Өвгөн бичээчийн өгүүллээс: Эртний сайхан уламжлалууд сэргэж байгаа тухай
Өвгөн бичээч би бээр эртний сайхан уламжлалууд сэргэн мандаж буй тухай баярлан хэд хэдэн удаа бичсэн билээ. Энэ сайхан уламжлал сэргэх явц эргэлт буцалтгүй явж байгааг түүний дараа болсон үйл явдлууд нотолж байна. Ялангуяа сүүлийн үед Монголын нууц товчоог давтсан үйл явдлууд тохиолдож байгааг харахад тун удахгүй эзэнт Монгол гүрэн маань сэргэх нь дамжиггүй болов гэж өвгөн миний бие баярлахаас өөр аргагүй байна.
Эзэн хаан маань Ван Хан, Жамуух болон өөрийн ах дүү нартай байлдсаны дараа элч илгээж байсан билээ. Түүний нэгэн адилаар саяхан Ардын намынхан элч илгээсэн байна. Элч Тэрбишдагва, Улаан нарт хандан Алтан, Хучар нарт хааны хэлж байсан үгийг сануулжээ.
“Та бүхэн урд нэгэн цагт тангараг өргөн харийн дайнд ханцуй шамлая, хамаг авыг хамт цуглуулъя гэж явсан биш үү? Та бүхэн бишгүйдээ буянг нь хүртэж, баянг нь болж явжээ. Одоо юунд бусдын хүрээнд хоргодон эртний нөхдөө элдэвлэн дайтна вэ?” хэмээхүйд тэр хоёр Алтан, Хучар нар шиг хулмалзан суувай.
Мөн элч Алтанхуягт хандан Жамуха андад хэлсэн үгийг сануулжээ : ”Эрт нэгэн цагт Хорхонаг Жубурын хөндийн анд бололцон, хамтарсан засагласугай гэж билээ. Анд чи өөрөө хоньчны нутаг багтахаа болив. Салж нүүсүгэй гэсэн билээ. Одоо засагт гармагц юунд анд намайг нүдэнд орсон өргөс, гуталд орсон чулуу мэт нүд үзүүрлэн аймаг байгуулах эрхийг минь үгүйсгэнэ вэ?” хэмээжээ.
Алтанхуяг сайд Жамух андын уламжлалыг санаж, эрхийг би бус Ван хан үгүйсгэсэн хэмээн мэлзэж.
За тэгээд Алтанхуяг сайд маань хүргэнээ хэрэг эрхлэх газрын орлогч даргаар томилсон байна. Мөн Тэмүүжин сайдын дүү газрын даргаар очиж, Ерөнхийлөгчийн ах агентлагийн даргаар томилсон гэх мэт олон сайхан уламжлалыг сэргээсэн үйл явдлууд болж байна. Эртнээс эхлээд эфү, тавнан нарыг албан тушаалд томилон охидоороо дамжуулан төрийг барьдаг байсан энэ уламжлал эзэнт гүрний үеэс бүдгэрэн мөхсөн байсныг сэргээж байгаа нь сайн хэрэг. Эзэн хаан маань мэргэн хүн тул орой гэрт нь охиноороо дамжуулаад зааварчилчихад өөр дээр нь асуудал тусахгүй гэдгийг мэдэж байсан хэрэг шүү дээ. Ах, дүү нар бол алуулж байсан ч үнэнч гэдгийг хэн хүнгүй мэдэх учраас томилгоог угаас ингэж хийдэг эртний уламжлал бас байсан байна.
Юун Нууц товчоо, бүр эртний сайхан уламжлал сэргэсэнийг ч дурдах хэрэгтэй. МАХН-ын дарга одоог хүртэл шүүх, шорон гээд явж байна. Бүр Түмэн шаньюйгийн үеэс найдваргүй этгээдийн хүүг барьцаалдаг эртний уламжлал байжээ. Тухайлбал, Модун Шаньюйг Зүүн Хугийн хаанд барьцаагаар явуулж байсан баримт ч байна. Харин орчин цагийн Модун маань Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оймстойгоо оргон ирж чадвал эртний түүх нэгмөсөн давтагдах нигууртай байна.
Олон аймаг эзлэгдсэний дараа тэднийг хольж хутган, шинэ зохион байгуулалтад оруулж, бослого гаргах боломжгүй болгодог байсан эзэн хааны бодлогыг мөн л сэргээж байна. Яамдууд бүтцийн өөрчлөлтөнд орж, тэнд ажиллагсад орондоо орох завгүй орчилдон бужигнаж байгаа нь энэ бодлого сэргэж байгааг харуулж байна.
Найдваргүй овог аймгийнхны дунд туршуул тавьж, хооронд нь матуулах арга хэрэглэж байсан. Одоо тэгвэл хэн гэдэг албан хаагч машинаараа ажилд ирсэнийг илрүүлэн, матаж, шинэ эзэндээ нэр нүүр олох тэмцээн зарласан байна. Хэн машинаа 2 байшингийн цаана нууж тавьсаныг илрүүлэх нь шинэ засгийн итгэлтэй зарц хэмээхийгээ ойлгуулах хамгийн хялбар арга бөлгөө.
Агь, жонон, хунтайж нарыг аймгийн ахлагчдын орлогчдоор тавьж эхэлсэн тухай өмнө нь дурдаж байсан. Зарим гавъяа байгуулсан нөхдийг Хорчи ноён шиг хорин хатнаар шагнах асуудал ч мөн хэлэлцэгдэж байна. Онцгой гавъяа байгуулсан нөхдийг дархан цолоор шагнаж, 9 ялаас хэлтрүүлэх шийдвэр ч гарч мэдэхээр байна. Заримд нь түүнийгээ хэлчихсэн бололтой, эхний гэмүүдээ эрээ цээргүй хийх болсон байна.
Албат ардуудыг давраахгүйн тулд зарим эрхийг үүрэг болгон хувиргах ажлыг эхлүүллээ. Сонгууль заавал өгөх, эс бол есөн эрүү тулгах шийдвэр гарах гэж байна. Ер нь хүүхэд гаргах, эцэг эхээ халамжлах, үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх, өгүүлэл тавихгүй байх, салаавчийг тэсвэртэй давж гарах гэх мэтийн шинэ шинэ үүргүүд ар араас нь бэлтгэгдэж байна. Алба гувчуурыг нэмж, сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажил ч мөн идэвхтэй хийгдэж байна. Хамжлагат ёсыг сэргээх асуудлыг ч идэвхтэй ярилцаж байна.
Эртний сайхан уламжлал сэргэж буй тухай энэ удаагийн өгүүллээ энэ хүрээд өндөрлөе. Дараа дахин өгүүлэмз.
#Өвгөн_Бичээч
Холбоотой мэдээ
Comments are closed.