Бидний өдөр тутам ярьж сонсож байдаг асуудал бол яах аргагүй Оюутолгой цаашлаад Тавантолгойн асуудал билээ.
Түүнчлэн Оюутолгойн гэрээ ашиггүйгээр хийгдсэн. УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүл гэсэн гишүүдийн шаардлага шүүмжлэл ч гарах нь ихэссэн. Тэгвэл өчигдөр Оюутолгойг тойрсон энэ мэт асуудлаар УИХ-ын гишүүн Сангийн сайд С. Баярцогт төр засгийн “Элит” төвд мэдээлэл хийлээ. Уг мэдэгдлийн үеэр тэрээр Гэрээнд гарын үсэг зурсан аравдугаар сарын 6, гэрээ хүчин төгөлдөр болсон гуравдугаар сарын 31-ний өдөр энэ төслийн тухай шинэ мэдээллийг Сангийн яам олон нийтэд хүргэж байхаар болсон гэдгийг мэдэгдсэн юм. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Оюутолгой төслийн гэрээ сайн гэрээ болсон гэдэгт итгэлтэй байна. Манайхан “Оюутолгой” төслийн гэрээг эдийн засгийн бус улс төрийн талаас нь илүү ярьдаг. Энэ онд манай эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ. Ийм үзүүлэлт гарсан орон дэлхийд байхгүй. Энэ өсөлт ирэх жил 26 хувьд хүрнэ. Энэ амжилтад Оюутолгой төсөл тодорхой хувиар нөлөөлж байгаа. Бид хийсэн гэрээндээ ОУВС, Дэлхийн банкнаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэсэн. Эдгээр байгууллагын мэргэжилтнүүд гэрээг Монголын Засгийн газарт ашигтай гэрээ болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Төслөөс 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэв. Түүний өгүүлж байгаагаар Засгийн газар ямар ч нөхцөлд 34 хувийг бууруулахгүй гэдгийг баталгаажуулжээ. Төслийн хугацаа буюу 70 жилийн туршид дэлхийн зах зээлд нэг тонн зэс 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс авах татвар хураамж төлбөр, ногдол ашгаас Монголын тал нийт 29 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Үүний 9.9 тэрбум нь төсөлд Засгийн газрын эзэмших 34 хувийн ногдол ашгийн орлого, 19 тэрбум нь төслийн татвараас Монгол Улсын төсөвт төвлөрөх хөрөнгө гэж тооцож байгаа аж. Энэ тооцоогоор Оюутолгойгоос хуримтлах мөнгөний урсгал 2017 оноос манай улсад эерэг гарахаар байгаа гэнэ. Тэрээр мөн “Оюутолгойн 20” буюу УИХ-аас Оюутолгойн асуудал дээр нэгдсэн 20 гишүүнтэй телевизийн эфирээр халз мэтгэлцээнд оролцох санал тавьсан юм. Хэрэв эдгээр 20 гишүүн зөвшөөрөөд мэтгэлцээнд оролцохыг хүсвэл Сангийн сайд С.Баярцогт бэлэн гэдгээ мэдэгдлээ.
А.Солонго
Холбоотой мэдээ
Comments are closed.