоо. Бусад жижгүүд нь санаа авууштай.
Байнгын хороогоор огцруулах асуудлыг хэлэлцэх гэсэн чинь Ж.Сүхбаатар гэдэг хүүхэд улам хүндрүүлж орхилоо. Түүний амнаас ямар үгс урсан гарав аа, “Шорон гяндан, эрүүгийн элемент, өөдгүй новш” юу юу ч гэнэ вэ. Энэ ер нь хаана сургууль төгссөн, ямар боловсролтой нөхөр вэ. Хэт үнэнч царайлж асуудлыг улам түвэгтэй болгочихлоо. Су.Батболд нарын гишүүдийг “Та нар хэрээс хэтэрч байна шүү. Огцруулах гишүүдийн тоо нэмэгдэхэд гайхах юмгүй шүү. Нэг нам байх нь хамаагүй” гэж хэлэхэд хүргэлээ. Ингэхээрээ л асуудал улам хүндэрч Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь бүр тодорхой болоод явчихаж байгаа юм.
Энэ бүх үйл явдлын талаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд юу гэж дуугарав. Лу.Болдын мэдээллийн групп болох “Ардын эрх”, News.mn, “Боловсрол суваг”, “Ийгл” телевизүүд засгийг өмөөрөв. “Женко”-гийн мэдээллийн групп “Ардчилал”, “Монголын мэдээ”, “С1” телевиз мөн адил. За тэгээд 25-р суваг-С.Баяр, NTV-Г.Батхүү, TV-8 Баярмөнх, TV-5 бүр тодорхой, UBS телевиз хэний өмнө бөхөлзөхөө мэднэ, Үндэсний олон нийтийн радио, телевиз хэнээс мөнгө авч хоолоо иддэг нь тодорхой. Хэвлэлүүд байна. “Өнөөдөр”-С.Баяр, “Өдрийн шуудан”-У.Хүрэлсүх, “Үндэсний шуудан”-С.Баяр энэ тэр гээд явцгааж л байна. Н.Энхбаярын мэдээллийн групп болох “Зууны мэдээ”, TV9 телевиз… гээд амихандаа л үзэж тарж байна. Ингээд хэн үлдэж байна. “Өдрийн сонин” гэдэг ганц чоно алийг нь ч аль гэхгүй үйл явдлыг үнэн мөнөөр нь мэдээлж байна. Үнэндээ ганцаардаад байгаа юм шиг үе байдаг юмаа, байдаг юм. Гэхдээ “Өдрийн сонин”-ы туулж ирсэн замнал өөрөө ийм юм даа.
Манай парламентын нэг сайхан нь огцруулъя гэвэл дор нь огцруулна. УИХ-ын 39 гишүүний эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдвөл Ерөнхий сайд минутын дотор байхгүй болно. Бусад улс орны парламент шиг огцруулах үндэслэл энэ тэр юм гаргах шаардлага манай парламентад бараг байхгүй. Олонхиороо түрээд кноп дарна. Маргааш “Женко”-гийн сэтгэлд салхи орвол яах юм. Лу.Болдын эрх ашиг хөндөгдвөл яах юм. Алтангадасынхан айвал яах юм. Хотын фракцын толгойлогчийн толгойд “Одоо л цаг нь ирж нөхцөл нь бүрэлдлээ дээ” гэж урьдын явдлаа санавал яах юм. С.Баяр та хоёр байхгүй болно шүү дээ. Ийм салхийг завсраар нь оруулах хэрийн толгой Монголын улс төрд явж л байгаа. Салхи нэгэнт орох юм бол шуурга дэгдээх нөхөд МАН-д бий. Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, У.Хүрэлсүх… Тэд бүгдээрээ л “Би яахаараа Ерөнхий сайд байж болдоггүй юм, намын дарга, сайд байж болдоггүй юм” гэж үздэг. Энэ бодлоо өөрөөсөө нуух шахам хадгалж, дотроо хорсож явдаг. Эд нөхдөөс ялгарах юм нь Сү мөнгөтэй болчихоод улс төрд орж ирсэн. Тэд мөнгөтэй болохоор улс төрд орж ирж дээ. Сү-г сүхдүүлчихээсэй хэмээн анаж буй намынх нь энэ мэт олон олон нөхөд улс төрийг уран нарийн, ухаалаг хурц хийж чадахгүй ч хорлох хэмжээнд оролцож чадна. Ийм байхад Сү гуай та дуусашгүй бяртай болчихсон юм шиг явах хэрэггүй. Нөхцөл бүрэлдэж цаг нь ирэхээр Намбар гуайн хүү хүртэл талын шоргоолж болдгийг харж байгаа биз. Нийгмийн сэтгэл зүй бол бүх асуудлыг нүдээрээ хардаг, харин дарга та бол чихээрээ сонсож байгаа. Мэдээлэлд сайн боловсруулалт хийж чаддаггүй хүн Каддафи болдгийг дэлхий даяараа харж байна даа.
П.ХАШЧУЛУУН
Холбоотой мэдээ
Comments are closed.