Хэлж ярьдаг хүн үгүй бол ямар ч сайн засаглал ялзардаг гэдэг. Чөлөөт хэвлэл мэдээлэлтэй байгаагийн утга санаа угтаа үүнтэй л холбоотой. Харин хэлдэг хүмүүсийн дийлэнх нь хөөрхий муу сайн сэтгүүлчид. Тэднээс өөр мэдээллийн хэрэгслээр буруу, бузар булай үйлийн эздийг баруун солгойгүй гөвшдөг хүн бараг үгүй. Гаажтай нь яаж ч шүүмжлүүлж, ямар ч ноцтой баримтуудаа дэлгүүлсэн тэр лайтай үйлийн үрүүд хариуцлага хүлээх нь тун ховор болоод байна. Энэ бол ялзарч буй засаглалын шинж л дээ. Хотын аль өнгөтэй өөдтэй, ашигтай гэсэн газруудыг хувьдаа авч, зам талбай, сургууль, эмнэлэгийн барилга шинээр барих газаргүй болтол хувхайруулж орхисон дарга өнөөдөр юу ч болоогүй аятай, бүр бод идсэн боохой шиг тааваараа тамшаалах нь үнэхээр зэвүүн. МУИС-ын нэгдүгээр байрны баруун хойд талд гэхэд л “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нийслэлийн өмчит газрыг дээрэмдээд одоо тэндээ 13 давхар барилгаа бас л зөвшөөрөлгүйгээр барьж байна. Түүний энэ барилга хууль бус гэдгийг олон хүн нотолдог. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гэдэг шиг Л.Чинбат гэгч энэ нөхрийн анх уг газраа дээрмээр авахаас эхлээд барилгаа барихаар тухайн үед хотын захирагчийн захирамж гаргуулах хүртэлх бүх үйлдэл худал хуурмаг тул одоо энэ барилгыг нураах нь бас үнэн болж таараад байгаа юм. Тиймээс ч шинэ оны өмнөхөн нийтэд зарласан хууль бусаар баригдсан 80 шахам барилгын жагсаалтанд дээрээсээ тавд бичигджээ. Олон улс судлалын дээд сургуулийн барилгын суурь, хажуугийн орон сууцтай тулгах шахам барьж буй энэ барилга, газрын маргааныг нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2010 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хурлаараа “Хууль бус тул нийслэлийн өмчид нь үлдээх”-ээр шийдлээ гэсэн байв. Гэтэл “Гацуурт”-ын захирал Л.Чинбатын хахууль, ятгалгад өртсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ 2012 оны 11 дүгээр сарын 30-нд 383/2012 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” хэмээх бичгээ гаргаж өгчээ.
Ингэхдээ зөвшөөрлийнхөө хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 30 хүртэл гэж заасан байлаа. Үүнээс нь өмнө төр өөрөө болон тус газрын бусад улсын байцаагч, дэд дарга нар нь уг барилгын ажлыг удаа дараа зогсоох акт тогтоож, байцаагчийн ийм шийдвэрийг биелүүлэхгүй болохоор нь шүүхээр баталгаажуулжээ. Энэ бол хууль эрх зүйн хүрээнд зайлшгүй л хийгдэх ёстой арга хэмжээ байв. Гэвч улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ тийнхүү гэнэт дур мэдэн эдгээр шийдвэрүүдийнхээ дээгүүр харайж, бүр нулимж хаяад мөнгө ихтэй Л.Чинбатад сайн хүн болж харагдах гэсэн боловч одоо тэр авлигын хэрэгт сэжиглэгдэж байна. Түүнийг “Эрдэм” СӨХ-ны оршин суугчид Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болж, өргөдөл гомдлоо хүргүүлжээ. Эдгээр хүмүүсийн хэргийн талаар бид дараа дахин өгүүлэх болно.
Нийслэлийн өмчийн газар буюу “Дулаан дамжуулах төв” 2007 он
“Опен хаус” ХХК-ны захирал байсан Д.Дагвадорж энэ газрыг “Гацуурт” компаний захирал Л.Чинбатад 55 сая төгрөгөөр худалдсан. Энэ газар одоо ч нийслэлийн өмч хэвээр байгаа.
Л.Чинбат нь уг дээрмийн газар дээрээ энэ 13 давхар барилгыг орон сууцны зориулалттай бас л зөвшөөрөлгүй бариулжээ.
Үргэлжлэл бий…
www.uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.