Манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндхэн болжээ. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байна. Евро бүсийн эдийн засгийн хямрал гүнзгийрч, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, зүүн өмнөд азийн Индонези, Энэтхэг зэрэг улсуудын үнэт металлын худалдан авалт буурсан нь манайд улсын эдийн засагт доргилт өгч эхэллээ. Экспортын бүтээгдэхүүний орлого унаж, үүнийг дагаад импорт нэмэгдсээр байгаа.
Монгол Улсын төсвийн орлого алт, зэс, нүүрс, молибдени зэрэг бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзэлээс ихээхэн хамааралтай. Эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байвал төсвийн орлого давж биелээд, ханш доошилбол орлого цөм дутаж, төсвөө танах уу, яах уу гээд сандралддаг. Манай улсын “мөнгөний авдарт” -ыг дүүргэхэд чухал нөлөөтэй, стратегийн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн огцом доошилж байна.
Зэсийг нэг тонн тутамд 9700 гаруй ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл оны эхний долоон сарын дунджыг харахад нэг тонн тутмаас 1800 ам.долларын алдагдал хүлээж байна.
Мөн нүүрсний экспортод ихээхэн найдлага тавьж байв. Төлөвлөсөн үнэ нь одоогийн байдлаар 30 хувиар унасан байна. Энэ жил нүүрсний экспорт эрс нэмэгдэнэ, 30 гаруй сая тонн нүүрс гадагшаа гаргаж зараад баяжина гээд байсан ч эхний долоон сарын байдлаар 10 орчим сая тонныг л борлуулжээ.
Нөгөөтэйгүүр бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэх гэж сонгуулийн сүүлийн жил гээд төсвийг данхайлгасан. Одоо ч ахмад настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх сая төгрөгийнхөө 340 мянгаас бусдыг нь тарааж чадахгүй, санхүүжилтгүй сууж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж олгодог зээл ч төрийн данс улайж хүнд байгаа шалтгаанаар зогсчээ.
Сонгуулийн өмнө 21 мянган төгрөгөө олгож дуусах гэж Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай, энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл авсан гэж байгаа. Түүнийгээ төлөхийн тулд төсвийн орлогыг бүрдүүлэхэд хамаг анхаарал, хүчээ шавхахгүй бол байдал улам дордоно. Гэхдээ хэнчээн хичээлээ гээд зэс, нүүрсний үнэ нь дэлхийн зах зээл дээр навс доошлоод байвал төсвийн зарлагаа танаж, 2012 оны төсөвт тодотгол хийж, бүсээ чангалахаас аргагүй байдалд хүрнэ.
Одоогийн байдлаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалдаад байгаа аж.
Ядаж байхад улсын төсөвт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд, хөгжлийн түүчээ болно гэж байгуулсан “Хөгжлийн банк” нь дараа болж өрөнд унагагч болж хувирлаа. Санхүүжилт шаардлагатай гээд гадаад зах зээлээс чамгүй их хөрөнгө босгочихсон. Гэтэл тэрхүү хөрөнгөөр санхүүжилт хийх төсөл, хөтөлбөрүүд нь бэлэн болоогүй учир хий дэмий хүүг улсын төсвөөс төлж байна.
Хөрөнгийн эх үүсвэр олж авчихаад манай төслүүд бэлэн болоогүй, хүүг төлөхгүй гэх эрхгүй. Ийм ажлын уялдаа тааруу, хурд муутайгаас шалтгаалаад асар их хөрөнгө үхмэл байдалтай байгаа юм. Хөгжлийн банкны ашиглагдахгүй байгаа энэ эх үүсвэрийн хүүгийн төлбөрт жилд 36 тэрбум, өдөрт л 90 мянган ам.долларын хүү төлөх тооцоо гарчээ.
Ямартай ч шинэ Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, эх үүсвэрийг зүгээр байлгаад байж болохгүй, хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд санхүүжилт хийж, үлдснийг нь богино хугацааны эргэлтэд оруулж, ядаж хүүгийн зардлыг нь өөрөөр нь төлүүлэх аргыг сүвэгчил гэж хариуцсан хүмүүст үүрэг өгсөн гэсэн. Тиймээс замын санхүүжилтэд багагүйг зарцуулж, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас зэрэг богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүдэд байршуулахаар болж байгаа юм билээ.
Монголын төсвийн орлогыг гол бүрдүүлэгч зэсийн ханш дэлхийн зах дээр хэрхэн хэлбэлзэж байгааг сонирхуулъя. 2012 оны эхний 7 сарын зэсийн дундаж үнэ 8020,43 ам.доллар байна.
2011 оны эхний сарын дундаж үнэ 9498,42 ам.доллар байсан гэхээр ханш 15,56 хувиар буурсан гэсэн үг.
2012 оны нэг, хоёрдугаар сард зэсийн үнэ түр нэмэгдэж байсан. Энэ үнийн өсөлтөд Холбооны нөөцийн газрын дарга Ben Bernanke-ийн хийсэн мөнгөний зээлийн хүүг 2014 он хүртэл доод хэмжээнд байлгах мэдэгдэл, АНУ дахь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байгаа байдал, Лондонгийн металлын биржийн нөөц буурч 315000 тн-д хүрсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэж хэлж болох юм.
Харин гуравдугаар сараас зэсийн үнэ буурсаар долдугаар сарын дундаж үнэ 7589 ам.доллар болов. Энэ үнийн бууралтад Евро бүсийн эдийн засгийн хүнд байдал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, зэс худалдан авалтын бууралт зэрэг үндсэн шалтгаанууд нөлөөлсөн гэж шинжээч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэдний таамгаар бол Шанхай болон Лондонгийн Металлын бирж дээр нэмэгдэж байгаа зэсийн нөөцийн хэмжээ, АНУ-н ажлын олголтын байдлын тухай таагүй мэдээлэл зэргээс шалтгаалан богино хугацаанд зэсийн үнэ нэмэгдэхгүй бололтой.
Сүүлийн үед Хятадын худалдан авалтын үзүүлэлт үнэхээр буурчээ. Мөн Ази Европын хөрөнгийн зах зээлийн таагүй байдал, еврогийн ханшны бууралт зэрэг нь үнийн бууралтад гол нөлөө үзүүлсээр байна.
(Эх сурвалж-metalprices.com)
“Эрдэнэт” үйлдвэр олон жил төсвийн “саалийн үнээ”, төсвийн орлогын гол бүрдүүлэгч байж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд зэс, нүүрсний экспорт нэмэгдэж, илүүтэй жин дарах болсон билээ. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт оруулах хөрөнгө чамлалтгүй их. Энэ үйлдвэрийн экспортын орлого ч буурах хандлагатай болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдэж байв.
2011 онд барууны орнуудын молибдений баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж Хятадын импортын хэмжээ нилээд буурсантай холбоотойгоор молибдений ханш унаж эхэлсэн. Үнийн энэхүү бууралтын байдал 2012 оны эхний хагаст ч, одоо ч үргэлжилж байна.
2012 оны эхний 7 сарын молибдений дундаж үнэ 30697,76 ам.доллар байв. Үүнийг 2011 оны эхний эхний 7 сарын дундаж үнэ 36826,86 ам.доллартой харьцуулахад 16,64хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 1 сарын дундаж үнэ 31038 ам.доллар байсан бол гуравдугаар сараас эхлэн бусад металлын адил буурсаар 7-р сарын дундаж үнэ 27890,91 ам.доллар болжээ.
(Эх сурвалж-metalprices.com)
Д.Доржпагма www.times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.