Би ардчиллын хүүхэд. Тэмцэж, тэмүүлж, өлсөж олсон ард түмний засаглал дээр зүгээр л уначихсан хүүхэд.
Туг барьж үзсэнгүй, тугал ч хариулж үзсэнгүй. Тэгэхдээ зөндөө харлаа. Тэр тэмцэл гээчийг. Гудамжнаас төр рүү, төрөөс гудамж руу тэмцлээр шат хийж болдог юм билээ. Асуудлыг шийдэж, аргадаж, уурлуулж, аргыг нь бардаг тэмцэл бас дотроо олон янз байдаг юм билээ.
Тэгэхдээ тэмцлээр шат хийж тэр дээр, өндөр дээр гарчихсан хүмүүс өнөөдөр өгссөн шатаа хураачихаж ээ. Ард түмнээр гишгүүр хийж, асуудлыг шийднэ гэж хэлчихээд алга болчихож. Хууль хэлцэж, хэдэн жилээр түрүүлэн харж, өнөөдөр биш ирээдүйд эх орноо тэжээх асуудал зөвлөлдөж байхад шалдар булдар, шат довжоо ярьлаа гэж та битгий тээр шаагаарай.
Тэгвэл таны хүүхэд тоглоомоо бусдад алдчихаад тэмцэлгүй өгөөд явуулчихна шүү. Тэгээд таниас “аваад өг” гэж дахин дахин тэмцлийн “шаналгах” хэлбэрийг сонгосоор л байх болно. Эрх мэдэлтнийг хөдөлгөх ганцхан зам нь тэмцэл юм бол өөр яалтай. Тэмцэхээс. Тоохоо больсон өлсгөлөнгийн талаар таньд дахиад нэг сануулчихъя. Дэнжийн мянганынхан юу болов.
Хөхөө өвлийн хүйтэнд хүн царайчилж, хөнжил нөмөрсөн иргэд энэ сарын эхээр өлсгөлөн зарлаж байв. Тодруулбал, Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” захын худалдаачид. Өнөөдөр тэд асуудлаа шийдсэн ч биш шийдээгүй ч биш ацан шалаанд орчихсон гэнэ. Тэгтэл хойч үеийн хэн нэгэн өлсгөлөнгийн талаар уншихдаа, өсөж дэвших ирсэн тэр түүхийн баримтыг эргүүлэхдээ эргэлзэж тээнэгэлзэх тийм л байдалд давхар ороод байна.
Үнэ цэнэ нь хаана байгаа юм бэ. Үр дүн гарахгүй байсан юм бол юунд тэгтлээ зоримог байсан юм бэ. Өлсөхийг хүсээгүй ч аргагүйн эрхэнд өлсөж, өлбөрөхийн зовлонг усаар дэвтээж яваа Монголчууд өлсгөлөн зарлах бүрийд өр зүрх рүүгээ уйлдаг байхдаа. Тиймээс өнөөдөр асуудал шийдэх гарцийг өлсгөлөнгөөс өөрөөр хардаг болмоор байна.
Үхэхээрээ айлгаж, хөхөөрөө далладаг сэтгэлийг ээжид үлдээгээд өөр гарцийг эрэлхийлцгээе. Эвлэлдэн нэгдэх эрх ашгийнхаа дагуу Үйлдвэрчний эвлэл байгуулсан ч өлсгөлөн зарлах дээрээ тултал асуудлыг хүндрүүлдэг айхтар дарга нартай хариуцлага тооцье. Эрх мэдлийг тань олгож, эргээд хариуцлага нэхэх үед нь ардчилсан сэтгэлээр иргэддээ нэг харагдаж байгаач.
Хэдийгээр “Дэнжийн мянга” зах хувийнх гэсэн мянган тодотголтой байсан ч төр түмэн нүдтэй биз дээ. Бултаараа өлсгөлөн зарлаж, бужигнаж үймээн болоогүй байхад нь багахан асуудал дээр томхон дуугарч байгаач. Төрд тийм эрх мэдэл байгаа шүү дээ. Тэгэхгүй бол хойч үе чинь өлсгөлөнгөөр олсон ардчиллаа үнэ цэнэгүйд боддог болох нь.
Бүрэн эрхээ тунхаглаж, тусгаар эрхээ зарласан тэр газар чинь гантиг нь хайрч жишүү даагаад байна. Түүх соёлын төв талбайгаа өлсгөлөнгийн биш ардчиллын газар хэвээр өвлүүлмээр байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.