АН-ынхан парламентад олон суудал авч, өмнө олгож байсан хүүхдийн мөнгийг сэргээж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн мөнгө олгох зорилт дэвшүүлсэн юм.
Энэ аравдугаар сараас эхлэн Монгол Улсын 0-18 насны 170-аад мянган хүүхдэд сар болгон 20 мянган төгрөг өгч байхаар болсныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ онд хүүхдийн мөнгөнд олгох 59 тэрбум төгрөгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголд оруулж өгчээ. Ирэх оны төсвийг Монгол Улсын 2013 оны төсөвт суулгаж өгөх юм байна.
Энэ удаа хүүхдийн мөнгийг цахим технологи ашиглан хүндрэл багатай хялбар аргаар зохион байгуулахаар болсон байна. Урьд өмнөх шиг хүүхдийн мөнгөний дэвтэр гэдэг зүйлийг энэ удаа ашиглахгүй бөгөөд зөвхөн хүүхдийн ээж, хэрэв ээж байхгүй бол эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч нь аль нэг арилжааны банкийг өөрөө сонгон өргөдөл гаргаж хүүхэд тус бүрийнхээ нэр дээр данс нээлгэх юм байна. Ингэхдээ эцэг, эх өөрийн цахим иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг авч очих ажээ. Цахим үнэмлэхээ аваагүй бол хүүхдийн мөнгөний данс нээлгэх боломжгүй юм байна.
Хүүхдийн мөнгийг өргөдөл гаргасан сараас эхэлж олгоно. Энэ сарын мөнгийг авахын тулд эцэг, эхчүүд аравдугаар сарын 15-наас өмнө аль нэг арилжааны банк дээр данс нээлгэх юм байна. Өргөдөл гаргаснаас өмнөх сарын мөнгийг нөхөж олгохгүй, төсөвт орсон мөнгө хэмнэлт болж сургууль, цэцэрлэг, хүүхдэд зорилсан хөтөлбөр, төв зэргийг байгуулах хөрөнгө болон шилжих ажээ. Тухайлбал аравдугаар сард амжиж өргөдөл гаргахгүй бол тухайн сарын мөнгийг нөхөж олгохгүй гэсэн үг. Тиймээс эцэг, эхийн хүсэлт гаргасан тэр сараас л хүүхдийн мөнгөний эрх нээгдэх аж. Иргэд сонгосон арилжааны банк дээрээ очиж бүртгэлийн маягт авч бөглөж өгөх бөгөөд тэндээс Халамжийн ерөнхий газарт мэдээллийн бааз үүсгэн Монгобанкинд мэдээллийг ирүүлэх юм байна. Төрийн банкнаас шилжүүлсэн мөнгийг Монголбанк арилжааны банкууд руу шилжүүлэх замаар хүүхдийн мөнгийг олгохоор болжээ.
Хүүхдийн мөнгийг олгох тусгай өдөр заахгүй тул хүссэн үедээ авч болно гэдгийг С.Эрдэнэ сайд хэллээ. Хүүхдийн мөнгийг иргэн бэлнээр, эсвэл өөрийн харилцах данс, банкны картандаа шилжүүлэх авах боломжтой. Шинэ оноос эхлэн Монголбанк төгрөгийн Т карт нэвтрүүлэх тул түүгээр авч бас болох юм байна. Эцэг эхийн хүсэлтээр хүүхэд тус бүр дээр нээсэн дансыг нэгтгүүлж бас болох аж.
Асрамжийн газарт асруулж буй, хориход ял эдэлж байгаа хүүхдийн хувьд ШШБЕГ, асрамжийн газрууд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээ хийж тухайн хүүхдэд хадгаламж нээх юм байна. Асрамжийн газрын хүүхэд эцэг, эхтэй байлаа ч тэдэнд өгөхгүй, зөвхөн хүүхдэд хадгаламж нээхээр болжээ.
Гадаадад амьдарч байгаа иргэдийн хүүхдийн тухайд Монголд итгэмжлэгдсэн хүнийхээ нэр дээр данс нээлгэх эрхтэй. Хүүхдийн мөнгө авахаас татгалзсан эцэг эхчүүд хэрэв байвал тэдний мөнгийг Хүүхдийн хөгжлийн санд төвлөрүүлж хүүхэд хөгжүүлэх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.